Гурван тулгуурт тэтгэврийн тогтолцоо болон нэг тулгуурт Монгол тогтолцоо

Гурван тулгуурт тэтгэврийн тогтолцоо болон нэг тулгуурт Монгол тогтолцоо Хөгжингүй орнуудын хувьд иргэдэдээ олон эх үүсвэрээс орлогоо бүрдүүлэх боломж бүхий гурван тулгуурт тэтгэврийн тогтолцоог баримталдаг бол манай улсын хувьд өнөөх л нэг тулгуурт...

Хөгжингүй орнуудын хувьд иргэдэдээ олон эх үүсвэрээс орлогоо бүрдүүлэх боломж бүхий гурван тулгуурт тэтгэврийн тогтолцоог баримталдаг бол манай улсын хувьд өнөөх л нэг тулгуурт буюу улсын зохицуулалттайгаар ажил хөдөлмөр эрхэлж, амьдралын төлөө зүтгэж яваа иргэдээсээ шимтгэл хэлбэрээр татаж, тэтгэвэрт гарагсдадаа хуваарилах зарчмаа барьсаар. Тэгвэл олон улсад баримтлагддаг гурван тулгуурт зарчим болон нэг тулгуурт Монгол тогтолцооны дүр зургийг харьцуулан харцгаая. 

 

Гурван тулгуурт тэтгэврийн тогтолцооны давуу тал юу вэ? 

Гурван тулгуурт тэтгэврийн тогтолцооны хамгийн том давуу тал бол хувь хүний хэрэгцээ, зорилго, эрсдэлд хандах хандлага, хөрөнгө оруулалтын хугацаа, аюулгүй байдлын шаардлагын дагуу тухайн хүнд тохирсон хөрөнгө оруулалтын стратеги боловсруулах боломжийг олгодогт оршино.

Эхний тулгуур

Улсын, албан ёсны тэтгэврээс бүрдэнэ. Энэ нь тэтгэвэр авагчдын үндсэн орлого болдог бөгөөд тэтгэврийн түвшин нь хуулиар тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбогдож тооцогдоно. Эхний тулгуур багана нь ихэвчлэн “pay-as-you-go” систем буюу тэтгэврийн зардлыг одоогийн ажиллах хүчээс шимтгэл хэлбэрээр төлөх зарчмаар явдаг.

Хоёр дахь тулгуур

Байгууллага буюу ажиллах салбартай холбоотой тэтгэврийн схемээс бүрддэг бөгөөд ихэнхдээ хувийн тэтгэврийн сангийн удирдлага дор явагдана. Уг тулгуур нь капиталын санхүүжилтээр буюу ажил олгогч ба хуримтлал үүсгэгчдийн оруулсан шимтгэл, хөрөнгө оруулалтын өгөөжөөр санхүүждэг тогтолцоо юм.

Гурав дахь тулгуур 

Хувь хүний сайн дурын тэтгэврийн бүтээгдэхүүнээс бүрдэнэ. Эдгээрийг голчлон хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон хамтын тэтгэврийн тогтолцоогүй салбарт ажиллагсад ашигладаг. Гэхдээ иргэн өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн илүү их тэтгэвэр хуримтлуулахын тулд энэхүү тулгуурыг ашиглах боломжтой ба татварын хөнгөлөлтийг ашиглан тэтгэврийн хөрөнгөө нэмэгдүүлэх нэгэн арга юм.

Гурван тулгуурт тэтгэврийн системийг пирамидаар харуулбал:

1.jpg
 

Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцооны өнөөгийн байдал

Нийгмийн даатгал сан

Монгол улсын нийгмийн даатгалын сан нь:

Тэтгэврийн даатгал

Эрүүл мэндийн даатгал 

Тэтгэмжийн даатгал 

Ажилгүйдлийн даатгал

Үйлдвэрлэлийн осол

Мэргэжлээϲ шалтгаалах өвчлөлийн даатгал гэх 5 дэд сангаас тогтдог. 

Гэвч тэтгэврийн даатгалын сан нь нийгмийн даатгалын сангийн орлого ба зарлагын дөрөвний нэгийг дангаар эзэлж байгаа нь тус сангийн үйл ажиллагаа нийт сангийн үзүүлэлтэд пропорционал бус нөлөөтэй байгааг харуулна.

Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын бүтцийг зургаар харцгаая.

2.jpg

Одоогоор нийгмийн даатгалын сангууд дотор алдагдалтай явж байгаа ганцхан сан байгаа нь тэтгэврийн сан бөгөөд нийт алдагдлын ихэнхийг бий болгож байна. Энэ нь эргээд нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны үзүүлэлт, бусад хэвийн ажиллаж буй сангуудын хүртээмж, төсөв зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа юм.

Нийгмийн даатгалын сангийн ашиг ба алдагдал

3.jpg

Манай улсад одоогоор даатгуулагч, ажил олгогч шимтгэл төлөх замаар ганцхан эх үүсвэрээр тэтгэврийн хуримтлал бүрэлддэг. Уг хуримтлал нь өнгөрсөн хугацаанд зөв менежментээр өсөж үржих биш харин тэтгэврийн зардалдаа ч  хүрэхгүй улсын төсөвт дарамт учруулсаар ирсэн юм.

Тэтгэврийн даатгал сан

Тэтгэврийн даатгалын сан нь сүүлийн 8 жил алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд ингэхдээ сүүлийн 5 жилийн дундаж алдагдал нь 500 гаруй тэрбум хүрээд байна.

Тэтгэврийн даатгалын сангийн орлого, зарлагын тэнцэл

4.jpg

Тэтгэврийн тогтолцооны үндсэн зорилго нь өндөр настай иргэдийг ядуурлаас хамгаалах байтал одоогийн тэтгэврийн дундаж түвшин цалингийн дундаж түвшнөөс даруй 69 хувиар бага байгаа юм. Энэ нь жилд дунджаар 1 сая 260 мянган төгрөгийн цалин авч байсан иргэн тэтгэвэрт гараад 397 мянга буюу бараг 3.2 дахин бага орлоготой болж нийгмийн эмзэг бүлэг рүү шилжих эрсдэл өндөр байгааг харуулж байна.

Монгол улсын хүн амын дундаж наслалт ба төрөлтийн коэффициент

5.jpg

Монгол улсын хүн амын дундаж наслалт 2000 онд 63 байсан бол 2019 онд 70 болж өссөн нь жилд дунджаар 4 сараар уртсаж байгаа үзүүлэлт юм. 2050 он гэхэд Монголын хүн амын 20 хувийг 60-аас дээш насныхан эзэлнэ гэсэн судалгаа гарсан байна. Түүнчлэн төрөлтийн коэффициент 2014 оноос эхлэн буурсаар байгаа нь тэтгэврийн системийн ирээдүйн тогтвортой байдалд хүндрэл учруулж байна.

Тэтгэврийн даатгалын сангийн 2018 оны алдагдал тус оны ДНБ-ий 1.5 хувьтай тэнцэж байсан бол Дэлхий Банкны гаргасан судалгаагаар 2030 он гэхэд 7 хувьд хүрч өсөхөөр байна.

Энэхүү хүн амын нас бүтцийн өөрчлөлт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэйгээр зайлшгүй өсөн нэмэгдэж байгаа тэтгэврийн зардлын асуудлыг шийдвэрлэхээр тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг 2015 онд баталсан бол Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг 2020 онд өргөн барьсан байна. Эдгээр тэтгэврийн шинэчлэлийн асуудлуудад тэтгэврийн орлогын хүрэлцээ, тэтгэврийн өөр өөр давхаргаас уг орлогыг бүрдүүлэх зэрэг нэн чухалд тооцогдож байна.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2020 оны 05 сарын 6, 04:00

    Эдийн засаг саарах эрсдэлтэй үед хувийн санхүүгийн удирдлага чухал

    featured
    2020 оны 05 сарын 22, 04:00

    Эдийн засаг, Хувийн санхүү, Төлөвлөлт, Аз жаргал, Амьдрал

    featured
    2020 оны 05 сарын 27, 04:00

    Хуримтлал үүсгэх 5 арга

    featured
    2020 оны 06 сарын 9, 04:00

    Хувь хүний зээлийн ангилал буюу Монголбанкны “хар, саарал” жагсаалт яагаад чухал вэ?