Ард Лайф ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б. Гантулгатай ярилцлаа.
Тэтгэврийн шинэчлэл хийгдснээр одоогийн тэтгэврийн тогтолцооноос юугаараа давуу байх вэ гэхээр нэгдүгээрт, иргэд тэтгэврийн шимтгэл төлж буй мөнгөөрөө хүү, өгөөжтэйгөө өсөх хуримтлал үүсгээд явна гэсэн үг. Хоёр дахь давуу тал нь, тухайн хүн энэ стандартаар төлж байгаа тэтгэврийн хуримтлалаа үр хойчдоо өвлүүлж үлдээх боломжтой болно. Энэ бол хамгийн том 2 давуу тал нь юм.
Эдийн засгийн талаас нь ярихад, тэтгэврийн тогтолцоо нь иргэнийг өндөр настай болох тусам илүү өндөр тэтгэмж олгосноороо иргэнд ирээдүйн баталгаа болж өгч байгаа юм. Тэгэхээр, хэрвээ тухайн хүн тэтгэвэрт гараад, их хэмжээний хуримтлалтай, өндөр дүнгээр тэтгэвэр авдаг болвол ямар ч ажил хийсэн, зөвхөн түүндээ анхаараад явах боломж бий болно шүү дээ. Одоо жишээ нь,заавал хувиараа бизнес хийх ч юмуу, эсвэл улс төрд орж байж мөнгөтэй болох биш урдах ажлаа хийж явахад тэтгэврийн хуримтлал нь өндөр үр өгөөж өгч, тухайн хүн боломжийн тэтгэмжтэй байхаар бол хүмүүст ажиллах таатай орчин бүрдэнэ. Ялангуяа өдөр тутмын маш их ачаалал, цаг хугацаа шаардагддаг эмч, багш, цэрэг, цагдаагийнхан болон нийгмийн аюулгүй байдлын төлөө ажилладаг хүмүүст ирээдүйн баталгаа гаргаж өгөх хэрэгтэй.
Өнөөдөр манай нийгэмд ирээдүйн баталгаа гэдэг зүйл байхгүй учраас эмч нар маань үдээс өмнө улсын эмнэлэгт ажиллачихаад үдээс хойш өөрийнхөө хувийн эмнэлэгт ажиллах, багш нар хуваарийн дагуу хичээлээ заасны дараа амсхийх завгүйгээр, сул цагтаа давтлага өгөх эсвэл өөр сургуульд давхар ажиллах зэрэг үзэгдлүүд маш элбэг. Мөн цэрэг цагдаагийнхан үндсэн ажлаасаа гадна хамгаалалтын газарт ажиллах, эсвэл өөрсдөө хувиараа хамгаалалтын алба ажиллуулж ашиг орлогоо нэмэгдүүлэх арга эрэлхийлдэг. Бүр цаашлаад зарим нөхцөлд улс төрийн бүлэглэлийн гар хөл боллоо гэсэн зүйлс ч яригддаг. Энэ мэт зүйлүүд юуг харуулж байна вэ гэхээр, тухайн хүнд ирээдүйн баталгаа гэдэг зүйл алга байна гэдгийг л илэрхийлж байгаа юм. Учир нь тэтгэвэрт гарахаараа одоогийн авч байгаа цалин нь 50 хувиар буюу 5 дахин буурдаг. Ийм тогтолцоотой байхад ихэнх нь цалин орлоготоо сэтгэл хангалуун, итгэл дүүрэн байж чадахгүй. Гэтэл аргагүй нөхцөл байдлаас болоод ирээдүйгээ баталгаатай болгохын тулд хувиараа л юм хийх ёстой гээд бүх хүч хөдөлмөрөө зориулаад зүтгэдэг ч энэ нь эргээд өөртөө болон нийгэмдээ эрсдэлтэй байдал үүсгэдэг. Ингээд эцсийн дүндээ нэг их сайн бизнес хийсэн юмгүй, үндсэн үүргээ ч сайн биелүүлсэн юмгүй байдал бий болдог.
Улсаас бодлогоор зохицуулах хэрэгтэй. Жишээ нь эмч, багш, цэрэг, цагдаагийнхан зэрэг нийгмийн үнэт зүйлсийг бүтээхэд хамгийн их нөлөө үзүүлдэг салбарынхандаа тэтгэврийн хуримтлал хийж байгаа орлого дээр нь улсаас санаачилга гарган, баялгийн сан эсвэл ирээдүйн өв сангаас дансанд нь нэмэлт орлого хийж, энгийн иргэдээс даруй 2,3 дахин их хуримтлал үүсгэж өгөөд тэтгэвэрт гаргах юм бол тухайн мэргэжлийн үнэ цэн ч гэсэн өснө.
Ирээдүйн баталгаатай, өндөр цалин, хангамжтай мэргэжил болох юм бол дунд сургуулиа төгсөж байгаа хүүхдүүд ч гэсэн тухайн мэргэжлийг сонгох эрэлт нь ихэснэ. Өөрөөр хэлбэл, илүү дээгүүр жагссан хүүхдүүд эдгээр мэргэжлүүдийг сонирхож, сонгосноороо эргээд их, дээд сургуулиудын сургалтын чанарт ч гэсэн сайнаар нөлөөлнө шүү дээ. Одоо яригдаад байгаа боловсролын реформ, эрүүл мэндийн реформ гэдгийг нийтэд хүргэх ёстой гол хүн нь илүү чанаржаад явчихна. Улмаар дараа дараагийн боловсон хүчнүүд чанартай, сайн сурч төгсөхөд анхаарлаа илүү хандуулснаар эргэх гинжин урвалд орж, тэд ажил дээр гарахад бид маш сайн эмч, багш, цэрэг цагдаа нартай болно гэсэн үг.
Залууст маш их хамааралтай бөгөөд олон давуу талтай. Хуримтлал суурьтай тэтгэврийн тогтолцооны хамгийн том давуу тал, хөшүүрэг нь” цаг хугацаа”. Аль болох урт, удаан хугацаанд тэтгэврийн хуримтлал үүсгэх тусам тухайн хүн тэтгэвэрт гарахдаа илүү өндөр тэтгэвэр авдаг. Дээрээс нь тухайн залуу хүн эртнээс тэтгэврийн хуримтлал үүсгэчихээр залуу хүмүүсийн хувьд нэн тэргүүний хэрэгцээ болох орон сууц худалдан авалтын урьдчилгаа авах, мэргэжил дээшлүүлэх сургалтын төлбөр, өндөр дүнтэй эмчилгээний төлбөрийг заавал тэтгэвэрт гарахгүйгээр, хугацаанаас нь өмнө авах боломжийг хуримтлал суурьтай тэтгэврийн тогтолцоо бий болгож өгч байгаа юм.
Яг одоогийн байдлаар манай улсад богино хугацааны хуримтлал их дэлгэрч байна. Хүмүүс 3, 6,12 сарын хугацаатайгаар мөнгөө хуримтлуулж, банканд хадгалдаг болчихсон. Энэ нь богино хугацааных учраас ойрын хэрэгцээндээ зарцуулаад өнгөрчихдөг. Дунд хугацааны хөрөнгө оруулалт буюу хувьцааны хөрөнгө оруулалт Монголд мөн дөнгөж дэлгэрч яваа. Харин тэтгэвэр бол урт хугацааны хөрөнгө оруулалт байдаг. Тэгэхээр хэрэв залуу хүмүүс хуримтлал үүсгэх гэж байгаа бол хуримтлалаа 3 хэсэгт хуваагаад, гуравны нэгийг нь богино хунацааны хөрөнгө оруулалтанд, нөгөө нэгийг нь дунд хугацааны буюу 5-10 жилийн хөрөнгө оруулалтад зориулаад, тэтгэврийн хуримтлалдаа 15-30 жилийн хугацаатай бүтээгдэхүүнд хөрөнгө оруулвал танд илүү үр өгөөж хүртэх боломжийг нээж өгдөг.
Сэтгэгдлүүд (0)