Хувийн тэтгэврийн сан - Монгол улсад авчрах нөлөөлөл

Дэлхийн улс орнуудын 80 хувь нь хуримтлалын тогтолцоо руу шилжиж, иргэдэдээ урт хугацааны хуримтлал үүсгэх зорилгоор Хувийн тэтгэврийн сангуудын үйл ажиллагааг дэмжин ажилладаг.
Хувийн тэтгэврийн сан - Монгол улсад авчрах нөлөөлөл-min.jpg

Дэлхийн улс орнуудын 80 хувь нь хуримтлалын тогтолцоо руу шилжиж, иргэдэдээ урт хугацааны хуримтлал үүсгэх зорилгоор Хувийн тэтгэврийн сангуудын үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Монгол улс энэхүү орнуудын эгнээнд нэгдсэнээр нийгмийн болон эдийн засгийн байдлыг өөд татаж чадна. Жишээлбэл, иргэдэдээ орлогын нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж, хөрөнгийн зах зээл, хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлж, эрүүл мэнд, боловсрол, уул уурхай, үл хөдлөх зэрэг бүхий л эдийн засгийн салбаруудад эерэг нөлөө авчрах нь гарцаагүй билээ.

Хувийн тэтгэврийн сангууд нь хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, иргэдийн хуримтлалыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монголын Хөрөнгийн Бирж дээрх томоохон оролцогч болно.

Санхүүгийн салбарын гажуудлыг бууруулах

Өнөөгийн байдлаар Монгол улсад санхүүгийн 3 тулгуур болох арилжааны банк, даатгалын компани, хөрөнгийн биржээс дан ганц арилцаажы банкууд санхүүгийн салбарын 95 хувийг эзэлдэг. Харин Хувийн тэтгэврийн сангууд бий болсноор хөрөнгө оруулалтын бодлогын дагуу хөрөнгийн биржийн бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулах замаар хөрөнгийн зах зээлийг шинэ шатан хүргэнэ.

Тэтгэврийн хуримтлалаас өндөр өгөөж хүртэх

Хуримтлалын тогтолцоо нь хуваарилалтын тогтолцоотой харьцуулбал хүн ам зүйн чиг хандлагад илүү нийцтэй бөгөөд урт хугацаандаа илүү өндөр өгөөж өгдөг. Хуримтлалын тогтолцооны дундаж өгөөжийн хэмжээ тухайн улсын бодлогын болон зээлийн хүү, капиталын ахиу бүтээмжээс хамаардаг бол хуваарилалтын тогтолцооных ажиллах хүчний өсөлт дундаж цалингаас хамаардаг. Иргэдийн дундаж наслалт уртасж байгаа, тэтгэвэр авагч болон тэтгэвэр төлөгчдийн харьцаа өсөж байгаа манай улсын нөхцөл байдалд хуримтлалын систем нь илүү өндөр өгөөж хүртээх боломжтой.

Үндэсний хадгаламжийн түвшинг нэмэгдүүлэх

Засгийн газар хуримтлалын тогтолцоонд шилжих эхний шатанд гарах алдагдлыг зээл нэмэгдүүлэх замаар бус харин татвар нэмэгдүүлэх эсвэл зардлыг бууруулах замаар санхүүжүүлнэ гэж үзвэл, тэтгэврийн хуримтлалаас гадуурх хувийн хадгаламж тодорхой хэмжээгээр буурч магадгүй боловч цэвэр нөлөөгөөр урт болон богино хугацаанд аль алинд нь үндэсний нийт хуримтлал өснө. Түүнчлэн маш олон эмпирик судалгаагаар хуримтлалын тэтгэврийн тогтолцоотой улсуудын үндэсний хадгаламжийн түвшин хуваарилалтын тэтгэврийн тогтолцоотой улсуудынхаас өндөр байгаа юм. Үндэсний хуримтлал нь дотоод хөрөнгө оруулалт, хэрэглээг хангахад хүрэлцэхгүй байгаагаас Монгол Улс урсгал тэнцлийн өндөр алдагдалтай явж ирсэн бол тэтгэврийн шинэчлэл нь энэхүү асуудлыг шийдвэрлэх нэгэн гүүр болж өгнө.  

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх

Тэтгэврийн сангийн өсөн нэмэгдэж буй хөрөнгө оруулалтын хэрэгцээ болон хувийн менежментийн сангуудын өрсөлдөөний явцад илүү өндөр үнэлгээ бүхий, хөрвөх чадвар болон өрсөлдөх чадвар сайтай үндэсний хөрөнгийн зах зээл бий болох боломжтой юм. Түүнчлэн тэтгэврийн хуримтлал нь хөрөнгө оруулах боломжтой капиталыг нэмэгдүүлэн хөрөнгийн зах зээлийг бэхжүүлснээр гадны хөрөнгө оруулалтын урсгалаас хараат байдаг бизнесүүдийн хувьд дотоодоосоо санхүүжилт босгох илүү өргөн боломж бүрдэх юм.

Хөдөлмөрийн зах зээлийн гажуудлыг бууруулах

Хуримтлалын системийн дагуу шимтгэлийг татвар гэхээсээ илүү хувь хүний хуримтлал гэж үзснээр хөдөлмөрийн зах зээлийн үр ашгийг дор хаяж хоёр аргаар нэмэгдүүлэх боломжтой юм. Нэгдүгээрт, тэтгэврийн хэмжээ нь насан туршийн шимтгэлээс хамаарч байгаа тул хуримтлалын системд шилжснээр хөдөлмөрийн албан бус байдлаас албан ёсны салбар руу шилжихэд хувь нэмэр оруулна. Хоёрдугаарт, татвар буурснаар ажиллах хүчний нийт нийлүүлэлт нэмэгдэх, болон бүтээмж өсөх боломжтой.

Хэрэглээний түвшинг нэмэгдүүлэх

Хуримтлалын системийг нэвтрүүлснээр хуримтлал бий болгож, зөв менежментээр тэтгэврийн хөрөнгийг удирдан ашиг хүртэх нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж, ажил эрхэлж буй үеийнхний хэрэглээний түвшинг нэмэгдүүлэх, тэтгэвэрт гарсан үеийнхний тэтгэврийн орлогыг өсгөх ач холбогдолтой юм. Чили улсын жишээнээс харвал тэтгэврийн хөрөнгийг 1 хувиар нэмэгдүүлэх нь урт хугацаандаа улсын ДНБ-ий гарцыг 0.14 хувиар өсгөж байгаа юм. Түүнчлэн энэхүү тэтгэврийн хуримтлал болон эдийн засгийн өсөлтийн эерэг харилцаа хамаарал нь нь хөгжингүй орноос илүүтэйгээр хөгжиж буй орнуудад илүү тод харагддаг байна.

Ядуурлын түвшин болон орлогын тэгш бус байдлыг бууруулах

Тэтгэврийн хуримтлалын гол шинж чанар нь хуримтлалаа эрт үүсгэж эхэлснээр тэтгэвэрт гарах үедээ илүү өндөр орлого авах боломжийг бий болгодог. Энэ нь урт хугацаандаа Монгол улсын ядуурлын түвшинг бууруулаад зогсохгүй насны бүлгээс хамаарах орлогын тэгш бус байдлыг багасгахад нэн чухал нөлөө үзүүлнэ.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2020 оны 05 сарын 6, 04:00

    Эдийн засаг саарах эрсдэлтэй үед хувийн санхүүгийн удирдлага чухал

    featured
    2020 оны 05 сарын 22, 04:00

    Эдийн засаг, Хувийн санхүү, Төлөвлөлт, Аз жаргал, Амьдрал

    featured
    2020 оны 05 сарын 27, 04:00

    Хуримтлал үүсгэх 5 арга

    featured
    2020 оны 06 сарын 9, 04:00

    Хувь хүний зээлийн ангилал буюу Монголбанкны “хар, саарал” жагсаалт яагаад чухал вэ?