Эдийн засагч, “Ард Лайф” компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулгатай ярилцлаа.
-Бид иргэн баян бол улс баян гэж тунхаглаад чөлөөт эдийн засаг, ардчилсан нийгэмд шилжээд 30 жилийг ардаа үлдлээ. Энэ 30 жилийн хугацаанд иргэн баян болсон уу?
-Төр засаг иргэдээ баян, хөрөнгөтэй болгох гэж, баялгийн тэгш хуваарилалтыг хийх гэж бэлэн мөнгө тарааж үзлээ, хувьцаа, хишиг тарааж үзлээ гэвч эргээд харахад энэ бүхэн оновчтой байсангүй. Нэг дор бэлэн мөнгө тараахаар долоо хоног хүргэхгүй үрээд дуусгадаг, тогтмол бэлэн мөнгө тараахаар ажил хийхээ больчихдог.
Хувьцаа тарааж үзсэн, иргэд тараасан хувьцааг зардаг бэлэн мөнгө болгодог, эргээд бэлэн мөнгө тарааснаас өөрцгүй болгож орхидог. Хувьцаа тараасан түүхийг бид 1990 онд ч туулсан байдаг. Нэг нийгмээс нөгөө рүү шилжих үед их хувьчлал хийгдсэн. Социализмаар замнасан 70 жилд бий болгосон үндэсний баялаг, хөрөнгөө иргэн бүрд хувьчлахдаа цэнхэр, ягаан тасалбар тараасан. Харин тэр тасалбаруудын үнэ цэнийг мэдэрч, ойлгож, хадгалсан нь, цуглуулсан нь тун цөөн. Иргэдийн бараг 95 хувь нь тухайн үед тасалбаруудаа зарсан байдаг. Мэдлэгтэй, мэдээлэлд ойр, сэргэлэн 5 хувь нь тухайн үед үнэ мөнгийг нь төлөөд л цуглуулаад, хадгалаад авсан байдаг. Харин одоо 30 жилийн дараа хувьчлал шударга бус явагдсан, ард иргэдээ хуурсан гэх мэтчилэн ярьдгийг та сонссон л байх. Хэдэн жилийн өмнө 1072 хувьцаа иргэдэд тараасан гэвч арилжаа нь эхэлж, нээлттэй компани болоогүй байхад л иргэд хувьцаагаа зарах гэж энэ тэрүүгээр боломж хайж явж байгаа. 1990 онд тараасан хувьцааг 95 хувь нь зарсан бол энэ удаад 60 хувь нь зарах бодолтой байна гэсэн судалгаа байна. Яахав 30 жилийн хугацаанд хувьцааны үнэ цэнийг ойлгодог иргэдийн тоо нэмэгдсэн байна, зарах сонирхолтой иргэдийн тоо буурсан нь сайн. Гэхдээ энэ хувь үүнээс цааш доош буухгүй. Энэ нь хүүхэд бүрийг математикийн хичээлд дуртай болгож, хүн бүрийг эдийн засагч болгоно гэснээс ялгаагүй утгагүй зүйл болно. Магадгүй нийт иргэдийн 40 хувь нь санхүүгийн мэдлэг, боловсролтой байж болох юм.
-Мэдлэг, боловсролгүйн улмаас боломжоо хэдхэн төгрөгөөр худалдаад л явж байгаа, санхүүгийн мэдлэг хязгаарлагдмал иргэдэд тэгээд хэрхэн хувьцаа, хуримтлалын үр шимийг ойлгуулах вэ?
-Хүн бүрд тэгш бололцоо олгодог тогтолцоог нь л бүрдүүлчих. Жишээ нь, хувьцаа өгөхөөр маргааш нь зарчихдаггүй, тэр зарах боломжийг нь хязгаарласан, бэлэн мөнгө тараангуут идэж, уугаад дуусгачихдаг бус, түүгээрээ хөрөнгө оруулалт хийж, хуримтлал үүсгэх боломж бүрдүүлэх ёстой.
-Үүнийг яаж хийх ёстой гэж?
- Тэтгэврийн тогтолцоогоор дамжуулан хийнэ. Хувьцаа өгөх бол тэтгэврийн дансанд нь, мөнгө тараах бол тэтгэврийн дансанд нь. Сингапур улсад төв хуримтлалын сан байдаг бөгөөд иргэд нь албан журмаар сар бүрийн орлогын 20 хүртэл хувийг тус санд хуримтлуулдаг бөгөөд хуримтлуулж буй мөнгөөр хөрөнгийн бирж дээр хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийж удаан хугацаанд хуримтлуулснаар үнэ цэнэ, үлдэгдлийг нэмэгдүүлээд явдаг. Иргэн бүр тухайн хуримтлалыг авч болох доод ажилласан жил болон доод насыг зааж өгсөн нь энэхүү төв хуримтлалын сан нь тухайн улсын тэтгэврийн тогтолцоо мөн гэж ойлгож болно. Бид ч гэсэн ард иргэдэд төв хуримтлалын сан гэх мэт шинэ нэр томъё гаргаж ирж ард иргэдийн толгойг эргүүлж байхаар шууд хуримтлал суурьтай тэтгэврийн тогтолцоо, тэтгэврийн шинэчлэл гээд явсан нь дээр. Гол агуулга нь хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу, даатгал суурьтай тогтолцооноос хуримтлалын сан суурьтай тогтолцоо руу.
-Даатгал суурьтай тогтолцооноос татгалзана гэдэг нь өөрөөр хэлбэл, “тэтгэврийн даатгал” гэх нэршлээс нь авахуулаад өөрчлөх ёстой гэсэн үг үү? “Даатгал” гэдэг үг энд яагаад илүүдээд байгааг тайлбарлахгүй юу?
-Шинэчлэл, реформыг агуулгын хувьд хийх шаардлагатай. Тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүн анх 18 дугаар зууны үед үүссэн байдаг. Тэр үед үйлдвэрчний эвлэл байгаагүй, нэг хүний өдөрт ажиллах цагийг наймаар хязгаарлаагүй, хоёр өдөр амардаггүй байсан. Үндсэндээ үхэн үхтлээ ажиллаж байж л өдрийн хоол, цалинтай залгадаг байсан үе. Гэхдээ хэн ч үхэн үхтлээ ажиллаж чаддаггүй байсан нь харамсалтай. Өндөр настай, хүч чадалгүй болоод ирэхээр ажлаа хийж чадалгүй өлбөрч үхдэг байсан. Германы улс төрийн нэрт зүтгэлтэн Отто фон Бисмарк эндээс даатгалын бүтээгдэхүүнийг анх бий болгосон гэдэг.
Хурд, хүч чадал шаарддаг өнөөдөр хийж байгаа ажлаа тав, арван жилийн дараа хийж чадахгүйгээ мэдэж байгаа иргэдэд зориулан 70 нас хүрээд даатгалаас үхэн үхтлээ тэтгэмж, тэтгэвэр авах боломжтой даатгалын бүтээгдэхүүнийг иргэддээ санал болгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл тухайн цаг үе, нийгэмд өндөр наслах нь өөрөө эрсдэл байсан. Тухайн үед даатгуулсан 10 хүний нэг, хоёр нь амьд үлдэж энэхүү даатгалаас нөхөн төлбөр тэтгэмжээ авч энэхүү тогтолцоо нь өөрөө улс орон, энэ үйлчилгээг үзүүлж буй даатгалын компаниудад ашигтай гэх үү, их дэлгэрсэн бүтээгдэхүүн болсон. Энэ цаг үеэс хойш 200 гаруй жилийн хугацаанд тэтгэврийн төлдөг шимтгэлийн хугацаа нь урт болж, шимтгэлийн хэмжээ нь буурч, тэтгэврийн насыг залуужуулж даатгал суурьтай бүтээгдэхүүн сайжирсаар ирсэн.
Гэтэл он цагийн эрхэнд нийгэм, хүний амьдрал өөрчлөгдөж хүмүүсийн насжилт уртассан, үйлдвэрчний эвлэл бий болж, ажилчдын ажиллах цаг хязгаартай болж, амрах өдрүүдтэй болж, ажилчид үхэн үхтлээ ажиллах сонирхолгүй болж тодорхой насанд хүрч гавьяаныхаа амралтад гарч амрах, аялах сонирхолтой болсон.
Энэ үеэс эхлэн Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд хуучны эрсдэл, даатгал суурьтай тэтгэврийн тогтолцоог шинэчлэх ажил эхэлсэн. Тухайн үедээ нийгмийн хөрөнгөтэй, нэмэлт мөнгөн хуримтлал үүсгэдэг иргэдийн ашигладаг байсан хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагаа нь урт хугацаандаа мөнгөн хөрөнгийн үнэ цэн, хэмжээг нэмэгдүүлж байсан бөгөөд энэхүү загварт түлхүү шилжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, сар болгон орлогоос нь албан журмаар авч байсан даатгалын шимтгэлийг больж хуримтлал үүсгэж, түүнийгээ хөрөнгө оруулалтын сангуудын зарчмаар удирдан ажиллуулах болсон.
Бид шинэчлэлээ хийж чадахгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд манай даатгал суурьтай тэтгэврийн тогтолцоо нь дампуурчихсан гээд хэлж болно. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа иргэдийн 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгөөс доош хэмжээгээр тэтгэвэр авч байна. Гэтэл өндөр настай иргэдэд энэ мөнгө амарч, аялах битгий хэл амьдрахад нь ч хүрэлцэхгүй байгаа бөгөөд тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлт үргэлж төр засагт очиж байдаг. Гэвч нэг жилийн хугацаанд 500 тэр бум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа, алдагдлаа улсын төсвөөс нөхүүлж байгаа тэтгэврийн даатгалын сан тэтгэвэр, тэтгэмжээ нэмэх боломжгүй байна. Тиймээс л энэ тогтолцоог шинэчлэх ёстой. Иргэн нь ядуу, улс нь баян байж болохгүй шүү дээ. Иргэд нь баян улс өөрөө баян байдаг.
Нэг бодит жишээ хэлье. 1990 онд 10 мянган төгрөгийн цалинтай хүн сард цалингийн 20 хувь 2 мянган төгрөгийн шимтгэл төлж байлаа гэж бодъё. Даатгал суурьтай тэтгэврийн тогтолцоотой байснаар төлсөн 2000 төгрөг нь ямар ч эдийн засгийн хөшүүрэгт уягдаагүй, зүгээр банкны харилцах дансан дээр байсан чигээрээ үлдсэн. Энэ хугацаанд мөнгө үнэгүйдэж, өнөөдөр 2000 төгрөгөөр 1 литр сүү авч хүрэхгүй. Гэтэл тэр мөнгө цагтаа тухайн хүний сарын орлогын 20 хувь байсан гээд бод доо. Тэгвэл тэр үед “Сүү” компанийн хувьцаа ширхэг нь нэг төгрөгтэй тэнцэж байсан. Тэр мөнгөөр 2000 ширхэг хувьцаа авчихсан бол өнөөдрийн үнэлгээ нь 400 сая төгрөг болчихсон байх нь. Хувьцаа урт хугацаандаа тэр хэмжээний үнэ цэнийг тээж, хадгалдаг байх нь.
Мөн хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл нь үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулах явдал байдаг. 1990 онд дөрвөн сая төгрөгөөр хотын төвд 2 өрөө байр авдаг байсан бол одоо 100 сая төгрөгөөс буухгүй. Энэ өсөлт биш гэж үү. Хэрэв бид хуримтлал суурьтай тэтгэврийн тогтолцоонд эртхэн шилжсэн байсан бол одоо олон хүний амьдрал өөр байх байлаа.
-Олон тулгууртай тэтгэврийн тогтолцоо гэж юу болох, одоо манайд ямар байгаа талаар та тайлбарлаж өгвөл тун сайн байна.
-Дэлхийн банкны ангиллаар тэтгэврийн тогтолцоо үндсэндээ 0,1,2,3,4 гэсэн таван тулгууртай. Монголд 0 болон 1 гэсэн хоёр нь л байна гэж үздэг. 0 тулгуур буюу тэтгэврийн ямар ч хуримтлал үүсгээгүй, даатгал төлөөгүй өндөр настай иргэн харж хандах хүнгүй, орлогогүй бол төр засгаас үнэ төлбөргүй асарч халамжлах тогтолцоо манайд бий. Санхүүжилт нь татварын орлогоос буюу улсын төсвөөс гардаг. Нэг, хоёр, гурав дахь тулгуур буюу гурван тулгуурт тогтолцоо бий болчихвол дараагийнх нь 4 дэх тулгуур аяндаа үүсдэг. Гурван тулгуурт тогтолцооны эхний нь улсынх байдаг. Албан журмын буюу иргэн өөрийн цалин, орлогоос улсад төлдөг тэтгэврийн хуримтлал гэсэн үг. Хоёр дахь тулгуур нь компанийнх байх ёстой гэж хэлээд байгаа юм. Манайд энэ нь байхгүй. Өөрөөр хэлбэл, даатгуулагчийн цалин, орлогын 8.5 хувьтай тэнцэх шимтгэлийг сар бүр компани, ажил олгогч нь таны буюу ажилтныхаа нэрийн өмнөөс улсад төлдөг. Улс заавал авдаг гэсэн үг. Таны нэрийн өмнөөс компанийн чинь төлж байгаа 8.5 хувийн шимтгэлийг шууд улсад бус, хувийн тэтгэврийн санд хуримтлуулах сонголт хийх боломжтой тогтолцоо бий болгоё гэж хэлээд байгаа юм. Ажил олгогч компанид сонголт үлдээх ёстой атал улс хүчээр авч байгаад хамаг учир байгаа хэрэг. Харин гурав дахь тулгуур нь сайн дурын үндсэн дээр буюу иргэн өөртөө зориулж хувийн тэтгэврийн санд хуримтлал бий болгодог. Өөрөөр хэлбэл, та хожим илүү өндөр тэтгэвэр авъя гэвэл хувийн тэтгэврийн санд данс нээлгээд сар бүр орлогынхоо тодорхой хэсгийг хуримтлуулна гэсэн үг. Дөрөв дэх нь бусдын төлөө буюу өөртөө хэдийн хуримтлалтай болчихсон хүмүүс өөр хэн нэгэнд зориулж хуримтлал үүсгэх хэлбэр юм. Жишээ нь, үр хүүхэдгүй хүмүүс хөрөнгөө асрамжийн газарт хандивлаж, түүнийг нь үйл ажиллагаа, чанарыг нь сайжруулахад зарцуулдаг.
-Компаниудад хаана тэтгэврийн хуримтлалаа үүсгэх сонголт бий болгосноор ямар үр дүн гарна гэсэн үг вэ?
-Өрсөлдөөн үүснэ. Төрийн болон хувийн тэтгэврийн сангууд нь ажил олгогч компанийн үүсгэж буй тэтгэврийн хуримтлалыг хэрхэн хөрөнгө оруулалт хийж өсгөх саналаа гаргана гэсэн үг. Мөнгийг чинь ингэж өсгөнө, ийм ийм үйлчилгээ дагалдана гэх мэтээр өрсөлдөнө шүү дээ. Өнөөдөр арилжааны банкнууд яаж өрсөлдөж буйг харж байгаа биз дээ. Хувийн тэтгэврийн сангууд тэгж л өрсөлдөнө. Улмаар төрийн үүсгэсэн тэтгэврийн сан ч өөрийн эрхгүй өрсөлдөөнд татагдан орохоос аргагүй болно. Одоогийн УИХ өргөн баригдсан хуулийн төсөл дээр дээд тал нь таван хувийн тэтгэврийн сан байна гэж зааж өгсөн байгаа. Энэ нь нөгөө талдаа хэт их өрсөлдөөнөөс болж тэтгэврийн санг эрсдэлд орохоос сэргийлж байгаа нэг хамгаалалт.
-Тогтолцооны өөрчлөлтийг дагаж хувийн тэтгэврийн сан ажиллуулах компаниуд гарч ирнэ гэсэн үг үү? Эсвэл хэдийн бий болчихоод тогтолцоогоо хүлээгээд байна уу?
-Тогтолцоогоо дагаж бий болно. Жишээ нь, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас нэг нь ч одоогийн өргөн баригдсан байгаа хуулийн төслийн хууль, эрх зүйн шаардлагыг хангахгүй. Тиймээс бэлдэх ёстой. Гэхдээ үйл ажиллагаа талаасаа туршлагатай компани байгаа юу гэвэл бий. Тухайлбал, “Ард Лайф”-ыг нэрлэж болно. Хамгийн гол нь тогтолцоогоо зөв бүрдүүлэх ёстой. Хэн нэгэн бизнесмен, улс төрчийн хувийн ашиг сонирхлын төлөө ажиллах зүйл хийж болохгүй.
-Санал нэг байна. Чонын амнаас гараад барын аманд орох гэдэг шиг арай гэж улс хурааж авдаг тогтолцооноос салгасан хөрөнгөө хэнд, хаана хуримтлуулах вэ гэдэг нь хамгийн чухал.
-Тийм ээ. Жишээ нь, хувийн тэтгэврийн санд хөрөнгө оруулагч нарт тавигдах шаардлага дээр зөвхөн хуулийн этгээд хөрөнгө оруулалт хийхээр байгаа. Хувь хүн хөрөнгө оруулахгүй гэсэн үг. Ингэхдээ хоорондоо ашиг сонирхлын зөрчилгүй нэг хуулийн этгээд нэг тэтгэврийн сангаас дээд тал нь 10 хувь эзэмшинэ. Тиймээс тус сан дор хаяж 10 эзэнтэй болно. Тэр олон хүний тэтгэврийн хуримтлалыг нэг хүнд даатгаад, нөгөөх нь хөрөнгийг нь эрсдэлтэй зүйлд зарцуулж, эцэст нь дампуурвал яах билээ. Нэг төсөлд бүх мөнгөө оруулаад дампуурсан нэг бус банк бий шүү дээ. Угтаа тухайн банкны эзний шийдвэр л дампууралд хөтөлчхөж байгаа юм. Тиймээс нэг эзний хамаарал, тэндээс үүсэх эрсдэлийг сааруулах ёстой. Тогтолцоогоо л зөв гаргачихвал компаниуд гажихгүй.
-Та хуулийн төсөлд баригдалгүйгээр өөртөө төсөөлж буй, бий болгохыг зорьж буй тогтолцоо ямар онцлогтой байх бол?
-2-3 хувийн тэтгэврийн сантай, тэдгээрийн тус бүр 75 хүртэл хувийг Монголын үндэсний хамгийн том буюу хамгийн олон хүнд ажил олгосон найман компани нийлж эзэмшдэг байгаасай гэж хүсэж байна. Үлдсэн 25 хувь нь Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагддаг. Тухайн компанийн ажилчдынх нь тэтгэврийн хуримтлалууд нь сангууд руу ордог, эзэд нь хянадаг байна. Үүнээс гадна сангийн хөрөнгө оруулалтын бодлогыг хуульчилж, хэн нэгэн гар хүрэхээргүй болгох ёстой. Жишээ нь: Хөрөнгө оруулж байгаа сангийн нийт хөрөнгийн дээд тал нь 1-10 хувийг нэг компанид хөрөнгө оруулна. Нэг хувь гэдэг нь Норвегийн хөрөнгө оруулалтын сангийн бодлого юм. Сангийн нийт хөрөнгийн дээд тал нь нэг хувийг нэг компанид хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг. Тухайн сангийн нийт хөрөнгө 100 тэрбум төгрөг байлаа гэхэд нэг компани дээд тал нь нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтой гээд бодлогоор хязгаарлачхаж байгаа юм. Дараа нь тухайн хөрөнгө оруулалт хийж байгаа компанийнхаа дээд тал нь 10 хувьд л хөрөнгө оруулна. Ийм хязгаарлалтад баригдалгүй, 70-80 хувьд нь хөрөнгө оруулчхаад аж ахуйн ажилд унаж болохгүй. Компанийнхаа 80 хувийг зарчихсан хүн хаяад явах нь ойлгомжтой биз дээ. Гэх мэтчилэн хуулийн хүрээнд хөрөнгө оруулалтын бодлого нь тодорхой байж хөрөнгө оруулалт нь эрсдэл бага, өгөөж өндөртэй байх болно.
-Энэ шинэчлэл, их ажлыг чухам хаанаас эхэлж, ямар дэс дараатай хийх ёстой вэ?
- Гурван алхамтай хийх нь зүйтэй. Эхлээд хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчны зохицуулалтыг бий болгох ёстой. Энэ бол хамгийн том бөгөөд чухал алхам. Үүнийг маш сайн хийх шаардлагатай. Ингэхдээ хувийн тэтгэврийн сангийн эздэд тавих шаардлагыг өндөр болгож, хөрөнгө оруулалтын бодлого нь ч сайн байх ёстой талаар дээр дурдсан. Хоёрдугаарт, тэтгэврийн сангууд үүсэж, хуримтлал бий болгоод эхлэнгүүт компанийн тулгуур буюу 2 дахь тулгуураа босгох ёстой. Ажил олгогчоос ажилтан бүрийнхээ өмнөөс улсад төлж байгаа 8.5 хувийн шимтгэлийг хувийн тэтгэврийн санд төвлөрүүлэх эрх, сонголт бий болгох хэрэгтэй. Жишээ нь, том, жижиг гэлтгүй компаниудын эздэд нэг асуудал тулгарч эхэлсэн. Нэг компанид 20, 30 жил ажилласан хүмүүс тэтгэвэрт гарсан өдрөөс орлого нь 50 хувь буурдаг. Тиймээс ч компаниас маань “юм” өгөх юм болов уу гэж хардаг. Өөрийн амьдралыг зориулж, ямар нэг компани, салбарыг бий болгохын төлөө насаараа зүтгэчхээд гомдол тээж хоцордог. Зарим боломжтой нь тэтгэвэрт гарсан ажилтандаа тав, 10 сая өгдөг. Тэр нь гэхдээ үлдсэн амьдралд нь хангалттай гэж үү. Энэ байдлаас эздийг аврах гарц нь нь тэтгэврийн тогтолцооны шинэчлэл. Гуравдугаарт, төрийн тэтгэврийн санг шинэчлэх ёстой. Төрд шууд шинэчлэл эхлүүлэхэд хөшүүн, хойрго, хүнд сурталтай, маш урт хугацаа шаардлагатай. Энэ алхмыг эхний хоёр шинэчлэлийн дараа эхлүүлэх нь оновчтой. Төр ч тэтгэврийн сангаа хуримтлал суурьтай болгож, хөрөнгөжүүлж, хувийн сангуудаас хөрөнгө оруулалтын бодлогыг нь хуулж хэрэгжүүлбэл иргэддээ одоогийнх шиг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэвэр өгөхгүй. Тэтгэврийг нь хэд дахин нэмэгдүүлнэ.
-Танай “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг төрийн тэтгэврийн санг хэрхэн үр дүнтэй ажиллуулах талаар байр сууриа идэвхтэй илэрхийлдэг нэгэн. Та түүнтэй санал нэг байна уу?
-Тийм ээ, төрийн өмчит компаниудын хөрөнгийг нэгтгэвэл бараг 17 их наяд төгрөг болно. Иймд тэдний нэрийг өөрчлөөд тэтгэврийн сан болгочих гэж Ч.Ганхуяг захирал хэлсэн байдаг. Төрийн өмчит компани, төслүүдээс орж ирж байгаа орлогуудыг тэтгэврийн данснуудад нь хуваарилаад, тэтгэврийн насныхан нь шууд зарцуулах эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. Төрийн өмчит компаниудын ажилчдын тэтгэврийн хуримтлал нь төрийн тэтгэврийн сан дээрээ байдаг, орлого нь тэтгэврийн сандаа очдог байна гэсэн үг.
-Асар олон үр дүн дагуулах шинэчлэлийн талаар тантай ярилцлаа. Үүнийг хийж чадвал боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж ч сайжрах нь тодорхой байна. Ирэх дөрвөн жилд эрх барих нам МАН. Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө энэ талаар тусгасан байсан уу?
-МАН, АН, МАХН, ХҮН-ын мөрийн хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэл, реформ хийх талаар тусгасан байсан. 2050 он хүртэл баримтлах “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт ч энэ талаар тусгаж, зорилт дэвшүүлсэн. МАН олонх болсон учраас энэ шинэчлэлийг хийнэ гэдэгт итгэж байна. Энэ Засгийн газар, эрх баригчдын түүхэнд дурсагдан үлдэх гавьяа нь тэтгэврийн шинэчлэл байх болно. Боловсрол болон эрүүл мэндийн салбарт реформ хийж, гайхалтай гоё бүтэц бий болголоо ч тэрийг хүн л хүндээ хүргэнэ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн супер тогтолцоо бий болгочхоод түүнийг хүнд хүргэх нь эмч, боловсролын супер тогтолцоо бий болгочхоод түүнийг хүнд хүргэх нь багш. Гэтэл багшийн ирээдүйн баталгаа, цалин, хангамж муу бол ямар ч мундаг тогтолцоо байгуулаад амжилттай ажиллахгүй. Багш хүн тэтгэвэрт гарахдаа тэрбумтан болох нөхцөл бүрдүүлсэн цагт л ажилдаа төвлөрч, чин сэтгэлээсээ зүтгэнэ шүү дээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин, сэтгүүлч Б.Номин
Сэтгэгдлүүд (0)