Хувийн санхүүгээ хянах аргууд

Хувийн санхүүгээ хянах хамгийн сайн аргын нэг бол хувь хүн орлого зарлагын тайлангаа сар бүр гаргаж, тухайн сард хэр үр дүнтэй ажилласан болохоо хянахаас эхэлнэ. Үүнээсээ “Би хөрөнгө бүтээж байна уу, өр зээл бүтээж байна уу” гэдгээ харах боломжтой юм.
munh erdene personal finance.jpg

Санхүүгээ зөв удирдан, тогтмол хянах аргуудыг Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Дотоод Аудитор М.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

Хувь хүн орлого зарлагаа тогтмол хянадаг байх нь тухайн хүний санхүүгийн зохистой зарцуулалтад ямар нөлөө үзүүлэх вэ?

Хувийн санхүүгээ хянах хамгийн сайн аргын нэг бол хувь хүн орлого зарлагын тайлангаа сар бүр гаргаж, тухайн сард хэр үр дүнтэй ажилласан болохоо хянахаас эхэлнэ. Үүнээсээ “Би хөрөнгө бүтээж байна уу, өр зээл бүтээж байна уу” гэдгээ харах боломжтой юм.

Хүн бүр өөрт ногдсон аливаа хөрөнгөө удирдан зарцуулж байдаг. Жишээ болгоход, миний хувьд сар бүрийн сүүлийн өдөр өөрийнхөө мөнгөн орлого, зарлагыг хянаад товч хялбар тайлан гаргаж, санхүүгээ хянадаг. Тэрхүү  тайландаа, орлогоо ямар эх үүсвэрээс олсон, зардал, зээл төлөлт хийх, хадгаламж хуримтлал үүсгэх, бонд хувьцаа худалдаж авсан дүн, авлагын тооцооны хэмжээ  зэргээр гаргасан мөнгөө ангилан үзэж хянадаг. Тайлангаас ялангуяа зардлын дүндээ нилээд анхаарал хандуулж, дараа сар зардлаа танах уу эсвэл энэ хэвээр байх уу гэдгээ шийддэг. Хувь хүний сар бүрийн орлого, зарлагын тайлан гаргахдаа өөрийнхөө хамгийн их үйлчилгээ авдаг банкны тухайн сарын хуулга, зарцуулсан бэлэн мөнгөний зарлагын мэдээлэл байхад хангалттай. Гол нь сар бүр тогтмол тайлангаа гарган хянаж байх нь чухал гэдгийг энд онцолмоор байна.

Санхүүгийн дэг журамтай байдлыг та юу гэж тодорхойлох вэ?

Миний бодлоор санхүүгийн дэгтэй байдал гэдэг нь хэрэглээ бүрээ хянах юм уу эсвэл өөрөөсөө харамлаад хямгадаад байхыг ийн нэрлэхгүй байх гэж санагддаг. Зайлшгүй шаардлагатай, хэрэгцээтэй зүйлээ бол худалдан авах хэрэгтэй. Хүн бүр өөртөө тохирсон санхүүгийн дэг журамтай байх ёстой болов уу. Жишээ нь шаардлагагүй, хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэхгүй, өгөөжгүй зүйлд хэт их мөнгө үрэхгүй байх зэргээр шийдэж болно. Туршлагаас харахад, жижиг зардлуудыг таналаа гээд хангалттай хуримтлал үүсгэж чадахгүй гэж боддог, харин  амьдралын хэв маягаа өөрчлөх, томоохон худалдан авалт болон үргүй зардалдаа анхаарал хандуулах нь зөв.                                         

Хувийн болон өрхийн санхүүгээ зөв төлөвлөж, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн гэнэтийн эрсдэлүүдээс сэргийлэхэд туслах ямар нэгэн арга зөвлөөч гэвэл?

Хамгийн энгийн зөвлөгөө бол өрхийн орлогосоо тодорхой хувиар нь санхүүгийн хуримтлал үүсгэх явдал юм. Жишээ нь танай өрхийн орлого 1 сая төгрөг бол 10%, 2 сая төгрөг бол 20%, 3 сая төгрөг бол 30% гэх зэргээр орлого ихсэх тусам хувийг нь ихэсгэхийг зөвлөнө. Ингэснээр таны үүсгэсэн хуримтлал ирээдүйн амьдралын баталгаа болохоос гадна,  эрсдэлийг хаах хэрэгсэл, орлого олох боломж бүхий санхүүгийн хөрөнгө гэж ойлгох хэрэгтэй. Энэ хуримтлалаа зөвхөн банкны хадгаламжид хийх бус зарим хэсгийг нь хувьцаа бонд авах, харин заримыг нь ХЗХ, ББСБ-д хадгаламж, итгэлцэл эзэмших байдлаар байршуулбал ирээдүйд хүртэх таны орлого өсөхөөс гадна эрсдэлээ тараан байршуулж буйн нэг хэлбэр болдог. Орлого нэмэгдлээ гээд тансаг хэрэглээг шүтэх биш, учиргүй үнэтэй машин авах ч биш, бас хэрэгцээ шаардлага нь мэдрэгдэхгүй том орон сууц авахын нэр биш юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Санхүүгийн зөв төлөвлөлт бол хуримтлал үүсгэж, түүний үр шимээр нэмэлт өгөөж олох, хүүгийн, ногдол ашгийн орлого олох аргууд руу чиглүүлж өгөн, өрхийн зардлаа хянах арга юм.

Хүн бүр нягтлан бодогч, эдийн засагч болдоггүй ч бүгд өдөр тутмын амьдралдаа мөнгөтэй харьцдаг. Зээлийн дарамтад орж, санхүүгээ яаж зохицуулахаа мэдэхгүй байгаа хүмүүс ч цөөнгүй. Санхүүгээ хэрхэн амжилттай төлөвлөх вэ?

Танд байгаа санхүүгийн хөрөнгө нь маш үнэ цэнтэй орлого оруулах хэрэгсэл бөгөөд таны авсан зээл бол өнөөдрийн үүрэг хариуцлага, гэвч зээлийг графикын дагуу ирээдүйд төлөгдөх шаардлагатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Зээлийн дарамтанд орсон болон санхүүгээ хэрхэхээ мэдэхгүй байгаа хүмүүст зөвлөхөд, эхлээд хувь хүн өөрийн эзэмшлийн бүх хөрөнгөө тоолоод  үнэлгээний тооцоолол хийж, төлөхөөр хүлээгдэж байгаа бүх өр зээлээ ч мөн тооцоод үзэх хэрэгтэй. Одоо байгаа хөрөнгөөс төлөх нийт өр, зээлээ хасвал хувь хүний өөрийн яг цэвэр хөрөнгө гардаг. Хэрвээ тухайн хүний цэвэр хөрөнгө нь хасах утгатай гарах юм бол та өөрийгөө санхүүгийн хүндрэлд оржээ гэж ойлгож болно. Энэ дарамтаас гарахын тулд  аль болох их үнэ хүрэх хөрөнгөө зарж, тухайн мөнгөөрөө хамгийн өндөр хүүтэй болон зайлшгүй график тулсан зээлээ төлөх, зарим зээлийн гэрээнийхээ нөхцлийг зээлдэгчидтэй тохиролцон өөрчлөх хэрэгтэй. Санхүүгийн дарамтад орлоо гээд утсаа авахгүй зугтаах биш харин ч нөхцөл байдлаа судлан санхүүгийн зөвлөгөө авч, тэрхүү асуудлаа даван гарах нь чухал юм.

Санхүүгийн дарамтад орохгүй байхын тулд та зээл авах бүртээ өөрийн бүх хөрөнгийг тооцож үзээд, нийт хөрөнгийнхөө 50 хувиас хэтрэхээргүй хэмжээнд таны нийт зээлийн дүн байх ёстойг анхаарч үзээрэй.  Мөн цалингийн зээл авах гэж байгаа бол татварын дараах цэвэр орлогын 40 хувиас хэтрэхгүй байснаар та санхүүгийн дарамтад орохоос сэргийлж чадна.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2020 оны 05 сарын 6, 04:00

    Эдийн засаг саарах эрсдэлтэй үед хувийн санхүүгийн удирдлага чухал

    featured
    2020 оны 05 сарын 22, 04:00

    Эдийн засаг, Хувийн санхүү, Төлөвлөлт, Аз жаргал, Амьдрал

    featured
    2020 оны 05 сарын 27, 04:00

    Хуримтлал үүсгэх 5 арга

    featured
    2020 оны 06 сарын 9, 04:00

    Хувь хүний зээлийн ангилал буюу Монголбанкны “хар, саарал” жагсаалт яагаад чухал вэ?