Хувьцаа гэж юу вэ? Товчхондоо өөрийн сонгосон компанид хөрөнгө оруулснаар тухайн компанийнхаа тодорхой хэсгийг эзэмшиж, орлогоос нь хувь хүртэх буюу ногдол ашиг авахыг хэлдэг. Үүнээс гадна хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийж, ашиг олох боломжийг гэрчилсэн үнэт цаас юм гэж ойлгож болно.
Таны хүүхдэдээ авч өгсөн хувьцааны ашиг 2 янзаар түүнд тань эргэн ирэхийн нэг нь мэдээж дээр дурдсанчлан ногдол ашиг хүртэх буюу хөрөнгө оруулсан компани тань тухайн жилдээ өндөр ашигтай ажилласан уу, дундаж уу гэдгээс шалтгаалан ногдол ашгийн хэмжээ харилцан адилгүй байна гэсэн үг. Харин хоёрдогч хүчин зүйл бол ханшийн зөрүү буюу тухайн компанийн нэгж хувьцааг худалдан авч байсан үнэ зах зээл дээр таны авч байснаас илүү өссөн үед нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа зарж борлуулан ашиг олох боломж юм. Цаг нийгмээ дагаад эцэг эхчүүд маань хүүхдийнхээ боловсролд ихэд анхаарах болсноос гадна алсыг харсан ухаалаг шийдэл эрэлхийлэх болж. Энэхүү ухамсартай, боловсон эрэлт хэрэгцээнд тань “Ирээдүйн эзэд- Хувьцаатай хүүхэд” аян нийцэх болов уу. Учир нь хувьцаа бол урт хугацаандаа түүхэнд хамгийн өндөр өгөөж өгсөн бүтээгдэхүүн учраас таны үр хүүхэд, ач зээдээ зориулах ухаалаг хөрөнгө оруулалт болж чадна.
Энэ нь танаас багагүй цаг хугацаа, хүчин чармайлт шаардаж болох ч та үнэ цэнээ алдахгүй, чанартай хувьцаатай болохын тулд нийгэмд байр сууриа олчихсон, цаашид өргөжин тэлэх бүрэн боломжтой компанийг олж хөрөнгө оруулах нь зүйтэй. Учир нь компанийн ашигт ажиллагаа буурах эсвэл тухайн компани зогсонги байдалд орвол та ногдол ашиг төдийгүй анх оруулсан хөрөнгө оруулалтаа тэр чигт нь алдах эрсдэлтэйг анхаарна уу.
Та хэдий санхүү, эдийн засгийн талаар байнга мэдлэг цуглуулж амждаггүй байж болох ч зах зээлийн талаарх мэдээлэл, эдийн засгийн өсөлт, уналтаас үүдэлтэй ханшийн савлагааны тухайд уншиж судлан эрсдэл болон давуу талыг нь мэдэж авах гэх мэтчилэн санхүүгийн боловсролоо нэмэхэд тань ч тустай.
Судаллаа, мэдээлэл цуглууллаа, хэд хэдэн хувилбар гаргаад алийг нь сонгохоо мэдэхгүй байна уу? Тэгвэл тухайн компанийн санхүү, эдийн засгийн салбарт ажилласан туршлага, үйл ажиллагааны хувьд хэр нээлттэй мэдээллэж буй зэрэг нь танд сонголтоо зөв хийх итгэл өгч тусална.
Сэтгэгдлүүд (0)