Хөрөнгө оруулалт хийн, мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуулж эхлэх гэж буй хэн бүхэнд зориулан хөрөнгө оруулалтын “5 алтан зөвлөгөө"-г Ард Секюритиз ҮЦК-ийн Гүйцэтгэх Захирал Ж.Золзаяа зөвлөж байна.
Юун түрүүнд Хөрөнгө оруулалт гэж чухам юу вэ? гэдгээс эхэлье. Алдарт хөрөнгө оруулагч, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Варрен Баффетын багш Бэнжамин Граэмийн 1940-д онд бичиж байсан хөрөнгө оруулалтын цагаан толгой гэгдэх “Ухаалаг хөрөнгө оруулагч” номд томьёолсноор, “Хөрөнгө оруулалт гэдэг нь бүрэн гүйцэд шинжилгээн дээр үндэслэсэн үндсэн хөрөнгө оруулалтаа хамгаалах, хангалттай ашиг олох үйл ажиллагааг хэлнэ. Харин дээр дурдсан шаардлагыг хангаагүй бусад үйл ажиллагааг спекуляци буюу бараг л “мөрийтэй тоглоом” гэнэ” гэжээ.
Тэгэхээр хөрөнгө оруулалт хийж эхлэх гэж байгаа, эсвэл аль хэдийн эхэлсэн бол таны хувьд анх оруулсан мөнгөнийхөө үнэ цэнийг алдалгүйгээр, өөрийн эрсдэл даах чадвартаа тааруулан хангалттай гэж үзсэн өгөөжийн түвшинд хөрөнгө оруулах нь хамгийн чухал юм.
Хүний тархи анх төрсөн цагаасаа аливаа нэг эрсдэлээс өөрийгөө хамгаалах үйлдэл хийхээр програмчлагдсан байдаг. Харин нас нэмэхийн хэрээр аливаа мөчид үзүүлэх реакц буюу хариу үйлдлийн түвшин өөрчлөгдөж байдаг байна. Зарим хүмүүс эрсдэлд маш дуртай байгаад зогсохгүй бүх мөнгөө барьж очоод мөрий тавихад ч бэлэн байдаг бол зарим нь илүү эрсдэлд шунахгүйгээр зөвхөн байгаа зүйлсдээ сэтгэл ханаж сурсан байдаг. Аль алиных нь хувьд амьдрал мэдээж амттай. Гагцхүү хөрөнгө оруулалт хийх үедээ та өөрийгөө хэн бэ, хэр их эрсдэл дааж, тэвчээртэйгээр хөрөнгө оруулалтаа хадгалан авч үлдэж чадах вэ гэдгийг таньж мэдэх нь чухал юм шүү.
Бидний амьдралд урт ба богино хугацааны, төлөвлөж болох болохгүй бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага гардаг. Анх хөрөнгө оруулалт хийж эхлэхдээ л та хэдий хэмжээний мөнгийг хэр хугацааны дараа авч хэрэглэх вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Ингэхийн тулд, та өөртэйгөө болон өөрийн гэр бүлийн гишүүдтэй сайтар ярилцан ирээдүйд худалдаж авах эд зүйл, байр байшин, төлөх төлбөр, төлөвлөж буй аялал гэх зэргээр хийхийг хүссэн, шаардлагатай зүйлсийн жагсаалтаа гаргаж ирнэ.
Дараа нь тэрхүү жагсаалтаа богино, дунд, урт хугацааны зорилго гэж 3 хуваана. Богино буюу 1 - 12 сар, дунд буюу 12 - 36 сар, урт буюу 36 -с дээш сарын дараа хэрэгжих зорилтуудыг багтаана. Та өөрийн хүссэнээр дээрх хугацааг өөрчлөх боломжтой бөгөөд гол зүйл нь таны хөрөнгө оруулалт хийх бүтээгдэхүүн тань эдгээртэй авцалдах ёстой. Хамгийн сүүлд та ангилал тус бүрийн нийлбэр дүнг гаргаж ирснээр хэр их мөнгө ирээдүйд тань хэрэг болохыг тодорхойлж болно.
Дээр дурдсаны дагуу та өөрийн зан төлөвөө ойлгон, хөрөнгө оруулалтын зорилго, хугацаагаа тодорхой болгосноор таны эрсдэл даах чадвар ч мөн тодорхой болж ирнэ. Ингэсний дараагаар (санхүүгийн зөвлөхийн тусламжтайгаар байж болно) сар бүр зорилго тус бүрдээ зориулж хэр их өгөөжтэй бүтээгдэхүүнд хэдий хэмжээний дүнгээр хуримтлал хийхээ төлөвлөнө. Сар бүр хөрөнгө оруулалт хийх дүн тань мэдээж үндэслэлтэй, бодит, хүрч болохуйц байх шаардлагатай тул та үүнээс өмнө мэдээж орлого, зардлаа тооцсон байх хэрэгтэй. Хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа бол Г.Билгүүний “Хуримтлал үүсгэх 5 арга” нийтлэлийг уншаарай.
Алхам 3-т гаргаж ирсэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийн нийлбэр нь таны хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлнэ. Хадгаламж, хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, тэтгэврийн хуримтлал, үл хөдлөх хөрөнгө зэрэг маш олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнээс та сонгох боломжтой. Гол нь бүтээгдэхүүнүүд дотроо төрөлжсөн буюу нэг л компани эсвэл банкнаас хамааралтай байж болохгүй гэсэн үг юм.
Та өөрийн бүрдүүлсэн багцаа дор хаяж улиралд нэг удаа шалгаж байгаарай. Хувьцаа бонд, хөрөнгө оруулалтын нэгж эрх зэрэг бүтээгдэхүүнүүд нь хөрөнгийн зах зээл дээр арилжаалагддаг бүтээгдэхүүнүүд учир байнгын захын савлагаанд өртөж үнэ нь хэлбэлзэж байдаг. Хувьцаа авсан бол цаана нь мэдээж компани үйл ажиллагаа явуулж байгааг сайтар ойлгож тухайн компанийнхаа ашигт ажиллагаа, компанийн засаглал, үйл ажиллагаа явуулж буй салбарын мэдээллийг тогтмол ажиглаж байх нь зүйтэй. Шаардлагатай тохиолдолд багцдаа тохируулга хийн өөр компанийн хувьцаа сонгох эсвэл зах уналттай үед тогтмол өгөөжтэй бондыг түлхүү багцдаа оруулж өгөхөд буруудахгүй.
Сэтгэгдлүүд (0)