Хамгийн шилдэг хөрөнгө оруулалтын шийдэл

Хөрөнгө оруулагч нь ногдол ашгаар болон сангийн үйл ажиллагаа дуусгавар болоход нэгж эрхэд ногдох хөрөнгийн буцаан хуваарилалтаар ашиг хүртэх боломжтой.

Хөрөнгө оруулалтын сан гэж юу вэ?

Хөрөнгө оруулалтын сан (“сан”) нь бусдаас мөнгөн хөрөнгө төвлөрүүлж, мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр бусдаас төвлөрүүлсэн хөрөнгөөрөө хувьцаа, бонд зэрэг санхүүгийн хэрэгсэлд  үр ашигтайгаар хөрөнгө оруулах байдлаар сангийн нэгж эрх эзэмшигчдэд өгөөж хүртэх боломжийг олгодог байгууллага юм.

Санг Хөрөнгө оруулалтын менежментийн компани удирддаг. Өөрөөр хэлбэл, таны хөрөнгийг мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежер удирдана гэсэн үг юм. Та хөрөнгө оруулагч болох хүсэлтэй ч шаардлагатай судалгаа, шинжилгээг хангалттай түвшинд хийхгүй л бол буруу санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулснаар өөрийн хөрөнгөө алдах эрсдэлтэй тул сангийн нэгж эрхийг худалдан авснаар тус эрсдэлээс хамгаалах боломжтой юм.

Үүнээс гадна хөрөнгө оруулах гэсэн ч хөрөнгийн хүрэлцээ дутмагаас шалтгаалан сонголт хязгаарлагдмал байдаг. Харин сан нь олон тооны хөрөнгө оруулагчдаас мөнгөн хөрөнгө төвлөрүүлсэн байдаг тул хөрөнгө оруулалтын багц нь  олон төрлийн санхүүгийн хэрэгслээс бүрдэнэ. Харин хөрөнгө оруулагч та сангийн нэгж эрх эзэмшигч тул тус олон тооны санхүүгийн хэрэгслээс бүрдсэн багцаас өгөөж хүртэх боломжтой. Мөн олон тооны санхүүгийн хэрэгслээр багцыг бүрдүүлж буй нь хөрөнгө оруулалтын төвлөрлөөс үүсэх эрсдэлийг хязгаарлаж байдаг.

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гэж юу вэ?

Нэгж эрх гэдэг нь компанийн хувьд хувьцаатай ижил ойлголт хэдий ч сангийн гүйцэтгэл нь цэвэр тухайн сангийн хөрөнгө оруулахаар шийдсэн санхүүгийн хэрэгслүүд буюу сангийн багцын гүйцэтгэлээс хамаардаг. Сангийн багц нь олон тооны компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгслүүдээс бүрддэг тул “нэгж эрх” гэж нэрлэгдсэн байдаг. Сангийн нэгж эрх гэдэг нь сангийн хөрөнгөнөөс өмчлөх хувь хэмжээг гэрчилсэн, менежментийн компаниас гэрээнд тусгасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхийг олгодог, саналын эрхтэй, татан буулгах үед ногдох хөрөнгөө авах эрхийг гэрчилдэг нэрийн үнэт цаас юм.
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд “нэгж эрх”-ийн тодорхойлолт дараах байна:

  • 4.1.7.“нэгж эрх” гэж хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалтын санд оруулсан хөрөнгийг өмчлөх эрхийг гэрчлэх нэрийн үнэт цаасыг;

  • 23.2.Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх нь тухайн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох боловч хөрөнгө оруулалтын сангийн тодорхой хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй.

Нэгж эрхийг хэрхэн эзэмших вэ?

Сан нь хувийн ба хамтын гэж ангилагдана. Хамтын сан нь нийтэд нэгж эрхээ санал болгох байдлаар олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлдэг бол хувийн сан нь нэгж эрхээ нийтэд санал болгодоггүй. Компанитай адилтгавал хувийн сан нь хаалттай компани, хамтын сан нь нээлттэй компани юм.

Тиймээс хэрвээ та хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг эзэмшихийг хүсвэл сангийн нийтэд санал болгож буй нэгж эрхээс худалдан авах боломжтой. Нэгж эрхийг анх нийтэд санал болгох процесс нь IPO-тэй төстэй ба сан нь нэгж эрхийн танилцуулгыг олон нийтэд танилцуулах ба нэгж эрх нь Монголын Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагдах юм.

Нэгж эрхийн эзэмшигч болсноор та тухайн хөрөнгө оруулалтын сангийн гишүүн болно. МУ-ын Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд:
4.1.10.“хөрөнгө оруулалтын сангийн гишүүн” гэж тухайн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулж сангийн нэгж эрхийг эзэмшигч иргэн, хуулийн этгээдийг;

Нэгж эрхээ буцаан худалдах, арилжих боломжтой юу? 

Хамтын санг дотор нь нээлттэй ба хаалттай гэж ангилдаг. Хаалттай хамтын сангийн нэгж эрхийн тоо тогтмол байдаг тул Монголын хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээл дээр нээлттэй арилжих боломжтой.
Харин нээлттэй сан нь хөрөнгө оруулагчийн хүсэлтээр нэгж эрхээ нэмэгдүүлэн гаргаж байдаг тул арилжих боломжгүй боловч хөрөнгө оруулагч өөрийн нэгж эрхээ буцаан сандаа худалдах хүсэлтийг гаргах үед сан эргүүлэн худалдан авах үүргийг хүлээж байдаг.

Хөрөнгө оруулалтын сангаас хэрхэн ашиг хүртэх вэ?

Хөрөнгө оруулагч нь ногдол ашгаар болон сангийн үйл ажиллагаа дуусгавар болоход нэгж эрхэд ногдох хөрөнгийн буцаан хуваарилалтаар ашиг хүртэх боломжтой. Үүнээс гадна хаалттай хамтын сангийн хувьд бирж дээр арилжих байдлаар нэгж эрхийн үнийн өөрчлөлтөөс ашиг хүртэх боломжтой бол нээлттэй хамтын сангийн хувьд нэгж эрхээ санд буцаан худалдах үеийн сангийн цэвэр хөрөнгийн үнэ цэнээс хамааран ашиг хүртэх боломжтой.

Монголд хамтын хөрөнгө оруулалтын сан байдаг уу?

Өнөөдрийн байдлаар нийт 22 хөрөнгө оруулалтын сан бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээр сангууд нь бүгд хувийн хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Харин 2020 оны 6-р сарын 10-ны өдөр Ард Менежмент ҮЦК нь Үндэсний Хувьчлалын Сан хамтын хөрөнгө оруулалтын санг байгуулж, Санхүүгийн Зохицуулах хорооноос хөрөнгө татах зөвшөөрлөө авсан нь анхны хамтын хөрөнгө оруулалтын сан боллоо.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 5, 04:00

    БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    featured
    2022 оны 03 сарын 28, 04:00

    Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид