Ихэнх хөгжингүй болон хөгжиж буй орнуудад төрөлтийн түвшин буурч, хүн амын дундаж наслалт уртсаж байгаа нь тэтгэвэр авагчдын тоог эрс нэмэгдүүлж байна. Энэ нь улсын тэтгэврийн тогтолцоонд ихээхэн том ачаа болж байгаа билээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын орнуудад сүүлийн 40 жилийн хугацаанд хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох 65-с дээш насны хүмүүсийн тоо 20-с 31 болж өссөн бол 2060 он гэхэд ойролцоогоор хоёр дахин нэмэгдэж, 58 хүрэх таамаглалтай байна. Эстон болон Солонгос зэрэг улсуудад тэтгэврийн дундаж түвшин нь тэтгэврийн өмнөх дундаж орлогын 70 хувьтай дүйцэж байгаа бол уг харьцаа нь Израиль, Франц, Люксенбург зэрэг улсуудад 100 хувиас давсан байгаа юм. ЭЗХАХБ-н орнуудын дундаж 87 хувьтай байгаа бол Монгол улсын хувьд энэ үзүүлэлт нь 31 хувьтай байна. Хмарьцааны хувьд анай улстай ижил түвшинд байгаа улсуудын тоонд Литва, Мексик зэрэг орнууд багтаж байна. Ингэснээр иргэд тэтгэвэрт гараад орлого нь огцом буурах, дунджаар 69 хувиар бага орлоготой болсноор нийгмийн эмзэг бүлэгт шилжих эрсдэл үүсээд байна. Тэтгэврийн орлого ба бодит амьжиргааны зардлын зөрүү ихэнх улсуудад аль хэдийн өндөр байгаа ч 2050 он гэхэд даруй 5 дахин өсөх таамаглал гарсан байна.
Үйл ажиллагааны хувьд хамгийн өндөр үзүүлэлтүүдийг харуулж, тэтгэврийн өмнөх ба дараах орлогын зөрүүг багасгаж чадсан улсуудад тэтгэврийн системийн 3 тулгуурт тогтолцоог ашигладаг. Үүнд Дани, Нидерланд зэрэг улсууд багтаж байна. Иргэдээ сайн дурын тэтгэврийн хуримтлалд хамгийн өргөн хүрээнд хамруулж чадсан Бельги, Канад, Герман, Ирланд, Япон, Шинэ Зеланд, Их Британи, АНУ гэх мэт улс орнуудад карьерынхаа туршид сайн дурын тэтгэвэрт хамрагдах нь тэтгэврийн өмнөх ба дараах орлогын харьцааг 26 нэгж хувиар, 45 наснаас эхлэн хамрагдахад 10 орчим нэгж хувиар өсгөж байгааг ЭЗХАХБ-н тооцоолол харуулжээ.
Сайн дурын тэтгэврийн хуримтлалд хамрагдсанаар тэтгэврийн өмнөх ба дараах орлогын зөрүү хэрхэн сайжирч байна вэ?
Сайн дураар тэтгэврийн хуримтлал үүсгэж эхэлсэн хугацаа тэтгэврийн өмнөх ба дараах орлогын зөрүүг арилгахад чухал ач холбогдолтой байгаа юм.
Харин зөвхөн албан ёсны тэтгэврийн шимтгэлийг төлж явахад, иргэн тэтгэвэрт гарсны дараа тэтгэврийн өмнөх орлогынхоо 50 хүрэхгүй хувийг л авч байна гэсэн үг.
Тэтгэврийн санд байгаа нийт хөрөнгийн хэмжээ ДНБ-д эзлэх хувиар
Гурван тулгуурт тэтгэврийн системийн хамгийн том давуу тал хувь хүний хэрэгцээ, зорилго, эрсдэлд хандах хандлага, хөрөнгө оруулалтын хугацаа, аюулгүй байдлын шаардлагын дагуу тухайн хүнд тохирсон хөрөнгө оруулалтын стратеги боловсруулах боломжийг олгодогт оршино.
Энэхүү тогтолцооны эхний тулгуур нь улсын албан ёсны тэтгэвэр юм. Энэ нь тэтгэвэр авагчдын үндсэн орлого болдог бөгөөд тэтгэврийн түвшин нь хуулиар тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбогдож тооцогдоно. Эхний тулгуур багана нь ихэвчлэн pay-as-you-go систем буюу тэтгэврийн зардлыг одоогийн ажиллах хүч шимтгэл хэлбэрээр төлөх зарчмаар явдаг.
Хоёр дахь тулгуур нь байгууллага буюу ажиллах салбартай холбоотой тэтгэврийн схемээс бүрддэг бөгөөд ихэнхдээ хувийн тэтгэврийн сангийн удирдлага дор явагдана. Уг тулгуур нь капиталын санхүүжилтээр буюу ажил олгогч ба хуримтлал үүсгэгчдийн оруулсан шимтгэл, хөрөнгө оруулалтын өгөөжөөр санхүүждэг.
Гурав дахь тулгуур нь хувь хүний сайн дурын тэтгэврийн бүтээгдэхүүнээс бүрдэнэ. Эдгээрийг голчлон хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон хамтын тэтгэврийн тогтолцоогүй салбарт ажиллагсад ашигладаг. Гэхдээ иргэн өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн илүү их тэтгэвэр хуримтлуулахын тулд энэхүү тулгуурыг ашиглах боломжтой ба татварын хөнгөлөлтийг ашиглан тэтгэврийн хөрөнгөө нэмэгдүүлэх нэгэн арга юм.
Казахстан улс нь мөн ерөнхий буюу засгийн газрын, албан ёсны, сайн дурын гэсэн 3 тулгуурт тэтгэврийн тогтолцоонд шилжих явцдаа байгаа бөгөөд уг хуримтлалд суурилсан схемд 2040 он гэхэд бүрэн шилжиж дуусахаар байна.
Казахстан улсын нийт тэтгэврийн хуримтлал ДНБ-д эзлэх хувиар (KZT, тэрбум)
Сэтгэгдлүүд (0)