Ард Секюритиз ҮЦК-ийн Гадаад Арилжаа Хариуцсан Мэргэжлийн Хөрөнгө Оруулагч Б.Алтай
Санхүүгийн зах зээл нь банк, хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл гэсэн үндсэн 3 салбартай байдаг. Манай улсад хөрөнгийн болон даатгалын зах зээл сүүлийн жилүүдэд улам хурдацтай хөгжиж байна. Өндөр хөгжилтэй орнуудад, ялангуяа хамгийн их мөнгө эргэлддэг Америкийн бирж өмнөх зууны эхэн үеээс хойш хөгжөөд явж байгаа учраас дээрх 3 салбар нь эн тэнцүүхэн байж, санхүүгийн зах зээлийн мөн эдийн засгийн “эрүүл” тогтолцоо, тогтвортой харилцаа үүсэхэд нь нөлөөлдөг. Манай улсад сүүлийн 2,3 жилд хүмүүс гадаад арилжаанд идэвхтэй оролцож байна.
Гадаад арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй брокерын компаниуд ч нэмэгдэж, хүмүүсийн гадаад, дотоод гэлтгүй хөрөнгийн зах зээлд оролцох нэмэгдэж, мэдлэг боловсрол олж авахыг эрэлхийлэх болсон ч харилцагчдын мэдээлэл тодорхой хэмжээнд хангалтгүй байгаа учраас гадаад арилжаанд оролцоход мэдлэг боловсрол мөн мэргэжлийн хөрөнгө оруулагчийн зөвлөгөө шаардлагатай байгаа нь анзаарагддаг.
Хөрөнгө оруулъя гэвэл зөвхөн монголдоо гэлтгүй гадаадын биржид хөрөнгө оруулах нь зүйтэй. Учир нь тэнд илүү олон сонголт байгаагаас гадна, бидний мэддэг Facebook, Google, Apple гэх зэрэг аль хэдийнээс үйл ажиллагаа нь тогтворжсон, ашигтай байгаагаа олон жилийн туршид батлаад харуулчихсан маш олон сайн компаниуд бий. Нэгэнт өөрийн мөнгөөрөө хөрөнгө оруулж ашиг шим хүртэхийг хүсэж байгаа бол сонголтоо зөв хийж, хөрөнгө оруулалтын багцаа зөв бүрдүүлэх хэрэгтэй.
Монголд одоогоор нийт 50 гаруй брокер дилерийн компани байгаагаас 5-6 нь гадаадын бирж дээр хувьцаа болон бусад санхүүгийн бүтээгдэхүүнд зуучлах эрхтэй байгаа. Эдгээр брокерын компаниуд бүгд арилжаа тутамд бодогддог шимтгэлийн орлогоор ашгаа хийдэг. Тийм учраас хамгийн туршлагатай, хамгийн найдвартай бөгөөд бага шимтгэлтэйг нь сонгож мэргэжлийн хүний зөвлөгөөг даган хөрөнгө оруулалтын багцаа сонгох хэрэгтэй.
Манай давуу тал нэгдүгээрт, шимтгэл хамгийн багатайгаараа ялгарна. Хоёрдугаарт, бид интерактив брокерс буюу IB платформыг ашиглаж байгаа. Энэ нь хамгийн олон үнэт цаасны сонголттой, 125 бирж дээр 23 мянган төрлийн хувьцаа, 16 мянга гаруй биржээр арилжаалдаг сан (ETF) зэрэг маш олон төрлийн санхүүгийн хэрэгслүүдээс сонголтоо хийх боломжыг олгож байгаа юм. Мөн интерактив брокерс платформоор дамжин хүртэж болох судалгаа шинжилгээ, мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт зэргийг харгалзаж үзээд IB-г ашиглаж байгаа нь бидний хамгийн том давуу тал болно. Мөн хүссэн үедээ, хаанаас ч гар утсаараа багцаа хянаж, арилжаанд оролцох боломжтой. Мөн бид анхны харилцагчдадаа олон жилийн туршлагатай, мэргэжилтнүүдийн зөвлөгөө өгч хөрөнгө оруулалтын багцыг нь бүрдүүлж өгч буйгаараа ялгарна.
Гадаад арилжаанд оролцож байгаа нь тодорхой хэмжээгээр ханшийн хэлбэлзлээс өөрийгөө хамгаалж байгаа гэсэн үг. Гадаад хөрөнгийн биржийн хувьцааны зах зээлд арилжаа хийж оролцсноор өгөөж хүртэх боломж хамгийн өндөр мөн хөрөнгө оруулах боломжтой сонголтууд ч олон байдаг. Манайд инфляцийн түвшин жилийн 10 хувь байгаа, гэтэл долларын ханшийн өсөлт 2006 оноос хойш жилд дунджаар 6.4 хувь, 2012 оноос хойш жилд дунджаар 8 хувь байна. Бодоод үзвэл хүний мөнгө, худалдан авах чадвар жил бүр 16 хувиар буурч байна.
Тэгэхээр энэ тохиолдолд та жилд 16 хувийн өгөөжтэй хөрөнгө оруулалт хийхэд хөрөнгийнхөө үнэ цэнийг л хадгалж байна гэсэн үг. Огт хөрөнгө оруулахгүй байвал таны хөрөнгө жилээс жилд үнэгүйдээд л байна гэсэн үг юм. Тиймээс хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг боловсролоо дээшлүүлэн, судалгаа шинжилгээгээ сайн хийж мөн мэргэжлийн байгууллагын зөвлөгөөний дагуу зөв хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлж явах нь зайлшгүй хэрэгтэй байгаа юм.
Анх удаа хөрөнгө оруулалт хийх гэж буй хүмүүст зөвлөхөд, хөрөнгө оруулалтын багцаа зөв бүрдүүлэх хэрэгтэй, мөн хөрөнгө оруулалтын талаарх мэдлэг, туршлага, зорилго бас мөнгөн дүн зэрэг бүх зүйлсээ тооцоолж байгаад өөртөө тохирсон хугацаа, хэмжээгээ сонгож хөрөнгө оруулалтаа хийхийг зөвлөнө. Өөрийнхөө авсан хувьцааг тогтмол хянаж, “арчлаад” явахаас гадна санхүү эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн тухай мэдлэгээ байнга дээшлүүлж хөгжүүлж байх хэрэгтэй.
Сэтгэгдлүүд (0)