Монголчууд бид залуу байгаа дээрээ бүхнийг амжуулах тухай цөөнгүй ярьдаг. Энэ нь, залуу байхаа больчихвол бүх зүйл дуусах юм шиг цаанаа л түгшүүртэй. Яагаад ингэж боддог, бас ярьдаг юм бол? Хүн төрөлхтөн оршин буй бүхий л цаг үедээ өөрийн үнэт зүйлс болох гэр бүл, үр хүүхэд, мөн өөрийнхөө хөгжлийн төлөө хөдөлмөрлөсөөр ирсэн. Мэдээж зорилго нь хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг хүртэх, үр хүүхдэдээ өвлүүлэх. Гэтэл өнөөдөр бид ирээдүйдээ зориулан хадгалсан хөрөнгийнхөө хэдэн хувийг эргүүлэн хүртэж байгаа вэ? Хуримтлуулсан мөнгө өсөхөө байг гэхэд ядаж хасагдахгүй эргээд ирж чаддаг уу? Тэтгэврийн тогтолцоо бидний өвөө эмээ, аав ээжийн үед ямар байсан, бас одоо ямар байна вэ? Чухамдаа эдгээр асуулт л “залуу байгаа дээрээ...” гэх үгийг байсхийгээд ашиглахад хүргэдэг бололтой. Тэгвэл ирээдүйд энэ бүхэн өөрчлөгдөх боломжтой юу? Бид ирээдүйнхээ төлөө юу хийж чадах бол?! Ингээд Өнгөрсөн, Одоо, Ирээдүй гэх гурван цагийн төлөөлөл болсон хүмүүсийн амьдралыг дүрслэн харцгаая.
Лхамсүрэн 91 настай. Насаараа Улаанбаатар Дулааны сүлжээнд ажиллаад тэтгэвэртээ суусан. Сард 310 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг тэрбээр халамж олгох өдрийг тэсч ядан хүлээсээр, хөл муу ч хоёр суга таягаа тулан босч суун явсаар ойролцоох банкинд очиж өөрт оногдсон хэдийгээ аваад гарна. “Эмээгийнх нь тэтгэвэр буулаа” хэмээн хүүхэд адил баярлан “өврийн” ганц хоёр ач зээдээ чихэр, зайрмаг авч өгч эрхлүүлнэ. Цааш эргэж эмийн сангаас даралтны эм, хавангийн эмээ зэхэж аваад, дэлгүүрээр дайрч цайны сүү, идэх дуртай еэвэнгээ торлоод харина. Гэвч “эмээгийн тансаглал” ихэнхдээ долоо хоног, сайндаа л 10 хоног үргэлжилнэ. Өдөржин гадаа, зундаа бол сүүдэр бараадаж, хавар намартаа нар дагаж, өвөлдөө нөмөрт хяран агаарлаж суухдаа тэтгэврээ юунд зарсан, хэд хоноод дуусах болсныг үеийн хэдтэйгээ хуучилна. Түүнтэй хамт нарладаг өвгөд хөгшдийн зарим нь тэтгэврээ авангуут үр хүүхдэдээ нэмэр болох гэж тэдэндээ атгуулаад өөрөө урьдын адил орцныхоо үүдэнд “амьд камер”-ын ажлаа хийсээр хувь тавилантайгаа эвлэрэн суудаг аж.
Мөнхбаатар 43 настай. Хязгаар нутгийн хилийн заставт цэргийн дарга байгаад залуухнаараа тэтгэвэрт гарсан. Цэргийнхэн өндөр тэтгэмжтэй, эрт тэтгэвэрт суугаад жаргадаг гэцгээх ч тэдний амьдрал руу өнгийгөөд харвал энэ ойлголт эндүү гэдэг нь батлагдана. Хөдөө нутагт тааваар сууж, тэтгэврийн хэдэн цаасаараа лонх султгаж өдөр хоног өнгөрөөдөг утга учиргүй амьдралаар замнахыг хүсээгүй тэрбээр эхнэр, дөрвөн хүүхдээ дагуулан нийслэл бараадаж, сайн сургууль, шинэ үеийн соёл дагахыг зорьжээ. Ид хийж бүтээх насандаа тэтгэвэрт гарсан Мөнхбаатар сарын 500,000 төгрөгөөр өөртэйгөө нийлээд зургаан хүний амьдралыг авч явах боломжгүй тул ажил хайж явсаар нэгэн хүнсний үйлдвэрт ажиллах болов. Насаараа цэрэг командалж явсан түүний хувьд амьдралдаа нэгэн шинэ зүйл сурах шаардлага гарсан нь “захирагдаж сурах”. Сургуулийн гурав, цэцэрлэгийн нэг хүүхдийнхээ боловсрол хөгжлийн төлөө тэрбээр захирагдсаар, бас зүтгэсээр. Тэгэхээс ч өөр яах билээ...
Батболд + Нандин-Эрдэнэ = Залуу гэр бүл Нөхөр 31, эхнэр 30 настай. Залуу хосууд хоёр хүүгийн хамт аз жаргалтай амьдардаг. Батболд үндэсний хэмжээний томоохон корпорацид ерөнхий менежерээр ажиллаж сард 2,8 сая төгрөгийн цалин авдаг бол Нандин-Эрдэнэ мөн л томоохон груп компанид сарын 1,7 саяын цалинтай ажилладаг. Тэд залуу гэр бүл гэхэд товхийсэн орлоготойд тооцогдоно. Манайдаа бол цалин, нөхцөл сайтайд орох ажил нь тэднээс ар гэрээ анхаарахгүй орхихыг сардаа хэд хэд шаардах боловч тэд элбэг хангалуун сайхан өдөр хоногуудыг өнгөрөөсөөр. Амралтын өдөр аль нэг тохилог рестораныг сонгон хооллож, хааяа аятайхан амралтын газраар саатан хүүхдүүдээ агаарлуулна. Ажлын таван өдөр аав ээжийнхээ царайг ховорхон олж харах бяцхан үрс нь амралтын өдрүүдээр хөөр баяр болон тоглож сэтгэл тэнийнэ. Тэрсхэн төрсөн хоёр хүүтэй болохоор гурван өрөө байр авсан хосууд удахгүй байраа томсгох тухай ч зөвлөлдөнө. Чөлөө завгүй зүтгэж, ажлыг машинддаг өрхийн тэргүүнээс зорилгыг нь лавлахад “Монголын нийгэмд залуу, чадалтай байгаа дээрээ бүх хүчээ дайчилж, үр хүүхдэдээ үлдээх өв хөрөнгөө бэлдэхгүй бол тэгээд л дуусна гэсэн үг шүү дээ” хэмээн хошигнон хариулах.
Тэдний хувьд амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөчийг яг одоогийн залуу, хийе гэснээ хийж, авъя гэснээ авч чаддаг хангалуун сайхан амьдарч буй үеэ хэмээн тодорхойлоод, “Тэтгэвэрт суух үеэ төсөөлөх үү?” гэхэд “Тийм стресстэй юм бодмооргүй байна” гэж эрсхэн татгалзсан билээ. Хүүхдүүдтэйгээ ч ховорхон тааралддагаа хэлчихсэн Батболдоос “Яагаад?” гэж асуух зориг хүрсэнгүй. Учир нь, чин хөдөлмөрөөрөө амьдарч яваа тэдний сар бүрийн суутгал шимтгэлийн эргэн хуваарилалт үнэхээр л бухимдал төрүүлэм гэдэг нь өөрөөс нь түрүүлээд тэтгэвэрт гарсан мянга мянган шилдэг ажилчдын гуниглангуй харцнаас илт байдаг биз ээ. Тэгээд би “Таны хуримтлалын сан өвлөгдөнө гэвэл тэтгэвэрт суух үеэ хамт төсөөлөх үү?” гэж асуухад харц нь арай зөөлрөөд “Тэгье” хэмээсэн юм. Ингээд, монголын залуу гэр бүлүүдийн нэгэн төлөөлөл Батболдын гэр бүлтэй стрессгүй ирээдүйг хамтдаа төсөөлцгөөе.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН 2020 ФОРУМЫН ТОЙМ СЭТГҮҮЛЭЭС.
Нийтлэлийг Б.Ганчимэг
Сэтгэгдлүүд (0)