Г.Сүхбаатар, Ард Кредит ББСБ ХК-ийн Стратеги, Бодлого Төлөвлөлт Хариуцсан Захирал
Зээл нь ирээдүйд орж ирэх санхүүгийн эх үүсвэрээ барьцаалан, тохирох өртөгтэйгөөр авч буй санхүүгийн нэг төрлийн үйлчилгээ бөгөөд шаардлагатай тохиолдолд батлан даалт болгон барьцаа шаарддаг. Харин зээлийн зарцуулалт нь тухайн зээлдэгчийн өөрийнх нь зохистой төлөвлөлтөөс шууд хамааралтай байдаг. Зээлийн үйлчилгээний цар хүрээ илүү өргөн, нээлттэй, олон бүтээгдэхүүнтэй, үүнийгээ дагасан боломжууд нь их, зээл авах нөхцөлийн хувьд уян хатан, энэ дундаа хугацаа урттай, төлөхөд хүндрэл бага ч, орж ирэх орлогыг нарийвчлан тооцоход дутагдалтай тал ажиглагддаг.
Жишээ нь: Санхүүжилт орж ирсэн байхад авсан зээлээ хаахгүй, өөр хөрөнгө оруулалтуудад өмнөх санхүүжилтээ зарцуулах, өрхийн хувьд ажлаас гарсан, цалин орлого буурдаг, амралттай байсан хугацаа, илүү хэрэглээнд хөрөнгө оруулалтаа түлхүү оруулсан зэрэг асуудлууд гардаг. Энэ үедээ зээлдэгч нар хариуцлагатай байх үүднээс мэдээллээ ил тод, нээлттэй өгөхгүй, зээлийн эргэн төлөлтөө хийхдээ эргэлтийн хөрөнгөөс, эсвэл бусдаас давхар зээл авч төлөлтөө барагдуулах байдлаар явж ирсэн нь ирээдүйд хүндрэл үүсэх нөхцөл болдог. Гэвч үүнд гарц гаргалгаа бий. Тухайлбал, зээлийн нөхцөл өөрчлөлт буюу анх зээл авахдаа хийсэн гэрээний нөхцөлд тодорхой өөрчлөлт оруулах боломж юм. Нөхцөл өөрчлөлт нь зээлийн хэмжээ, хугацаа, хүү, эргэн төлөлт, барьцаа, зээлийн ангилал гээд өргөн хүрээтэй ойлголт юм.
Зээлийн үндсэн төлбөрт бодогдсон хүүг дахин зээл болгохыг хуулиар хориглодог.
Заавал хуримтлагдсан хүүгийн төлбөрийг бүрэн төлөөд үндсэн төлбөрийн үлдэгдэлд нөхцөл өөрчлөлтүүдийг оруулахыг зөвшөөрдөг.
Зээлдэгч ихэвчлэн хуримтлагдсан хүүгийн төлбөрөө бүрэн төлж чадахгүйгээс түүнийгээ үндсэн төлбөрт шилжүүлээд нөхцөл өөрчлөлт хийдэг нийтлэг алдаанууд байдаг. Энэ нь хүүнээс дахин хүү бодож буй эрсдэл юм.
2000 оны эхээр банкны салбарт зээлийн үйлчилгээг хүргэхдээ санхүүгийн сургалт орж байсан, энэ үед санхүүгийн сахилга бат одоогийн үетэй харьцуулахад өндөр байлаа.
Уг сургалтаар хамгийн багадаа хүүгийн тооцоолол хэрхэн бодох, эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн тохиолдолд санхүүгийн эрсдэлээс гадна ямар эрсдэлүүд учирч болох, мөнгөн урсгалын төлөвлөлт зэрэг ойлголтыг нэгтгэж хүргэдэг байсан. (Одоо ч бидний хувьд энэ ажлыг орхигдуулаагүй “Ард Академи” сургалтын хөтөлбөртөө тусгасан байдаг)
Одоо “зээл авахад амар ч зээлийн зохистой зарцуулалт амаргүй” болж, гол алдаануудаас дийлэнх хувийг эзэлдэг нь зээлдэгчийн хувийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг тодорхойлж байна гэж харагддаг.
Олон удаа зээл авчихсан туршлагатай гэдэгтээ тулгуурлан, буруу мэдээлэл өгч хэт өндөр зээл авах эрсдэл нэлээд их хувийг эзэлдэг, талууд хэт найддаг, судалгаа дутуу хийгддэг эрсдэл бий.
Банкны эдийн засагч ганц зээлийн өргөдлийн судалгааг бус харилцагчийн хандлагын судалгааг хийж харилцагчдад зөвлөмж өгөх үүрэгтэй. Хувь хандлагыг тодорхойлохдоо гэр бүлийн харилцаа, бизнесийн хамтрагч, удирдлагын багаас үнэлгээг нь харж болох, мөн банк талаас тухайн бизнесээ сайтар судалсан байхыг зээлдэгч талаасаа шаарддаг байх ёстой.
Зээлдэгч зээлийн өргөдөл гаргахаас өмнө ялангуяа өрх гэр бүлийн хүрээнд нарийн ярилцаж, тооцоолол хийн, судалсны үндсэн дээр банканд ханддаг, үүнд нь ч банкны эдийн засагч хүндэтгэлтэй хандаж сайтар зөвлөх хэрэгтэй. Зөвхөн олголт хийх зээлийн өргөдлийн араас бус зээлийн өргөдлийн явцад хүртэл зээлдэгч нарт маш сайн зөвлөгч байхыг эрмэлзэх нь зүйтэй.
Зээл авсны дараах зээлийн зарцуулалтыг, төлөвлөсний дагуу эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалтад бус хэрэглээний зориулалтад зарцуулах тохиолдол нийтлэг байдаг нь зээлийн мөнгөн урсгалд урт хугацаанд эрсдэл үүсгэдэг.
Тооцоо судалгаагаар зориулалтын бусаар зарцуулсан зээлийн чанар 100 зээл тутамд 85 нь богино хугацаа буюу 3 сараас дээш хугацаанд эрсдэлд орсон байдаг. Зээлийг зарцуулахдаа богино, дунд, урт хугацаанд хэрхэн төлөх төлөвлөлтийг маш сайтар хийх, орлого зардлын өртгийн зөрүүг тооцож гарган хяналт тавиад ажиллахыг зөвлөе.
Сүүлийн үед хэрэглээний зээлд цахим үйлчилгээг түлхүү ашиглаж байгаа нь хувь хүнээс шалтгаалсан шийдвэрээс татгалзаж байгаагаараа их том давуу тал болж байгаа. Удахгүй бид бизнесийн зээлийн өргөдлийг цахимаар шийдвэрлэдэг нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэдэгт итгэдэг. “Зээл авах амархан, зээлийн зарцуулалт буюу хөрөнгө оруулалт нь маш төвөгтэй болсон”-ыг судлах, үүнд цаг зарцуулах үе нь ирсэн гэж боддог.
Сэтгэгдлүүд (0)