Та ямар улс орныг “хөгжингүй”, “өндөр хөгжилтэй” орон гэх вэ? Орчин цагт иргэд нь аз жаргалтай, амьдрахад тааламжтай улс орнуудыг л өндөр хөгжилтэй улс хэмээн нэрлэдэг болоод буй.
Иргэдийн хувьд ирээдүй нь хэн нэгнээс хамааралгүй, өөрийн хүссэн амьдралаар амьдарч, хүссэн ажлаа хийх нь аз жаргалын гол түлхүүр юм. Гэвч өнөөдөр манай нийгэмд ирээдүйн баталгаа гэдэг зүйл байхгүй учраас эмч нар маань үдээс өмнө улсын эмнэлэгт ажиллачихаад үдээс хойш өөрийнхөө хувийн эмнэлэгт ажиллах, багш нар мөн ялгаагүй хуваарийн дагуу хичээлээ заасны дараа амсхийх завгүйгээр, сул цагтаа давтлага өгөх эсвэл өөр сургуульд давхар ажиллах зэрэг үзэгдлүүд маш элбэг.
Мөн цэрэг цагдаагийнхан үндсэн ажлаасаа гадна хамгаалалтын газарт ажиллах, эсвэл өөрсдөө хувиараа хамгаалалтын алба ажиллуулж ашиг орлогоо нэмэгдүүлэх арга эрэлхийлдэг. Бүр цаашлаад зарим нөхцөлд улс төрийн бүлэглэлийн гар хөл боллоо гэсэн зүйлс ч яригддаг. Энэ мэт зүйлүүд юуг харуулж байна вэ гэхээр, тухайн хүнд ирээдүйн баталгаа гэдэг зүйл алга байна гэдгийг л илэрхийлж байгаа юм. Учир нь тэтгэвэрт гарахаараа одоогийн авч байгаа цалин нь 50 хувиар буюу 5 дахин буурдаг.
Ийм тогтолцоотой байхад ихэнх нь цалин орлоготоо сэтгэл хангалуун, итгэл дүүрэн байж чадахгүй. Гэтэл аргагүй нөхцөл байдлаас болоод ирээдүйнхээ баталгааг бий болгохын тулд хувиараа л юм хийх ёстой гээд бүх хүч хөдөлмөрөө зориулаад зүтгэдэг ч энэ нь эргээд өөртөө болон нийгэмдээ эрсдэлтэй байдал үүсгэдэг. Ингээд эцсийн дүндээ нэг их сайн бизнес хийсэн юмгүй, үндсэн үүргээ ч сайн биелүүлсэн юмгүй байдал бий болдог.
Тэгвэл энэ нөхцөл байдлаас ангижирахын тулд хэрхэх вэ? Багш, цэрэг, цагдаагийнхан зэрэг нийгмийн үнэт зүйлсийг бүтээхэд хамгийн их нөлөө үзүүлдэг салбарынхандаа тэтгэврийн хуримтлал хийж байгаа орлого дээр нь улсаас санаачилга гарган, баялгийн сан эсвэл ирээдүйн өв сангаас дансанд нь нэмэлт орлого хийж, энгийн иргэдээс даруй 2,3 дахин их хуримтлал үүсгэж өгөөд тэтгэвэрт гаргах юм бол тухайн мэргэжлийн үнэ цэн ч гэсэн өснө, ирээдүйн баталгаатай, өндөр цалин, хангамжтай мэргэжил болно. Манай улс хуримтлал суурьтай тэтгэврийн тогтолцоотой болох эсэх талаар хуулийн төсөл өргөн баригдсан ч хойшлогдож, нийгэм даяараа чих тавин хүлээж буй.
Тэгвэл аз жаргалын индексээр тэргүүлдэг эхний 10 улс болон, шилдэг тэтгэврийн тогтолцоогоор тэргүүлдэг эхний 10 улсын хоорондын уялдааг харцгаая.
Эндээс 7 улс нь давхардсан байгаагаас харахад зөв, сайн тэтгэврийн тогтолцоотой байх нь ард иргэдийн аз жаргалтай, таатай амьдралд хэрхэн нөлөөлдгийг харж болно.
Бид эдгээр “ТОП” Улсуудын жагсаалтаас өөр нэгэн зүйлийг харж болно. Шилдэг тэтгэврийн тогтолцоо ба Аз жаргал хоорондын салшгүй уялдаанаас гадна дээрх орнууд нь тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоонд суурилан тэтгэврийн системээ хамгийн ухаалгаар шийдэн, иргэдийнхээ амьдралыг сайжруулж, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдруулж чаддаг шилдэг бодлоготой улсууд юм. Гурван тулгуурт тэтгэврийн тогтолцооны талаар товчхон:
Гурван тулгуурт тэтгэврийн тогтолцооны давуу тал юу вэ?
Гурван тулгуурт тэтгэврийн тогтолцооны хамгийн том давуу тал бол хувь хүний хэрэгцээ, зорилго, эрсдэлд хандах хандлага, хөрөнгө оруулалтын хугацаа, аюулгүй байдлын шаардлагын дагуу тухайн хүнд тохирсон хөрөнгө оруулалтын стратеги боловсруулах боломжийг олгодогт оршино.
Эхний тулгуур
Улсын, албан ёсны тэтгэврээс бүрдэнэ. Энэ нь тэтгэвэр авагчдын үндсэн орлого болдог бөгөөд тэтгэврийн түвшин нь хуулиар тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбогдож тооцогдоно. Эхний тулгуур багана нь ихэвчлэн “pay-as-you-go” систем буюу тэтгэврийн зардлыг одоогийн ажиллах хүчээс шимтгэл хэлбэрээр төлөх зарчмаар явдаг.
Хоёр дахь тулгуур
Байгууллага буюу ажиллах салбартай холбоотой тэтгэврийн схемээс бүрддэг бөгөөд ихэнхдээ хувийн тэтгэврийн сангийн удирдлага дор явагдана. Уг тулгуур нь капиталын санхүүжилтээр буюу ажил олгогч ба хуримтлал үүсгэгчдийн оруулсан шимтгэл, хөрөнгө оруулалтын өгөөжөөр санхүүждэг тогтолцоо юм.
Гурав дахь тулгуур
Хувь хүний сайн дурын тэтгэврийн бүтээгдэхүүнээс бүрдэнэ. Эдгээрийг голчлон хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон хамтын тэтгэврийн тогтолцоогүй салбарт ажиллагсад ашигладаг. Гэхдээ иргэн өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн илүү их тэтгэвэр хуримтлуулахын тулд энэхүү тулгуурыг ашиглах боломжтой ба татварын хөнгөлөлтийг ашиглан тэтгэврийн хөрөнгөө нэмэгдүүлэх нэгэн арга юм.
Сэтгэгдлүүд (0)