Х.Алтай, Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх Захирал
Төлбөр тооцооны Т+2 систем нь олон улсын хөрөнгө оруулагчдыг татах үндсэн зорилготой. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр Т+2, Т+3 гэсэн горимоор төлбөр тооцоо хийгддэг бөгөөд энэ нь арилжаа хийгдснээс хойш, 2 хоногийн дотор төлбөр тооцоо хийнэ гэсэн үг. Өнөөгийн байдлаар гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо Монголын хөрөнгийн зах зээлд харьцангуй хязгаарлагдмал, төгрөгийн ханш суларсан, хөрөнгө оруулалтын орчин таатай бүрдээгүй байна. Гэтэл манай хөрөнгийн зах зээлд гадны хөрөнгө оруулагчид маш чухал байдаг. Хөрөнгө оруулагчд эхэлж хэлцлээ хийгээд, дараа нь төлбөр тооцоогоо төлнө гэдэг нь хөрөнгө оруулагчийг хамгаалж байгаа нэг механизм бөгөөд хөрөнгө оруулалтын орчныг илүү таатай болгож байгаа гэсэн үг. Энэ тогтолцоог бид энэ жилийн 3 дугаар сараас эхлээд нэвтрүүлэн мөрдөж байна. Өмнө нь 2012-2013 онд тодорхой хугацаагаар хэрэгжүүлж байсан. Гадны хөрөнгө оруулагчдыг татахаас гадна энэ нь FTSE Russell зэрэг олон улсын томоохон компаниудын Фронтиер зах зээлийн ангилал, улмаар индекст орох нэг үндсэн шалгуур нь болдог. Энэхүү индекст багтсан зах зээл рүү олон улсын томоохон хөрөнгө оруулалтын сангууд автоматаар хөрөнгө оруулалт хийдэг учраас хөрөнгө оруулалтыг урсгалыг нэмэгдүүлэх давуу талтай.
Давхар бүртгэл гэдэг нь гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэгдсэн компанийг Монголын дотоодын хөрөнгийн биржид хувьцаа давхар гаргаад арилжаалах боломж юм. Ийнхүү давхар бүртгэгдсэн хувьцаа нь 2 зах зээлийн хооронд харилцан хөрвөх чадвартай байх бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 2013 онд шинэчлэгдэж, 2014 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр давхар бүртгэлийг нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. 2018 онд Монголын хөрөнгийн бирж дээр Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Канадын Эрдэнэ Ресурс Девелопмент компани анхны давхар бүртгэл хийж, хувьцаагаа гаргасан. Гэвч Эрдэнэ Ресурс Девелопмент компанийн хувьд, саяхныг хүртэл 2 зах зээлийн хооронд буюу Торонто болон МХБ-ийн хооронд хувьцаа хөрвөх боломжгүй байсан. Сая СЗХ-ны холбогдох журам батлагдсанаар 2 зах зээлийн хооронд хувьцаа нь хөрвөж арилжаалах боломж бүрдээд байна. Эрдэнэ Ресурс Девелопментын хувьд удахгүй энэ боломж нь нээгдэнэ. Ингэснээр, Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалж байгаа Эрдэнэ Ресурсын хувьцааг Торонто руу хөрвүүлэх, Торонтод арилжаалж буй тус компанийн хувьцааг МХБ руу хөрвүүлж арилжаалах боломж нь нээгдэнэ. Одоогийн байдлаар давхар бүртгэлтэй нэг компани байгаа ч Монголд үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа гаргасан хэд хэдэн компаниуд цаашид бүртгэгдэх боломжтой. Монголын томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй Оюутолгой, Тавантолгой компаниуд ч гэсэн багтана. Үүсэх давуу тал нь, МХБ дээр хувьцаагаа Монгол төгрөгөөр гаргаснаар Монголын иргэд тухайн төслийн хувьцааг худалдаж авах боломжтой болно. Ингэснээр, иргэдийн дунд төслийн тухай ойлголт нэмэгдэж, уул уурхайн үйл ажиллагааг илүү эергээр хардаг болно. Ийнхүү уул уурхайн үйл ажиллагаанд олон нийтийн ойлголт дэмжлэг нэмэгдсэнээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд тодорхой хэмжээний улс төрийн эрсдэлээс хамгаалагдана. Цаашлаад дотоодод хувьцаагаа гаргаснаар, тодорхой хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлэх нь компанидаа ч, Монголын иргэдэд ч харилцан ашигтай юм.
Монголд хөрөнгийн зах зээл хөгжөөд 30 орчим жил боллоо. Гол дутагдаж байгаа зүйл нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид, түүнчлэн Монголд тэтгэврийн шинэчлэл хийгдээгүй байгаагаас олон улсын жишгийн дагуу тэтгэврийн сангууд үүсээгүй байна. Саяхан УИХ-ын сонгууль болж өнгөрөөд, шинэ парламент бүрдсэн. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд тэтгэврийн шинэчлэл хийгдэнэ гэсэн бүрэн итгэлтэй байна. Ингэснээр, урт хугацааны хувийн тэтгэврийн сангууд үүсэх боломж бүрдэнэ. Тэтгэврийн сан гэдэг нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр олсон орлогоосоо шимтгэл төлөөд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг. Гэтэл одоогийн нийгмийн даатгалын тогтолцоо нь ийнхүү хөрөнгийн хуримтлалыг бий болгох, өсгөж нэмэгдүүлэх сан гэхээсээ илүү татвар маягтай болчихсон. Тэгэхээр, энэ концепцыг өөрчилж, сонгодог утгаар нь тэтгэврийн сан, ирээдүйд хийгдэх хөрөнгө оруулалтын, хувийн тэтгэврийн сангийн боломжийг бүрдүүлэх нэн шаардлагатай байна. Хөдөлмөр хийж, орлого олж байгаа иргэн бүр хуримтлал үүсгэх, нөгөө талаасаа урт хугацааны хуримтлалын сангууд үүссэнээр, хөрөнгийн зах зээлээр дамжуулан зах зээлийн хөрвөх чадвар сайжирна. Үндэсний томоохон компаниуд хувьцаагаа арилжаалах боломжтой болно. Иймд нэн даруй тэтгэврийн реформыг хийх шаардлагатай. Ингэж байж, Монгол Улс олон тулгуурт санхүүгийн бүтэц бүхий санхүүгийн зах зээлтэй болж, хөрөнгийн зах зээл хөгжих боломж бүрдэнэ.
Хөрөнгө оруулалт нь тухайн хөрөнгө оруулагчийн зорилгоос хамаараад аль аль нь зайлшгүй байх ёстой. Нийтлэг жишгээр авч үзвэл, хувь хүмүүс харьцангуй богино хугацаанд, мэргэжлийн хөрөнгө оруулагчид буюу хөрөнгө оруулалтын сангууд урт хугацаанд хөрөнгө оруулалт хийдэг. Хувьцааны хөрөнгө оруулалт нь мөн чанарын хувьд урт хугацаанд өгөөжөө өгдөг хөрөнгө оруулалт байдаг. Манай дотоодын хөрөнгийн биржийн бүтээгдэхүүнүүдийг харсан ч богино хугацаанд өсөлт бууралттай янз бүр боловч урт хугацаанд авч үзвэл ихэнх хувьцаа нь өссөн үзүүлэлттэй байдаг. Тэгэхээр, хувьцаа гэдэг бол харьцангуй урт хугацаанд ашгаа өгөх хөрөнгө оруулалт юм.
Манай систем нь энгийн олон улсын арилжааны систем. Одоогийн байдлаар блокчэйнд суурилсан систем руу шилжих аливаа санаачлага эхлээгүй байна. Гэхдээ дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж байгаа учраас олон улсын хөрөнгийн зах зээл энэ чиглэл рүү хэрхэн өөрчлөгдөх тухай судалж байна.
Финтект суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд манайд IPO хийсэн, тэдгээр компаниудын үйл ажиллагаа амжилттай явж байна. Компанийн бонд ч гаргаж байна, эрэлт ихтэй хувьцаанд зүй ёсоор ордог.
Энэ онд нэг нээлттэй бонд гарсан, мөн хэд хэдэн компаниуд бонд нээлттэй гаргахаар манайд хүсэлтээ өгөөд байна. Бондын хүүгийн орлогоос авах татвар 5 хувь болсноор, банкны 10 хувийн хадгаламжийн татвартай харьцуулахад,тодорхой хэмжээний давуу тал бий болсон. Цаашид ч компаниуд нээлттэй бонд гаргах сонирхол тасралтгүй нэмэгдэнэ гэж үзэж байна.
Анх МХБ нь их хувьчлалын хүрээнд 500 орчим бүртгэлтэй компанитайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан. Сүүлийн 30 жилийн явцад анх хувьчлагдсан компаниудаас идэвхгүй байгаа, арилжаа нь хийгдэхгүй болсон компаниудыг хасч, одоогийн байдлаар 199 компани манайд бүртгэлтэй арилжаалагдаж байна. Хувьцааны арилжаа идэвхгүй, манай бүртгэлийн шалгуурыг хангадаггүй компаниудыг хасдаг. Цаашлаад, зах зээл хөгжиж, хөрвөх чадвар нэмэгдэхийн хэрээр компаниуд хөрөнгийн зах зээл дээр бүртгэлтэй байхын ач холбогдлыг илүүтэй ойлгож, бүртгэлийн шалгууруудыг дагаж мөрдөх байдал нь нэмэгдэж байна. Шалгуур, шаардлага хангахгүй байгаа компаниудыг олон нийтэд мэдээлэхээс эхлээд бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авч, манай байгууллагын зүгээс компаниудын засаглал, нээлттэй ил тод байдалд анхаарч ажиллаж байна.
Хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн орнуудыг харахад, иргэн бүр нь санхүүгийн экспертүүд байдаггүй. Хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн үндсэн нөхцөл нь урт хугацааны хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээ сайн хөгжиж, тэр дундаа урт хугацааны тэтгэврийн сангууд, хөрөнгө оруулалтын сангууд байдагтай холбоотой. Мэргэжлийн хөрөнгө оруулагчийн суурь бааз манайд одоо л дөнгөж хөгжиж эхэлж байна. Мэдээж хэрэг, хөрөнгийн зах зээл хөгжиж, илүү өгөөжтэй болохын хэрээр иргэдийн санхүүгийн боловсрол дагаад дээшилнэ. Яагаад гэвэл, хөрөнгөө өсгөж үр өгөөжийг нэмэгдүүлэхийг хүсч байгаа хүн зах зээлээ өөрсдөө судалж, суралцаж эхэлдэг. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хамгийн бодитой, дорвитой алхам бол иргэн бүрт 2012 онд олгосон 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулах, биржээр арилжаалах явдал юм. Иргэд бодитоор хувьцаагаа арилжаалж байж, түүнийг дагаад хөрөнгийн зах зээлийн мэдлэгээ дээшлүүлнэ. Иймд, төр засгаас хамгийн түрүүнд 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулах улс төрийн шийдвэрийг гаргах шаардлагатай гэж үзэж байна.
Энэ нь зөвхөн МХБ гэлтгүй, Монгол Улсын, цаашлаад дэлхий нийтийн эдийн засагт сөрөг үр нөлөө үзүүлсэн, урьд өмнө тохиож байгаагүй онцлог үйл явдал болж байна. Мэдээж хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж, IPO-үүд тодорхойгүй хугацаагаар хойшилсон, арилжааны идэвх буурсан, компаниудын санхүүгийн үзүүлэлтүүдэд нөлөөлсөн зэрэг өөрчлөлтүүд гарсан. Мөн улс хооронд зорчих хөдөлгөөн хязгаарлагдахаар гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын урсгал ч саарсан. МХБ-д тодорхой хэмжээнд нөлөөлсөн хэдий ч 2020 он гарснаар, нээлттэй бонд, IPO аль аль нь гарлаа, мөн бусад шинэ бүтээгдэхүүн ч гаргахаар төлөвлөж байна. Бидний зүгээс уламжлалт хувьцаа, бондоос гадна хөрөнгийн зах зээлээр арилжаалах цоо шинэ бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлж, хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг нээлттэй арилжаалах эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Үүний дагуу анхны алхмууд хийгдэж, шинэ бүтээгдэхүүнүүд хөрөнгийн зах зээлд тун удахгүй гарах хүлээлттэй байна.
Сэтгэгдлүүд (0)