Тэтгэврийн системийн шинэчлэл, хувийн тэтгэврийн сан гэх эдгээр сэдвээр нэгэн үе зөвхөн салбарын мэргэжилтнүүд санаа бодлоо илэрхийлэн дуугардаг байсан бол өдгөө залуус, хөгшид, ирээдүйгээ сайн сайхнаар бүтээхийг хүсдэг хэн бүхэн анхаарлаа хандуулан дуу хоолойгоо нэгтгэх болсон нь тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг “нийгмийн захиалга” болсныг илтгээд байна уу гэлтэй. Энэ тухайд хамгийн ихээр ярьж, санал санаачилга гарган бодитой үр дүнгийн төлөө зүтгэдэг холбогдох мэргэжилтнүүд болон ард иргэдийн төлөөлөл болох нас насны хүмүүсийн үзэл бодлыг хүргэж байна.
Эмээ нь насаараа Улаанбаатар Дулааны Сүлжээнд Няраваас аваад Нягтлан хийж яваад тэтгэвэрт суугаад байгаа нь энэ. Одоо сард 310 мянган цаас авна, түүгээрээ зүрх даралтны эм юуханаа базааж аваад үлдсэн хэдийг нь сүү еэвэн мэтийн юмандаа өгөөд юутай ч төрийн хишгээр долоо найм хоногтоо бол тансаглаж өгнө дөө. Тэгээд л дараа сар хүртэл бүсээ чангална шүү дээ, заримдаа бие тавгүйтэж эмнэлэгт очих, эсвэл элдвийн үнэ ихтэй эм тан хэрэглэх шаардлага зөндөө л гарна, тэр бүрт хэдэн хүүхэд ээлжлээд аргалнаа хөөрхийс. Бусдын л адил өөрийн гэр орон, үр хүүхдээ гэж зүтгэж яваа хүүхдүүддээ болж өгвөл төвөг дараа учруулчихгүй юмсан гэж бодох ч, яалт ч үгүй араас нь чаргууцалдаж олсон хэдэн цааснаас нь хороочихоод байх юм даа. Ахиухан хэдэн юм авчихдаг байсан бол хүүхдүүддээ бага ч болов нэмэр болж, ач зээ нараа нэг сайхан тансаглуулах сан гэж бодож л суудаг юм. Гэвч би ч одоо хөг нь өнгөрсөөн, надаас хойших хүний өөрийн хүүхдүүд цөмөөрөө хангалуун тэтгэвэр авч, сайн сайхан амьдраасай л гэж хүсэж байна даа. Улсууд настай хөгшин биднийг эмээ таслахгүй уувал барав гэж боддог шиг байгаа юм, бид чинь өтөлсөн болохоос үхчихсэн биш шүү дээ, чадах хэрээрээ эргэн тойрныхондоо нэмэр болж, үгүй ядаж өөрийгөө хүнд хэрэгтэй, тустай амьтан даа гэж бодож сэтгэл өег суухыг хүснэ л шүү дээ.
Тэтгэврийн эргэн хуваарилалтдаа анхаарах цаг нь болсон гэж боддог. Учир нь, нийгэм маш хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж байхад бодлогын систем нь хэвээр байгаад, хоцрогдоод байж болохгүй. Одоогийн системээр ирээдүйгээ төсөөлнө гэхэд бэрх санагдаж байна. Системээ өөрчлөх болов уу гэж л итгэж байна даа. тэр үед тэтгэврийн зээл тэглэх тухай биш, эсрэгээрээ өндөр настнууд тэтгэврийн мөнгөө яаж өсгөж арвижуулах талаар боддог байвал нийгмийн баталгаат амьдрал бий болно. Миний хувьд тэтгэвэрт гарах тухай бодох арай болоогүй ч Монголын өнөөгийн тэтгэврийн тогтолцоо удахгүй өөрчлөгдөж шинэчлэгдэнэ гэдэгт итгэж байна. Хэрвээ хүн бүр өндөр тэтгэвэр аваад эхэлбэл аажмаар нийгмийн амар амгалан байдалд эерэгээр нөлөөлж, аз жаргалтай ядууралгүй, тэгш хэм бий болно гэж бодож байна. (Эх сурвалж: Investor Nation 2020 сэтгүүл)
Нэг их тоо, тооцоолол ярих шаардлагагүй байх. Тэтгэвэрт гараад орлогын хэмжээ нь эрс буурдаг эмгэнэлт цаг үе, нөхцөл байдалд бид амьдарч байна. Энэ байдал цаашид хэрхэвч үргэлжлэх учиргүй. Одоогийн системээр бол олж байсан орлогынхоо тал мөнгөөр амьдар гэж байна. Амьдралынхаа чанарыг тал хувиар бууруулах болж байна уу? Тийм болохоор одоогийн тогтолцоо хэвээр байх юм бол ирээдүйн тэтгэвэртээ санаа зовж байна. Тэтгэвэрт гарах нь бидний амьдралын нэг хэсэг мөнөөс мөн учир тэр үе ирэх хүртэл залуус бид өөрсдөөсөө шалтгаалах бүх зүйлсээ хийж, энэ сэдвийн тухай мэдлэгтэй, үзэл бодолтой байж, дуу хоолойгоо хүргэх учиртай. Тэгж байж бид тэтгэвэртээ сэтгэл хангалуун гарна гэдэгт итгэлтэй байна. (Эх сурвалж: Investor Nation 2020 сэтгүүл)
Одоогийн тогтолцоогоор тэтгэмж олгох юм бол түүгээр амьдралаа залгуулахад нэлээд бэрх байх болов уу. “Бид Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлага байна уу, үгүй юу. Сар бүр Улсад төлж буй татвараа хувьдаа хадгаламж болгоод өсгөвөл 20-30 жилийн дараа гэхэд боломжийн мөнгө цугларч, түүнийгээ хэрэглэх болно. Татвар төлөөд л байдаг. Эргэж ирэхгүй татварыг бид Улсад шал дэмий өгөх ямар шаардлагатай юм” гэж бодох хүмүүс өнөөдрийн нийгэмд олон болсон. Иймд, одоогийн татварын системд судалгаа сайтай, уян хатан, үнэн зөв, амьдралд ойрхон шинэчлэл хийгээсэй гэж хүсэж байна. (Эх сурвалж: Investor Nation 2020 сэтгүүл)
Одоогийн тэтгэврийн системийн хувьд ажилтан болон ажил олгогчийн зүгээс төлж байгаа татвар, шимтгэлүүд нь эргээд өгөөж багатай, мөн урт хугацааны төлөвлөлтгүй зарцуулагддаг юм шиг санагддаг. Ажилтан өөрөө насаараа сэтгэлээ гаргаж хөдөлмөрлөсөн ч тэтгэвэрт гарахдаа санхүүгийн эрх чөлөөнд хүрэхгүй, бас бодит хуримтлалтай болж чадахгүй байгаа нь харамсалтай. Тэтгэврийн тогтолцоо шинэчлэгдэж байж одоогийн хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс урт хугацааны төлөвлөгөөтэй болж, тэтгэврийн насанд хүрэхээс эмээж төвөгшөөхгүй байх боломж бүрдэнэ. Өнөөдрийн энэ хөдөлмөр үнэгүйдүүлж байгаа тогтолцоог өөрчилж байж л хүмүүст ч тэр илүү хөдөлмөрлөн, тайван амьдрах боломж бүрдэнэ.
Би Солонгост ирээд 5 жил болж байна. Эхэндээ эх орон, гэр бүлээ санасандаа харих юмсан гэж их л бодогддог байлаа,харин одоо ч бүр эндээ дасчихлаа даа. тэгээд ч Монголд очлоо гэхэд намайг юу хүлээж байгаа вэ?гэхлээр нийгмийн даатгал төлөөгүй болохоор амьдрах эрхгүй юм шиг хандлага, төллөө ч юуны тулд, яах гэж хөдөлмөрийн хөлсөө төрд татаас болгож өгөх ёстойг ойлгохгүй миний эргэлзээ, чармайж олсон мөнгөөрөө жижиг дунд бизнес эрхлээд амьдаръя гэхэд ч хуулийн орчин нь шударга бус, ийм л нийгэм хүлээж байгаа гэж боддог. Мэдээж би эх орноо муулж, ер очихгүй гэж байгаа гэсэн үг биш. Зүгээр л нэгэнт тэнд болохгүй байсан болоод л энд ирсэн юм чинь хийх юмаа нэгмөсөн хийчхээд очсон нь дээр гэж бодсондоо л тэр. Ажил хийгээд насаараа даатгалаа төлчихсөн хүмүүс одоо ямархуу амьдарч байгааг өөрийнхөө ойр дотны хүмүүсээс илхэн харж байгаа болохоор нэг их сайхан ирээдүй хүлээж байгаа гэж өөрийгөө хуурч, назгайралтгүйгээр залуу, чадалтай байгаа дээрээ насны эцэст хэрэглэх мөнгө, үр хүүхдэдээ өвлүүлэх хөрөнгө гээд төлөвлөсөн бүх зорилгодоо хүрч байж л харина гэж бодож байгаа. Залууст, тэр тусмаа дөнгөж амьдралаа эхлүүлж байгаа эрчүүдэд ямар их хариуцлага ирдэг билээ, тэр бүх асуудлыг хэрхэн даван туулж аз жаргалтай амьдрах талаар энд бол олон арга замуудыг боловсруулсан байдаг юм байна, харин манайд тийм зүйл байхгүй нь залуусын салалтын шалтгаан болдог байхыг ч үгүйсгэлтгүй юм шиг санагддаг. Монголд тэтгэвэрт гарахаараа зүгээр л уучлаарай өвөө эмээ карьер чинь дууссан штээ болдог, гэхдээ энэ үзэгдэл нь эргээд бидэн шиг залуу хүмүүст маш эмзэг тусдаг, миний л хувьд тийм байсан. Заза угаасаа насаараа үнэнчээр зүтгэж, баахан шимтгэл төлөөд юу ч олж долоохгүй юм байна, зүгээр л цаг алдалгүй гадагшаа гарч мөнгө хийсэн нь илүү дээр юм байна гэж дүгнэхэд хүргэсэн.
Тэтгэврийн хуримтлалын санг үр удам дамжсан үндэсний баялаг болгож, баялгийн тэгш хуваарилалтыг үндэсний хэмжээнд хийх гол хэрэгсэл байлгах хэрэгтэй. Тэр тусмаа залууст тэтгэвэрт гарах нь их хол сонсогддог. Наана нь ажил хөдөлмөр эрхлэх, орон сууцтай болж тусдаа гарах, гэр бүл, үр хүүхэдтэй болох гээд асар олон зүйл шаардлагатай байдаг учраас тэр. Үүнтэй холбогдуулан Сингапур Улсыг жишээ болгоход, тэд тэтгэврийн хуримтлалыг залуу иргэдэд илүү хүртээмжтэй байлгах үүднээс, хугацаанаасаа өмнө тэтгэврийн хуримтлалаа ашиглах боломжуудыг хуулиндаа тусгасан байдаг. 5-10 жилд тодорхой хугацаанд тэтгэврийн хуримтлалын мөнгөө тогтмол шилжүүлээд явсан залуучууд орон сууц худалдан авах, орон сууцны хөтөлбөрт хамрагдах, Олон Улсын Их, Дээд сургуулиудад мастер, докторт суралцах, эрүүл мэндийн даатгалын хамгаалалтад заагдаагүй өндөр төлбөртэй эмчилгээний зардалд гэх мэт тусгай нөхцөлүүдэд хэдий тэтгэвэрт гарах хугацаа нь болоогүй ч тэтгэврийн сангаасаа зарлага гаргаж болдог. Тиймээс тэтгэврийн хуримтлалаа үүсгээд, онцгой тохиолдолд зарлага гаргаж, хөрөнгө оруулалт хийгээд явах тэтгэврийн тогтолцоо залуусын нүдэнд огт өөрөөр харагдаж эхэлнэ. (Эх сурвалж: Investor Nation 2020 сэтгүүл)
Аль ч улсад хөдөлмөрийн чадамжтай байхдаа авч байсан цалингаас нь бага тэтгэвэр тогтоодоггүй. Гэтэл Монголд 3-4 дахин багаар тогтоолгодог. Дээрээс нь НДШ-ийг нэмэх, тэтгэврийн насыг уртасгаснаар тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах гэж оролдож байна. Малчдын тэтгэврийн насыг наашлуулах гэх мэт хуулиуд тэтгэврийн санг алдагдалд оруулж байна. Гэтэл энэ бүхний уршгийг улсын төсөв, тэтгэврийн сан даахгүй. Тиймээс улс төрийн популизмыг тэтгэврийн реформоос хол байлгах ёстой. Яагаад гэвэл, хувийн тэтгэврийн сангийн тухай хууль өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүст бус, наанадаж 20 жил ажиллах үеийнхэнд зориулагдсан. Одоогийн ид үеийнхэн ирээдүйд сайн сайхан амьдарч, хувьцааны эзэн болж, тэтгэврээ үр хүүхдэдээ өвлүүлмээр байгаа шүү дээ. Үүний тулд өнөөдөр л тэтгэврийн реформ хийх ёстой. (Эх сурвалж: Mongolian Economy, Тэтгэврийг Тэтгэх Шинэчлэл сэтгүүл)
Тэтгэврийн сангийн асуудал бол бүх нийтэд холбоотой чухал сэдэв. Энэ бодлого, даатгалын системийг шинэчлэхийн тулд нарийн тооцоолох хэрэгтэй. Гол шалтгаан нь хүн амын насжилт. Манай Улсын хувьд хууль эрх зүйн зохицуулалт, хяналт шалгалт гээд механизм нь сул байгаа учраас зохисгүй зүйлс гарч ирэн, алдагдлыг нэмэгдүүлж байна. (Эх сурвалж: Investor Nation 2020 сэтгүүл)
Хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний Mercer байгууллагаас гаргасан Дэлхийн тэтгэврийн сангийн индексийн тайланд дурдсанаар улс орнууд тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлж байна. Ийм чиг хандлага Япон, Тайланд болон томоохон эдийн засагтай орнуудад эрчимтэй өрнөж байгаа бөгөөд манай улсад ч тэтгэврийн доод хэмжээг байнга нэмэгдүүлсээр ирсэн. Гэвч бид тэтгэврийн сангийн менежментийг орхигдуулсан учраас маш бага тэтгэвэр авч байна. Хөгжингүй улс орнуудын тэтгэврийн сан бусад улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж, орлогоо нэмэгдүүлэх тухай ярьж байхад манай тэтгэврийн сан төсвөөсөө татаас аваад явж байна. Буруу бодлоготой, буруу менежменттэй явсны улмаас ийм том зардалтай, нүсэр бүтэцтэй болсон. Уг алдааг засахын тулд бодлогын суурь өөрчлөлтүүдээ хийгээд явахаас аргагүй. (Эх сурвалж: Mongolian Economy, Тэтгэврийг Тэтгэх Шинэчлэл сэтгүүл)
Сэтгэгдлүүд (0)