Та Amazon, Apple, Ben & Jerry (алдартай мөхөөлдөс үйлдвэрлэгч) анхны санхүүжилтээ хаанаас авсныг мэдэх үү. Таны мэдлэгт зориулж товчхон түүхийг хуваалцъя. Дэлхийн хамгийн том онлайн худалдааны компани болох Amazon анх 1995 онд онлайн номын дэлгүүрээ Безос түрээсийн байшингийн гаражаас үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Түүгээр зогсохгүй үүсгэн байгуулагч Жеф Безос эцэг эхээсээ 250,000 долларын хөрөнгө оруулалт авч чадсанаар гаражаас эхэлсэн бизнес эдүгээ дэлхийн аварга том онлайн худалдааны талбар болоод байна. Тэгвэл Apple компанийн Стив Жобс нарын үүсгэн байгуулагчид Майк Марккула хэмээх Intel компаниас тэтгэвэрт гарсан чинээлэг эрээс 250,000 долларын хөрөнгө оруулалт авч чадсан түүхтэй. Харин Бен & Жерри мөхөөлдөсний бизнесийг босгоход тийм их хөрөнгө оруулалт шаардагдаагүй гэдэг. Бен Кохен, Жерри Грийнфилд нарын хоёр найз 1979 онд 12,000 доллар нийлүүүлж шатахуун түгээх станцыг мөхөөлдөсний цэх болгон засварлаж бизнесийн гараагаа эхлүүлж байжээ.
Анжел (сахиусан тэнгэр гэсэн утгатай) хөрөнгө оруулагч гэж гарааны бизнест хувь авч хөрөнгө оруулдаг чинээлэг хувь хүмүүсийг хэлдэг. Анжел хөрөнгө оруулагчид гэр бүлийн гишүүд найз нар дотроос чинь гарах нь олонтаа. Яагаад гэвэл ихэнх гарааны бизнесүүдэд итгэж мөнгөө өгөх байгууллага эсвэл хувь хүмүүс тэр бүр байдаггүй.
Монгол Улсад 1990 онд ардчилал ялж, зах зээлийн нийгэмд шилжсэнээр бараа бүтээгдэхүүн ховордож, ганзагын наймаа хэрхэн цэцэглэснийг бид бэлэхнээ мэднэ. Манай ихэнх бизнесийн томчууд ганзагын наймаа хийж хөлжсөн байдаг. Нэгэнт капиталтай болсон хүмүүс хувьчлалд оролцож дараа дараачийн том бизнесээ босгожээ.
Тэгвэл өнөөдөр тэр хүмүүсийн зарим нь анжел инвесторууд болсон гэж хэлж болно. Мэдээж сүүлийн үед хөлжсөн хүмүүс ч тэдний дунд байгаа. Та бүхэн Шарк Танк нэвтрүүлгийг мэднэ. Хэдийгээр тавилттай, уянгын халилтай нэвтрүүлэг боловч тиймэрхүү хүмүүст хүмүүс санаагаа танилцуулж хөрөнгө оруулалт авдаг.
Гэхдээ ихэнх анжелууд нууцлаг байх хүсэлтэй байдаг. Яагаад гэвэл тэдэнтэй уулзаж мөнгө гуйх хүмүүс маш их байдаг. Тиймээс тэднийг олохын тулд танил талаараа эсвэл мэргэжлийн байгууллагаар дамжиж төслөө танилцуулж болно. Мэргэжлийн байгууллагуудад хөрөнгө оруулалтын зөвлөгөө үзүүлдэг Ард Секюритиз шиг компаниуд, стартап төслийг дэмждэг инновацийн төвүүд бий.
Харин та төслөө танилцуулахаасаа өмнө гэрийн даалгавраа сайн хийгээрэй. Цаасанд хөрөнгө оруулах хүн гэж бараг байхгүй. Бусдаас ялгарах юмгүй эсгий улавч хийх эсвэл байшин барих төсөл танилцуулж хүний цаг битгий үрээрэй. Мөн та өөрийн бизнестээ өөрийн болон гэр бүлийнхээ бүх л бололцоог ашигласны дараа гаднаас мөнгө хайхгүй бол хөрөнгө оруулагчид танд итгэхгүй шүү.
Анжелуудыг ажиглаж байхад төслийн ирээдүйн ашгаас гадна үүсгэн байгуулагчтай ажиллаж чадах уу, энэ хүн итгэл даах уу гэдэг асуудлууд дээр өндөр ач холбогдол өгдөг. Та ч гэсэн энэ шаардлагыг ирээдүйн хамтрагчдаа тавих нь зүйтэй. Хамтарч бизнес хийнэ гэдэг хүнтэй гэрлэж нэг гэрт орохоос ялгаагүй гэдгийг санаарай.
Сэтгэгдлүүд (0)