Санхүүгийн: Санууштай 10 зөвлөмж

Баян ч бай, ядуу ч бай ижил тэгш нэг зүйл өгөгдсөн байдаг нь хүн бүрийн мэдэлд ижилхэн 24 цаг ногддог.
books-money-productivity-business.jpg

Санхүүгээ зөв удирдан зохион байгуулах нь хувь хүний амьдралын чанарт бодитой үр дүн үзүүлдэг. Тэгвэл бид та бүхэндээ санхүүгийн - санууштай 10 зөвлөмжийг нэгтгэн хүргэж байна.

1. 80/20 зарчмыг баримтал. Учир нь, таны хийж буй ажлын 20 хувь нийт үр дүнгийн 80 хувийг авчирдгийг санаарай

Таны хийж буй ажлын үр дүнгийн 80 хувийг -Таны 20 хувийн харилцагчид бий болгодог. Эсвэл таны цагаа зарцуулж буй 20 хувийн ажил - Таны олдог орлогын 80 хувийг эзэлдэг. Иймээс та өөрийн ажил дээрээ зарцуулж буй цагаа илүү бүтээмжтэй зарцуулж, аль болох компанидаа илүү өгөөж оруулах зүйлд төвлөрч ажиллахыг хичээгээрэй.

2. Нийт орлогоо биш өөрийн нэг цагт ногдох орлогоо нэмэгдүүлж, чөлөөт цагаа өөрийгөө хөгжүүлэх зүйлд зарцуулаарай

Та заавал нийт цалингийн орлогоо нэмэгдүүлэхийн оронд өөрийн ажиллах цагаа багасгаж, нэгж цагт ногдох орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзээрэй. Танд олдох чөлөөт цагаа аль болох ирээдүйд орлого нэмэгдүүлж болох, ур чадвараа сайжруулж болохуйц зүйлд зарцуулаарай. 

3. Цагаа удирдаж сурах нь маш чухал 

Баян ч бай, ядуу ч бай ижил тэгш нэг зүйл өгөгдсөн байдаг нь хүн бүрийн мэдэлд ижилхэн 24 цаг ногддог. Бид тухайн 24 цагийн 9 цагийг ажил дээрээ, 1-2 цагийг ажил, гэрийн хоорондын замд, 7-8 цагийг унтахад зарцуулдаг. Тэгэхээр та өөрт үлдэж буй 5 – 7 цагийг хэр хэрэгтэй зүйлсэд зарцуулснаас шалтгаалж ирээдүйд бий болох боломж бүрддэгийг хэзээд бодолцох хэрэгтэй.

4. Нийлмэл хүүгийн гайхамшиг

Цаг алдалгүй, эрт хуримтлуулснаар та Альберт Эйнштейны "Дэлхийн найм дахь гайхамшиг" гэж нэрлэсэн “Нийлмэл хүүгийн үр шим”- ийг илүү ихээр хүртэх боломжтой. Нийлмэл хүү гэдэг нь ашиг, орлогоороо дахин хөрөнгө оруулалт хийж хүүгээс хүү, өгөөжөөс өгөөж тооцогдохыг хэлж байгаа юм. Тиймээс эрт эхлэх тусмаа урт хугацааны санхүүгийн зорилгодоо хүрэхэд илүү хялбар байх болно. 

5. Бага дүн хамаагүй, гол нь “тогтмол”

Хүмүүс ихэвчлэн өнөөдөр миний хуримтуулах мөнгө бага дүнтэй юм чинь хадгаллаа гээд нэмэргүй хэмээн бодсноос үүдэн, хэрэгцээгүй зүйлд зарцуулж, хуримтлал үүсгэхгүй байх нь олонтаа. Гэвч өдөр бүр танд 1,000 төгрөг, сард 30,000 төгрөг хуримтлуулах боломж байдаг.

6. Хуримтлалын тооцоолол

Монгол хүн дунджаар 30 жил ажилладаг хэмээн тооцвол хүн болгонд өдөрт 1,000 төгрөг, жилдээ 365,000 төгрөгийг 30 жилийн турш 12 хувийн нийлмэл хүүгээр хуримтлуулбал таны мөнгө 30 жилийн дараа гэхэд 106.1 сая төгрөг болох боломжтой. Та өөрийн зүгээс 10.8 сая төгрөг, хүүндээ 95.3 сая төгрөг авна гэсэн үг. Мэдээж хэрэг та заавал 1,000 төгрөг өдөртөө хадгаламждаа хийлгүй, өөрийн боломжоороо цалингийнхаа 5-10 хувиар хуримтлал үүсгэн ирээдүйдээ хэрэгтэй зүйлдээ ашиглах боломжтой. Таны хадгаламж дахь  мөнгө таныг амарч, унтаж байсан ч өдөр бүр өгөөжөө өгч хүүгээрээ өссөөр байх болно гэдэг гайхамшигтай биш гэж үү.

7. Ханшийн савлагаатай үед:  Төгрөг үү, Доллар уу?

Та доллараар жилийн 3 хувийн өгөөжтэй хадгалах боломжтой бол, төгрөгөөр жилийн 13 хувийн өгөөжтэй хадгалах боломжтой байдаг. Долларын ханш нь зөрүү дүн болох 10 хувиар өсвөл танд долларын хадгаламж илүү ашигтай байх болно. Харин долларын ханш 10 хувиас багаар өсвөл эсрэгээрээ алдагдалтай тусна. Сүүлийн 3 жилийн байдлаар судлахад төгрөгийн хадгаламж илүү өндөр өгөөжтэй байна.

8. Төрөл бүрийн санхүүгийн бүтээгдэхүүн бий гэдгийг бүү март

Хөрөнгө оруулалтын аль ч төрлийг сонгон хөрөнгө оруулалт хийсэн, та чухам юунд хөрөнгө оруулж буйгаа сайтар ойлгох хэрэгтэй. Ингэх нь муугаар бодоход ямар алдагдал хүлээх, сайнаар бодвол та хэдий хэмжээний ашиг хийх боломжтойг тодорхойлж өөрт тохирох эрсдэлтэй бүтээгдэхүүнээ сонгон амжилттай хөрөнгө оруулалт хийгээрэй.

9. Цаг цагаараа байдаггүй. Тиймээс урьдчилан бэлтгэ!

Танд тэтгэвэртээ гарах хүртэл хэр хугацаа бийг тодорхойлж, одоо авч байгаа цалинтайгаа харьцуулаад, тэтгэвэрт гарах үедээ хэдэн төгрөгийн тэтгэвэр авахаа тооцож үзээрэй. Тухайн дүн таны тэтгэврийн насандаа төлөвлөсөн бүхэнд хангалтгүй санагдвал ирээүйн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор тэтгэврийн хуримтлал эсвэл хадгаламж нээлгэн өнөөдрөөс хуримтлуулж эхлээрэй.

10. Санхүүгийн зорилго, амьдралын хэв маяг 2 тань уялдаж байх учиртай

Ямар ч хүн өдөр тутамдаа дасал болсон амьдралын хэв маягаа гэнэт ор тас орхиод маргаашнаас нь шинээр амьдраад эхэлнэ гэдэг амаргүй. Тиймээс өөрийнхөө амьдралын хэв маягийг бодитойгоор тооцоолсны үндсэн дээр санхүүгийн зорилгоо тодорхойлж, юуг хэмнэж чадах вэ гэдгээ мэдэж аваад алхам алхамаар урагшлах нь зүйтэй.    

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2020 оны 05 сарын 6, 04:00

    Эдийн засаг саарах эрсдэлтэй үед хувийн санхүүгийн удирдлага чухал

    featured
    2020 оны 05 сарын 22, 04:00

    Эдийн засаг, Хувийн санхүү, Төлөвлөлт, Аз жаргал, Амьдрал

    featured
    2020 оны 05 сарын 27, 04:00

    Хуримтлал үүсгэх 5 арга

    featured
    2020 оны 06 сарын 9, 04:00

    Хувь хүний зээлийн ангилал буюу Монголбанкны “хар, саарал” жагсаалт яагаад чухал вэ?