Миний анхны 10 сая төгрөгийн хадгаламж

Их сургуулиа төгсөөд өөрийн гэсэн хадгаламжгүй 2 жил явсны эцэст хадгаламж нээлгэе, сар бүр тогтмол мөнгө хуримтлуулъя гэдэг шийдвэр гаргаж байсан. Эхэндээ цалингийнхаа 10 хувь болох 100,000 төгрөгийг хадгалж байв.

Ард Актив ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Г.Билгүүн

Та хуримтлалтай юу? Анхны хуримтлалаа хэзээ эхлүүлж байсан тухайгаа эргэн санацгаах уу. Энэ дурсамж бол хуримтлалтай хүн бүрийн хувьд амьдралдаа гаргасан ухаалаг шийдвэрүүдийн нэг гэдэгтэй санал нийлэх бизээ. Ард Актив ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Г.Билгүүнээс анхны 10 сая төгрөгийн хадгаламжаа хэрхэн бий болгосон, анхаарах зүйлсийн талаар зөвлөмж хүргэж байна.

Анх хэзээ хуримтлал үүсгэх тухай бодож эхлэн, хэр хугацааны дараа бодитоор хэрэгжүүлсэн бэ?

Хадгаламж яагаад хүнд хэрэгтэй болдог тухайд анх 18 насандаа ойлгож авснаас хойш өөрийн хуримтлал болох хадгаламжаа 23 насандаа үүсгэж эхэлсэн. Хамгийн анхны хадгаламжийг аав ээж маань хүүхдийнхээ ирээдүйд зориулан мөнгөө цуглуулж, орон сууц түрээслэх биш худалдаж аваасай гэдэг шийдвэр гаргасан нь маш зөв шийдвэр байсан санагддаг, надад маш их хэрэг болсон.

Хуримтлалаа эхлүүлэхэд саад бэрхшээлтэй зүйлс тохиолдож байсан уу, тийм бол хуваалцаач?

Сургуулиа төгсөж ажилд ороод 2 жил болсны дараа анхны хуримтлал болох хадгаламжаа нээсэн байдаг. Аль болох мөнгөө өгсөх боломжийн талаар судалж байгаад хадгаламж дээрээ нэмж 10 сая төгрөгийн цалингийн зээл авч, танилынхаа ломбардад хөрөнгө оруулалт хийж байсан. Тухайн үед цалингийн зээлээ анх удаа авч байгаа, бас анхны зээл гэдгээр нь жилийн 27.6 хувь, сарын 2.3 хувийн хүүтэй зээл авсан. Харин ломбардад оруулсан хөрөнгө оруулалтаасаа жилийн 28 хувийн хүүтэйгээр өгөөж хүртсэн.

Тэр үед хөрөнгө оруулалтын багахан хэсэг нь өөрийн хуримтлал болох хадгаламжаас, дийлэнх хэсэг нь 27.6 хувийн хүүтэй зээл байсан тул хүсэж байсан хэмжээндээ ашиг олж чадаагүй. Эргээд бодоход, санхүүгийн сахилга бат суугаагүй байсан тул хөрөнгө оруулалтын зарим хэсгийг хугацааны дундуур үрж, мөн авсан зээлээ төлж дуусгахад 8 сая төгрөгтэй болсон байсан. Эндээс эхлэн, өөрийнхөө ойлгодог зүйлд хөрөнгө оруулалт хийх, хэрхэн санхүүгийн сахилга баттайгаар хуримтлал үүсгэх талаар илүү судалгаа хийхэд анхаарлаа хандуулдаг болсон. Мөн сар бүр тогтмол хуримтлал хийх нь богино болоод урт хугацаандаа ямар үр дүнтэй талаар судалж, өөр дээрээ бодитоор хэрэгжүүлж эхэлсэн.

Хэдий хугацааны дотор 10 сая төгрөг хуримтлуулж чадсан бэ?

Их сургуулиа төгсөөд өөрийн гэсэн хадгаламжгүй 2 жил явсны эцэст хадгаламж нээлгэе, сар бүр тогтмол мөнгө хуримтлуулъя гэдэг шийдвэр гаргаж байсан. Эхэндээ цалингийнхаа 10 хувь болох 100,000 төгрөгийг хадгалж байв. Сар бүр хэмнэх боломжтой зардлаа тодорхойлоод, хуримтлалын дүнгээ тогтмол нэмэгдүүлсэн. Хадгаламж нээснээс хойш 18 сарын дараа гэхэд анхны 10 сая төгрөгийн хуримтлал маань бүрдэж байсан даа. Хөрөнгө оруулалтаас ногдол ашиг авах эсвэл урамшуулал авах үедээ шууд хадгаламж руугаа хийж эхэлснээр, богино хугацаад өөрийнхөө хүслийн хуримтлалыг бий болгож чадсан.

Хуримтлуулсан 10 сая төгрөгөө юунд зарцуулсан бэ? Анхны зорилгынхоо тухайд?

Ломбардаас хөрөнгө оруулалтаа гаргаад дараа нь, мөнгөө илүү өсгөх санаатай 11.5 сая төгрөгөөр хувьцаа авч хөрөнгө оруулалт хийсэн боловч 1 жил 5 сарын дараа гэхэд 8.7 орчим сая төгрөгийн үнэлгээ бүхий хувьцаатай болсон байв. Тухайн үед 2.8 сая төгрөгийн алдагдал хүлээхээс гадна ямар ч өгөөжгүйгээр мөнгөө 1 жил гаруй түгжиж байснаа ойлгосон.

Анхны зорилго маань мөнгөө өсгөх байсан боловч дахиад л би өөрийн сайн мэдэхгүй зүйлдээ хөрөнгө оруулалт хийснээсээ болж алдаа гаргачхав. Тэр үед өөрийн эрсдэл даах чадвараа тодорхойлж хөрөнгө оруулалтаа хэрхэн тараан байршуулах, хөрөнгө оруулалтынхаа хэдэн хувийг эрсдэл өндөртэй зүйлд оруулахаа шийдэх ёстой юм байна гэдгийг ч мөн мэдэж авсан.

Харин одоо би нийт хуримтлалынхаа 30 хувийг эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтад, үлдэх 70 хувийг тогтмол өгөөжтэй хадгаламжинд байршуулж байна. Залуу хүний хувьд хуримтлал үүсгэхэд тэвчээргүй байдал, санхүүгийн сахилга батгүй байдал, санхүүгийн төлөвлөлтгүй байх зэрэг нь саад болдог гэж санагддаг.

Анх хуримтлал үүсгэж байхад:

Нэг сарын хуримтлуулах мөнгөө өөрийн хүсэж буй зүйлдээ зарцуулмаар, шинэ загварын гар утас худалдаж авмаар эсвэл хуримтлалаараа гоё машин авч унамаар үе их гардаг. Гэвч таны цалин буусан эсвэл та ямар нэгэн орлого олсон л бол тухайн сардаа өөрт хэрэгцээтэй дүнгээ тодорхойлоод, хуримтлуулж болох дүнгээ тооцоолж хадгаламж руугаа шилжүүлдэг хэвшилтэй болох хэрэгтэй. Сар бүрийн зардлаа тооцож гаргахын хажуугаар өөрийн хэмнэх боломжтой зардлаа тодорхойлж, хуримтлалаа нэмэгдүүлээрэй.

10 сая төгрөгийг 3 жилийн дотор, мөн 5 жилд хуримтлуулахад сард хэдийг хадгалах талаар тооцоолол хийж өгнө үү.

Та сар бүр 220,000 төгрөгийг 3 жилийн турш жилийн 16 хувийн хүүтэй хадгалуулбал 10,093,166 төгрөгтэй болох боломжтой.

Харин сар бүр 120,000 төгрөгийг 5 жилийн турш, мөн жилийн 16 хувийн хүүтэй хадгалуулбал 10,249,867 төгрөгтэй болох боломжтой.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2020 оны 05 сарын 6, 04:00

    Эдийн засаг саарах эрсдэлтэй үед хувийн санхүүгийн удирдлага чухал

    featured
    2020 оны 05 сарын 22, 04:00

    Эдийн засаг, Хувийн санхүү, Төлөвлөлт, Аз жаргал, Амьдрал

    featured
    2020 оны 05 сарын 27, 04:00

    Хуримтлал үүсгэх 5 арга

    featured
    2020 оны 06 сарын 9, 04:00

    Хувь хүний зээлийн ангилал буюу Монголбанкны “хар, саарал” жагсаалт яагаад чухал вэ?