Э.Амарбаясгалан, Хөрөнгө Оруулалт Хариуцсан Захирал, Ард Санхүүгийн Нэгдэл ХК
Хөрөнгө оруулалтын машины: Арын толинд бүх зүйл тод харагддаг боловч өмнөх зам үргэлж манантай байдаг
Хөрөнгө оруулалт хийх сонирхолтой, хөрөнгийн зах зээлд хөл тавьж буй, мөн Ард Санхүүгийн Нэгдэл компанийг судалж олон талаас нь эргэцүүлэн яваа хүнд маш хэрэгцээт мэдээллийг хамгийн энгийн, ойлгомжтойгоор тайлбарласан нийтлэлийг хүргэж байна.
Ардын хувьцаа сүүлийн хэдхэн сарын дотор 5-6 нугараад явчихлаа. Хөөс үү биш үү? Авах уу байх уу? Яг ав гээд хэлбэл авлаа гэсэн хүмүүс өдөр шөнөгүй над руу бичиж утасдаж байна. Сошиал орчинд шинжээчид маргалдаж хөрөнгө оруулагчид үнэн зөв мэдээллийг хүсэж байна.
Би Ард Санхүүгийн Нэгдэлийн хөрөнгө оруулалт хариуцсан захирлын албан тушаалыг хүлээж аваад жил гаруй болж байна. Надад Ардын хувьцаанууд болон АрдКойн байдаг тул миний хэлэх зүйл сонирхлын зөрчилтэй гэдгийг юуны түрүүн хэлмээр байна. Гэсэн хэдий ч би дээрх асуултуудыг мэргэжлийн хүний өнцгөөс аль болох объектив тайлбарлахыг оролдъё.
Юуны өмнө сүүлийн 3 сард ямар үйл явдлууд болж өнгөрснийг дурдах нь зөв байх. Цар тахалтай холбоотой уламжлалт бизнесүүд хөл хорионд орж, технологи дээр суурилсан Ардын бизнесүүд зах зээлээ тэлсэн сарууд байлаа.
Ялангуяа хувийн тэтгэврийн сан - Ард Лайф ялагч болж тодорлоо. Монголбанкны бодлогын хүү буурсантай холбоотой хадгаламж эзэмшигчид хөрөнгийн зах руу орж ирж байгаа нь эрэлт нэмэгдүүлж, үнэ өсгөж байна. Хувьцаат компаниуд ногдол ашгаа зарлаад эхэлсэн нь мөн хувьцааны үнэд нөлөөлж байна. Банкны хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдаж Ард Секюритиз түүчээлж IPO хийх Богд банктай андеррайтингийн гэрээ (олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа санал болгох хэлцэл) хийлээ. Мөн Степ Голд компанийн давхар бүртгэлийн ажлын андеррайтингийн гэрээг хийж чадлаа. Энэ хэлцлүүдийн ашиг Ард Санхүүгийн Нэгдэлд орно. Ардаар дамжуулж банкны хөрөнгө оруулалт хийх сонирхол маш хүчтэй байгаа. Бид тэр боломжийг нь нээж өгсөн.
Цахим мөнгө төлбөр тооцоонд нэвтэрч эхэлсэн, цар тахлын эсрэг стимулустай холбоотойгоор АНУ-ын Холбооны Банк их хэмжээний мөнгө хэвлэсэнтэй зэрэгцэн инфляциас хөрөнгөө хамгаалах сонирхолтой хөрөнгө оруулагч нар багцынхаа тодорхой хувийг биткойнд хийж эхэлсэн нь өсөлтийг дэмжиж байна. Тесла гэх мэт компаниуд биткойн авч эхэлсэн нь үнийг нь өсгөж байна. Саяхан Digital Assets Exchage буюу DAX Ард Апп дээр нээгдлээ. Эндээс Биткойн, Ардкойн болон бусад бүтээгдэхүүнийг авч болно. 24/7 нээлттэй. Арилжаа болгоноос авч зарж байгаа аль аль талаас нь 1% шимтгэл авч байгаа. Өдрийн ажилжааны дүнг харсан хүмүүс бол ямар том ашигтай компани болохыг ойлгох байх.
Ардын компаниудын багцын тодорхой хувийг Койн эзэлдэг бөгөөд үнэ цэн нь Ардын үнэлгээнд хүчтэй нөлөөлж байгаа. Компаниуд АрдКойноор хэрэглэгчдээ урамшуулдаг. Мөн олгосон Койныхоо талыг захаас буцаан худалдаж авдаг. Койныг бараа үйлчилгээнд ашиглаж болно эсвэл DAX дээрээс биткойн болон бусад бүтээгдэхүүн авах эсвэл зараад мөнгө болгох боломжтой. Биткойны өсөлт, DAX нээлт, Ардын бизнесүүдийн өсөлт бүгд Койны үнэлгээнд сайнаар нөлөөлсөн. Ардад мөн биткойны хөрөнгө оруулалт бий.
Хасын Ганхуяг гэж олонд танигдсан хүн энэ бүх том төслүүдийн ард байгаа гэдэг нь ойлгомжтой. Тэрээр Тэнгэр Санхүүгийн Нэгдлийг байгуулсан шиг дараагийн том Санхүүгийн Нэгдлийг байгуулж чадна гэдэгт би итгэдэг. Мөн цөөн хэдэн хүнийг баяжуулах биш баялгийн демократизаци (ардчилал) хийнэ гэдэгт би итгэдэг, дэмждэг. Ган бол хамгийн сайхан ааштай хүн биш гэхдээ миний мэдэх хамгийн алсын хараатай, хийнэ гэснээ хийдэг, хийсэн бүтээсэн нь батлагдсан хүн. Түүнд итгэж хөрөнгө оруулаад хөлжсөн олон хүн байдаг. Түүнд хулхидуулсан, мөнгөө алдсан хүнтэй би таарч байгаагүй. Бид удахгүй банкинд хөрөнгө оруулах гээд бэлтгэл ажлуудаа хийж байгаа. Мөн компаниа гадаадын бирж дээр гаргах ажлыг судалж байгаа. Манайх шиг санхүүгийн цогц үйлчилгээ цахимаар үзүүлдэг компани Монголын Хөрөнгийн Бирж дээр байтугай гадаадын бирж дээр байхгүй тул үнэлгээг нь хийхэд их хэцүү байгаа. Ямартаа ч 2020 оныхтой харьцуулахад ашиг орлогын хувьд өөр компани болсныг тайлбарлах гэж хичээлээ. Хөрөнгө оруулалтын машины: Арын толинд бүх зүйл тод харагддаг боловч өмнөх зам үргэлж манантай байдаг. Ирэх саруудын үйл явдлууд илүү тодорхой байдал үүсгэнэ гэж найдаж байна.
Хөрөнгийн захын 200 жилийн түүхийг судалсан Ухаалаг Хөрөнгө оруулагч номд “Хувьцааны шинжилгээ гэдэг нь шинжлэх ухаан гэхээсээ илүү урлаг юм” гэсэн байдаг. Иймд хөрөнгө оруулалтаа солонгоруулж алдах эрхтэй мөнгөө зөвхөн өөрийн бүрэн гүйцэд судалгаа шинжилгээ, итгэл үнэмшил дээр тулгуурлаж хийхийг зөвлөж байна.
Би Ухаалаг Хөрөнгө Оруулагч номыг орчуулсан бөгөөд дараах сувгуудаар хөрөнгийн захын боловсрол олгох чиглэлээр ажилладаг.
IG: UhaalagHurungoOruulagch
Facebook: Ухаалаг Хөрөнгө Оруулагч – Intelligent Investor
Twitter: AmraEnh
Сэтгэгдлүүд (0)