Бонд гэж юу вэ?

Бонд буюу өрийн бичиг нь үнэт цаасны нэг төрөл юм. Хөрөнгө оруулагчид компанийн бондод хөрөнгө оруулж байгаа нь бонд гаргаж буй компанид мөнгө зээлж байгаа гэсэн үг

Бонд буюу өрийн бичиг нь үнэт цаасны нэг төрөл юм. Хөрөнгө оруулагчид компанийн бондод хөрөнгө оруулж байгаа нь бонд гаргаж буй компанид мөнгө зээлж байгаа гэсэн үг ба компани үүний хариуд хөрөнгө оруулагчид үндсэн мөнгө болон хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө. Бондыг компаниас гадна засгийн газар гаргаж болдог.

Бондыг Хувьцаатай харьцуулбал

Та хувьцаанд хөрөнгө оруулснаар тухайн компанийн хувийг эзэмшиж байгаа гэсэн үг бөгөөд компанийн зарласан ногдол ашиг болон ханшийн зөрүүнээс ашиг олох боломжтой. Харин та бондод хөрөнгө оруулбал компанийн хувиас эзэмшихгүй ба компани хэдий хэмжээний ашиг, алдагдалтай ажиллах, хувьцааны ханшийн зөрүүний хэлбэлзэлтэй байгаагаас үл хамааран эргэн төлөлтийн хуваарийн дагуу хүү, үндсэн төлбөрийг авах юм.

Хэрэв компани санхүүгийн бэрхшээлтэй тулгарвал хүү, үндсэн төлбөрийг цаг тухайдаа  төлөх нь хууль ёсны үүрэг хэвээр байна. Компани дампуурах үед бонд эзэмшигч нь зээлсэн мөнгөө хувьцаа эзэмшигчдээс давуу эрх эдлэн түрүүлэн гаргуулж авдаг.

Бусад хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний адилаар бонд нь тодорхой хэмжээний эрсдэлтэй байдаг. Хамгийн гол эрсдэл нь бонд гаргагч компани үндсэн төлбөр, хүүг цаг тухайд нь төлж чадахгүй байх юм. Тийм учир та бондод хөрөнгө оруулалт хийхдээ компанийн санхүүгийн тайлан, үзүүлэлт дээр анхаарал хандуулаарай. Найдвартай компанийн бондоос авбал мэдээж найдвартай эргэн төлөгддөг.

Компаниуд бондын татан төвлөрүүлсэн эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх, өөрийн хувьцаагаа эргүүлэн дуудах (халааслах), хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах, өрийг дахин санхүүжүүлэх зэрэг үйл ажиллагаанд зарцуулдаг.

Бондыг хугацаагаар дараах байдлаар ангилдаг. Үүнд:

  • Богино хугацаат (3 жилээс бага)

  • Дунд хугацаат (4-10 жил)

  • Урт хугацаат (10 жилээс дээш)

Хугацаа нь уртсах тусам танд өндөр өгөөж санал болгох ба тэр хэмжээгээр эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг юм.

Түүнчлэн бонд гаргаж буй компани үндсэн төлбөр болон өгөөжөө өгөх чадвараас хамаарч ангилдаг

Тухайлбал Олон улсын хөрөнгийн зах зээл дээр зээлжих зэрэглэл тогтоох агентлагууд нь бонд гаргаж буй компани төлбөрөө төлөх чадварын үнэлгээг тогтоодог ба зээлжих зэрэглэл тогтоох агентлагууд тухайн бондын үнэлгээг үе үе шалгаж, нөхцөл байдал өөрчлөгдсөн эсэхийг хянана.

Тэдгээрийн зээлжих зэрэглэл дээр үндэслэн хөрөнгө оруулалтын зэрэглэлийн (investment grade) болон хөрөнгө оруулалтын бус зэрэглэлийн (non-investment grade) гэж ангилдаг. Хөрөнгө оруулалтын зэрэглэлийн бонд нь хөрөнгө оруулалтын бус зэрэглэлийн бондоос илүү хугацаандаа төлөгдөх магадлал өндөр гэж үздэг. Хөрөнгө оруулалтын бус бонд нь өндөр хүүг амладаг бөгөөд түүнийхээ хэрээр өндөр эрсдэлийг дагуулдаг.

Бондыг хүүгээс (купон) нь хамааран:

  • Тогтмол хүүтэй (Fixed)

  •  Хөвөгч хүүтэй (Variable)

  • Хямдруулсан хүүтэй (Zero) гэж ангилдаг.

Хөвөгч хүүтэй (Variable)- Жишээ нь Бодлогын хүү+7% гэвэл төв банкны бодлогын хүү өөрчлөгдөхөд бондын хүү даган өөрчлөгдөх байдлаар уясан байдаг.

Хямдруулсан хүүтэй (Zero)- Бондын нэрлэсэн үнээс доогуур хямдруулсан үнээр гаргадаг хүүгүй бондыг хэлнэ.

Түүнчлэн бонд гаргаж буй хэлбэрээс хамаарч нээлттэй буюу биржээр арилжаалагддаг, хаалттай буюу цөөн тооны хөрөнгө оруулагчдад санал болгодог 2 төрөл байна.

Бонд гаргагч компани дампуурахад юу болдог вэ?

Хэрэв компани бондын үндсэн төлбөр хүүгээ төлж чадахгүй дампуурах нөхцөл үүссэн тохиолдолд бонд эзэмшигч мөнгөө нэхэмжлэх эрхтэй. Бондын нөхцөлөөс хамаарч, компани аль бондын төлбөрийг эхэлж төлөх дарааллаа гаргадаг. Эхэлж төлөх эсэх нь баталгаат бонд, барьцаагүй бонд зэргээс шалтгаална.

Барьцаагүй бонд нь ихэвчлэн компанийн хөрөнгө, мөнгөн урсгал дээр суурилдаг. Барьцаагүй бондыг senior болон junior гэж ангилдаг. Хэрэв компани үүргээ биелүүлээгүй тохиолдолд senior барьцаагүй бонд эзэмшигч нь junior барьцаагүй бонд эзэмшигчээс бондын төлбөрийг түрүүлж нэхэмжлэх давуу эрхтэй.

Бонд эзэмшигч нь ганцхан бонд гаргагч компанийн зээлдэгч биш юм. Жишээлбэл, компани банкнаас, нийлүүлэгчээс, харилцагчаас, тэтгэвэр авагчаас болон бусдаас мөнгө зээлсэн байж болох бөгөөд зарим зээлдэгч нь бонд эзэмшигчээс түрүүлж өр төлбөрөө нэхэмжлэх эрхтэй. Өр төлбөрөө нэхэмжлэх зээлдэгчийн дарааллыг шүүхээс зааж өгдөг.

Бондын санхүүгийн нөхцөл гэж юу вэ?

Компанийн бондын санхүүгийн суурь нөхцөлд нэрлэсэн үнэ, хугацаа, купонын хувь, дуусах хугацаа зэрэг ордог. Энгийнээр тайлбарлавал:

  • Нэрлэсэн үнэ- Бондын нэгжийн үнэ

  • Купонын хэмжээ- Бондын өгөөж буюу хүү

  • Хугацаа- Бондын нийт хугацаа

  • Дуусах хугацаа- Таны бондын дуусах хугацаа буюу бондын үндсэн төлбөрийг авч дуусах хугацаа

  • Хүү (Купон) төлөх давтамж- Сар, улирал, жил гэх мэт хүүгээ төлөх давтамж

  • Үндсэн төлбөр төлөх давтамж-Сар, улирал, жил гэх мэт үндсэн төлбөрөө төлөх давтамж

Бондын эрсдэлүүд

Өр төлбөрөө төлж чадахгүй байх эрсдэл

Өр төлбөрөө төлж чадахгүй байх эрсдэл нь бонд гаргагч компани эргэн төлөлтийн хуваарийн дагуу хүү болон үндсэн төлбөрөө төлж чадахгүй байх юм. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр зээлжих зэрэглэл тогтоох агентлагууд нь бонд гаргаж буй компани төлбөрөө төлөх чадварын үнэлгээг тогтоодог. Зээлжих зэрэглэл тогтоох агентлагууд бондын үнэлгээгээ үе үе шалгаж, нөхцөл байдал өөрчлөгдсөн эсэхийг хянадаг. Харин Монголд одоогоор энэ жишиг тогтоогүй байгаа бөгөөд Андеррайтерийн компани нь бонд гаргаж буй компаниа сайтар судалсны үндсэн дээр харилцагчдадаа санал болгодог.

Бусад эрсдэл- Төв банкны бодлогын хүү, коронавирус гэх мэт эдийн засгийн байдлаас шалтгаална.

Хэрхэн бондын эрсдэлээ бууруулах вэ?

Хөрөнгө оруулагчид хөрөнгөө төрөлжүүлэх замаар эрсдэлээ бууруулах боломжтой. Жишээ нь хөрөнгө оруулагчид өөр өөр хугацаатай бондод хөрөнгө оруулах, богино, дунд, урт хугацаат бондод хөрөнгөө тархаан байршуулах, компани, засгийн газрын бонд, орон нутгийн бонд зэрэг бонд гаргагчаар төрөлжүүлж болно.

Эрсдэл даах чадвартай хөрөнгө оруулагчид өндөр ашиг олохын тулд илүү эрсдэл өндөртэй бондод хөрөнгө оруулдаг. Харин консерватив хөрөнгө оруулагчид эрсдэл өндөртэй бондоос зайлсхийж чанартай бондыг илүүд үздэг.

Зарим хөрөнгө оруулагчид бондыг шууд эзэмшихийн оронд хөрөнгө оруулалтын сан, биржээр арилжаалагддаг сангуудад (ETF) хөрөнгө оруулж болно. Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаасаа өмнө  өөрийн ойрын болон хэтийн зорилго, санхүүгийн нөхцөл байдалдаа үндэслэн шийдвэр гаргавал сайн.

Авах бондоо хэрхэн судлах вэ?

Бондын танилцуулга нь бонд гаргагч компаниас гаргаж буй бонд гаргахтай холбоотой танилцуулга, бондын нөхцөл, санал болгож буй бондын эрсдэлүүд, компанийн санхүүгийн байдал, төлөвлөгөө, татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтыг тусгасан байдаг. Иймээс бондын танилцуулгыг анхааралтай унших хэрэгтэй Хэрэв хөрөнгө оруулалтын сан эсвэл ETF-г сонирхож байвал эдгээр хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд нь мөн бүтээгдэхүүний танилцуулга гаргадаг. Түүнчлэн улирал бүр тогтмол тайлангаа гаргадаг учир байнгын мэдээлэл авах боломжтой байдаг учир сайтар танилцуулгатай сайтар уншиж танилцсаны үндсэн дээр шийдвэр гаргавал зохимжтой. 

Сэтгэгдлүүд (1)

    O
    ·2024 оны 10 сарын 21, 00:18
    nice mash heregtei medeelel bna

Холбоотой нийтлэлүүд

featured
2022 оны 03 сарын 5, 04:00

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

featured
2022 оны 03 сарын 28, 04:00

Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

featured
2020 оны 04 сарын 22, 04:00

Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

featured
2020 оны 05 сарын 21, 04:00

Анжел хөрөнгө оруулагчид