Хувь хүмүүс санхүүгийн байдлын тайлангаа хамгийн хялбараар гаргах аргад суралцах нь

Хувь хүний санхүүгийн байдлын тайлан гэхээр хүмүүс гайхаж магадгүй. Учир нь санхүүгийн байдлын тайлан гэхээр аж ахуй нэгж гаргадаг заавал нягтлан бодогч гаргадаг мэтээр ихэнх нь ойлгодог.
munh erdene personal finance.jpg

Ард Санхүүгийн Нэгдлийн Дотоод Аудитор М. Мөнх-Эрдэнэ зөвлөж байна.

Хувь хүмүүс санхүүгээ хянахдаа ямар тайлан мэдээлэл бэлтгэж хянавал зүгээр бол, компани аж ахуй нэгжүүд шиг тайлан гаргаж болох уу?

Хувь хүний санхүүгийн байдлын тайлан гэхээр хүмүүс гайхаж магадгүй. Учир нь санхүүгийн байдлын тайлан гэхээр аж ахуй нэгж гаргадаг заавал нягтлан бодогч гаргадаг мэтээр ихэнх нь ойлгодог. Энэ тайланг хувь хүмүүс ч мөн өөрийнхөө санхүүгийн байдлыг хянах, ирээдүйн санхүүгийн төлөвлөлт хийх зорилгоор хялбар аргаар гаргаж болно.

Хувь хүний санхүүгийн байдлын тайланг бэлтгэхэд ямар мэдээлэл хэрэгтэй болдог вэ, тэдгээрийг яаж цуглуулахыг зөвлөөч

Энэ тайлан нь тодорхой нэг өдрөөр байгаа, таны өөрийн хөрөнгийг тодорхойлох зорилготой тайлан юм.  Тайлангаа гаргахын тулд мэдээлэл авах хэрэгтэй. Хялбар байдлаар хэрхэн авах вэ гэхээр сар бүрийн эцэст өөрийн харилцдаг банкуудын харилцах хадгаламжийн дүнг авч тоолно. Мөн харилцдаг үнэт цаасны компаниас үнэт цаасны хуулгаар хэдэн ширхэг хувьцаа бондын үлдэгдэл байгаа, зах зээлийн үнийн мэдээлэл авна, машиныхаа зах зээлийн үнийг машин зардаг сайтаас аваарай, байр орон сууц хашаа байшингийн үнийг бас үл хөдлөхийн сайт, зөвлөхөөс асууж болно, зээлтэй бол банкны эдийн засагчаас зээлийн үлдэгдлээ мэдэж аваарай. Дансны мэдээллээ банкнаас шууд асууж тодруулан хуулгаа авч болохоос гадна ашигладаг интернет банкныхаа мэдээллийг гар утаснаасаа харж болно.

Тайлангаа хэрхэн бэлтгэх вэ?

Дээр дурьдсан мэдээллүүдээ сайн цуглуулаад тайлангаа гаргана. Санхүүгийн байдлын тайлан яаж гаргах уу гэхээр, хувь хүн өөрийнхөө бүх хөрөнгийг хөрвөх чадвараар нь ангилан дараалалд оруулж, нийт хөрөнгөө тооцон хөл дүнг нь гаргаж үзнэ. Үүний дараа өр төлбөр, банк санхүүгийн газраас авсан зээлээ мөн богино хугацаанд эргэн төлөгдөх байдлаар дараалалд оруулаад, нийт өр төлбөр зээлийн дүнгээ гаргах юм. Ингээд нийт хөрөнгөөс нийт өр зээлээ хасаад үлдэж буй тэр хөрөнгө таны өөрийн цэвэр хөрөнгө болно.

Хувийн санхүүгийн байдлын тайлангаа хэрхэн унших тухайд?

Хэрэв таны өөрийн хөрөнгө нэмэх гарвал тодорхой хэмжээний хөрөнгөтэй хүн байна гэж ойлгоно, харин хасах утгатай гарвал өөрийн санхүүгийн байдалд анхаарал хандуулах шаардлагатай бөгөөд санхүүгийн хувьд хүндрэлд орсныг тань сануулж байдаг. Мөн миний хөрөнгийн хэдэн хувийг ямар төрлийн хөрөнгө эзэлж байна, хөрвөх чадвар буюу мөнгө рүү болгон хувиргах бололцоо хэр хэмжээнд байна гэдгийг харж болно. Тухайн санхүүгийн байдлын тайланг сар бүр бэлтгэснээр өмнөх сараас энэ сар хөрөнгийн хувьд өсөлт гарч байна уу, өр зээл нэмэгдэж байна уу, эсрэгээрээ буурч байна уу эсвэл хөрөнгө, өр зээл нэмэгдэхгүй тогтмол байна уу гэдгийг анзаарч дүгнэж болно.

Санхүүгийн байдлын тайлангаа гаргаж явах нь хувийн санхүүгээ өсөлттэй байлгахад тустай болов уу гэж бодогдож байна. Ер нь бусад улс орнуудад энэ тал дээр хэр анхаардаг юм бол, манай улсад хэр хэмжээнд байна вэ?

Гадаадын хөгжилтэй орнуудад хөрөнгө бий болгох, хадгалах талын онол практик манай улсыг бодвол хэдэн зуун жилээр хөгжсөн учир хувийн санхүүгийн байдлаа тооцох тал дээр мэдээ мэдээлэл харьцангуй сайтай байдаг. Манай улсын хувьдавч үзэхэд, яг одоогоор хувийн санхүүгийн байдлын тайлангаа тогтмол гаргадаг, мэргэжлийн хүрээнээс гаднах хувь хүнтэй таарч байгаагүй гэж бодохоор энэ талдаа нилээн сул байгаа болов уу. Миний хувьд бол сар бүр өөрийн санхүүгийн байдлын тайлангаа гаргаж, дүн шинжилгээ хийдэг. Хүмүүс ихэвчлэн зардлаа хэмнэх талын тайлан мэдээгээ гаргадаг юм шиг санагддаг. Том зургаар өөрийн санхүүгээ харъя гэвэл заавал хувийн санхүүгийн байдлын тайлангаа сар бүр гаргаж өөрчлөлтийг нь харж байгаарай. Хувь хүн санхүүгийн байдлаа тодорхойлж, тайлангаа сар бүр гаргаснаар таны санхүүгийн байдал сайжирна. Учир нь хэн ч санхүүгийн байдлаа хасах руу оруулах биш байнга нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байдаг.

Хувь хүнийн санхүүгийн байдлын тайлангаа хэрхэн төлөвлөж болох вэ?

Үүнийг тодорхой жишээ баримтаар харах нь илүү тохиромжтой. Энэхүү тайлангаас өөрийн тань хөрөнгө алган дээр тавьсан юм шиг харагддаг учир сар бүрийн өсөлт, хөрөнгө буурч унаж байна уу гэдгийг, мөн хэзээ миний хадгаламж дуусахаар  байна, зээлийн сүүлийн хугацаа хэзээ билээ гэх зэрэг мэдээллийг хянаж болдог. Мөн та магадгүй 2021 оны хувийн санхүүгийн байдлын тайлангаа төлөвлөж гаргаад түүнийхээ төлөө ажиллаж, сар, улирал, жилээр нь хянаад байх боломжтой юм. Гаргасан тайлангаасаа тухайн жил хэр амжилттай ажиллав, би жилд хэдэн төгрөгийн хөрөнгө бүтээж, ашигтай ажиллав гэдгээ мөн харахад тусална.

Та загвар файлыг дараах линкээс татаж ашиглаарай. Санхүүгийн тайлангаа илүү үр дүнтэйгээр гаргахад тань туслах болно.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2020 оны 05 сарын 6, 04:00

    Эдийн засаг саарах эрсдэлтэй үед хувийн санхүүгийн удирдлага чухал

    featured
    2020 оны 05 сарын 22, 04:00

    Эдийн засаг, Хувийн санхүү, Төлөвлөлт, Аз жаргал, Амьдрал

    featured
    2020 оны 05 сарын 27, 04:00

    Хуримтлал үүсгэх 5 арга

    featured
    2020 оны 06 сарын 9, 04:00

    Хувь хүний зээлийн ангилал буюу Монголбанкны “хар, саарал” жагсаалт яагаад чухал вэ?