Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн үнэ цэнийн тооцоолол

Хөрөнгө оруулалтын сан гэх ойлголт бий болоод олон жил болж байгаа хэдий ч Монгол улсын хувьд санхүүгийн зах зээлд нэвтрээд удаагүй байгаа шинэхэн үйлчилгээ билээ.
FREE_706009999_PH_3_RBNWGLGRYPRY.jpg

Хөрөнгө оруулалтын сан гэх ойлголт бий болоод олон жил болж байгаа хэдий ч Монгол улсын хувьд санхүүгийн зах зээлд нэвтрээд удаагүй байгаа шинэхэн үйлчилгээ билээ. Монголд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль анх 2013 онд батлагдсан бөгөөд 2020 онд анхны хамтын хөрөнгө оруулалтын сан мэндэлж олон нийтэд сангийн нэгж эрхээ санал болгосон. Энэ сан бол Үндэсний Хувьчлалтын Сан юм. Сүүлийн үед Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрхийн үнэ Монголын Хөрөнгийн Бирж дээр өндөр өсөлттэй арилжаалагдаж байна. Гэвч ханшийн өсөлтийн учир шалтгааныг ойлгож байгаа хүн цөөн байгаа нь анзаарагдаж байна. Тиймээс сангийн нэгж эрхийн үнэлгээ болон хөрөнгийн бирж дээрх зах зээлийн үнэ тогтох зарчмын талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл болон зөвлөгөө өгөхийг зорьлоо.

Хөрөнгө оруулалтын сангийн төрөл болон онцлог

Олон улсын санхүүгийн зах зээл дээр өөр өөр зорилго бүхий маш олон төрлийн сан үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр олон төрлийн сангийн хамгийн том төлөөлөл нь хамтын хөрөнгө оруулалтын сан бөгөөд дотроо нээлттэй болон хаалттай гэсэн үндсэн 2 төрөлтэй. Харин бид хаалттай хамтын хөрөнгө оруулалтын сангийн талаар энд ярилцах болно, учир нь Үндсэний Хувьчлалын Сан бол хаалттай хамтын хөрөнгө оруулалтын сан юм.

Хаалттай хамтын хөрөнгө оруулалтын сан

Хаалттай сан нь нэгж эрхээ анхдагч зах зээл дээр олон нийтэд санал болгож тодорхой хэмжээний хөрөнгийг сандаа хуримтлуулдаг. Санд хөрөнгө оруулснаар сангаас өөрийн хөрөнгө оруулсан хэмжээтэй тэнцүү хэмжээний сангийн нэгж эрхийг эзэмшдэг. Үндсэний Хувьчлалын Сангийн хувьд нийт 50 сая ширхэг нэгж эрх гарган нэгж эрхийн үнийг  100 төгрөгөөр нэрлэж,  нийт 5 тэрбум төгрөг санд төвлөрүүлсэн. Хаалттай сан нь үйл ажиллагаа явуулах тодорхой хугацаатай бөгөөд уг хугацааны туршид сангийн нэгж эрхийг эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэггүй. Харин сангийн нэгж эрх нь хувьцааны адил хөрөнгийн бирж дээр чөлөөтэй арилжаалагддаг тул уг хаалттай сангийн нэгж эрхийг худалдан авах болон зарах үнэ нь зах зээлийн буюу эрэлт нийлүүлэлтийн хуулиар тогтдог. Хэрэв зах зээл дээр сангийн нэгж эрхийг худалдах сонирхол их байвал сангийн нэгж эрхийн зах зээлийн үнэ буурна, эсрэгээрээ сангийн нэгж эрхийг худалдан авах сонирхол их байвал сангийн нэгж эрхийн зах зээлийн үнэ өснө.

Харин сангийн нэгж эрхийн зах зээлийн үнэлгээ бодит үнэ цэнээс үнэтэй эсвэл хямд байгааг хэрхэн тооцох вэ? Уг асуултад хариулахын тулд сангийн цэвэр хөрөнгийн үнэ цэнийг харах ёстой. Цэвэр хөрөнгийн үнэ цэн (NAV – net asset value) сангийн эзэмшиж буй хөрөнгийн (хувьцаа, бонд, мөнгө гэх мэт) бодит үнэлгээ өнөөдрийн байдлаар хэд байгааг харуулдаг үзүүлэлт юм. Үндэсний Хувьчлалын Сан нь NAV-г өдөр бүр тооцож (тооцох аргачлалтын доорх тэгшитгэлээс харж болно) хөрөнгийн бирж болон өөрийн вэб хуудсаар дамжуулан нийтэд мэдээллэдэг.  

NAV = (Сангийн нийт хөрөнгө – Сангийн нийт өр төлбөр)/Сангийн нэгж эрхийн тоо

Тэгвэл сангийн нэгж эрхийн зах зээлийн үнэ болон цэвэр хөрөнгийн үнэ цэн гэсэн хоёр ойлголтын уялдаа холбооны талаар ярилцъя. Зураг 1-д бид Монголын Хөрөнгийн Биржийн вэбсайт дээрх Үндэсний Хувьчлалын Сангийн хуудсыг харж байна.

     Зураг 1. Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж

     Зураг 1. Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж

Зураг 1 дээрээс харвал хаалтын ханш (зах зээлийн үнэ) нь 179.87 төгрөг байгаа бол Цэвэр хөрөнгийн үнэ цэн 136 төгрөг байна. Энэ нь 179.87 – 136 = 43.87 төгрөгийн нэмэдэлтэй арилжаалагдаж байгааг илтгэнэ.

Нэгж эрхийн үнэ болон өгөөжийн харилцан хамаарал

Сангийн нэгж эрхийг худалдан авах нь сангийн ирээдүйд олох өгөөжийг хүртэх зорилготой. Тэгвэл таны олох өгөөж сангийн нэгж эрхийг худалдан авах, үнээс хамаарч хэрхэн өөрчлөгдөхийг жишээгээр харуулъя. Жишээ тооцоололд Үндэсний Хувьчлалын Сангийн өгөөжийн төсөөлөл болох жилийн 17.6 хувийн өгөөжийг ашигласан бөгөөд 10 жил үйл ажиллагаа явуулсны эцэст нэгж эрхийн анхны үнэ болох 100 төгрөгийг 505.91 болгох өсгөх төсөөлөлтэй. Уг төсөөллийн дагуу сан ажилласан тохиолдолд сангийн нэгж эрхийг худалдан авах үнэ нь таны өгөөжид хэрхэн нөлөөлөх талаар тооцоолол бэлдлээ.

  0 1 2 3 4 5 6 7 8 9 10 Өгөөж
Зах зээлийн үнэ = NAV 100.00 117.60 138.30 162.64 191.26 224.92 264.51 311.07 365.81 430.20 505.91 17.6%
Зах зээлийн үнэ > NAV   179.87 201.75 226.29 253.82 284.70 319.33 358.18 401.75 450.62 505.91 12.2%
Зах зээлийн үнэ < NAV   100.00 119.74 143.37 171.67 205.55 246.12 294.70 352.87 422.52 505.91 19.7%

Дээрх жишээний дагуу NAV-с өндөр үнээр нэгж эрх худалдан авах нь таны хөрөнгө оруулалтын өгөөжийг бууруулж байгаа бол NAV-с хямд үнээр нэгж эрхийг худалдан авах нь таны хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлж байна. Гэхдээ энэ нь NAV-с өндөр үнээр нэгж эрхийг худалдан авах нь буруу гэсэн ойлголт огт биш юм. Учир нь:

  • Сан нь бодит байдал дээр төсөөлөл болох жилийн 17.6 хувиас өндөр өгөөжтэй ажиллаж болно. Энэ тохиолдолд сангийн нэгж эрхийг өндөр үнээр худалдаж авсан нь зөв шийдвэр болно.

  • Эсвэл дээрх жишээний дагуу Хувилбар 2 дахь 12.2 хувийн өгөөж нь танд хангалттай өгөөж байж болно. Энэ бол хөрөнгө оруулагч бүрийн эрсдэл, өгөөжийн үнэлэмжтэй холбоотой.

  • Ирээдүйд сангийн нэгж эрхийн үнэ улам өснө гэсэн хүлээлт байгаа бол өндөр үнээр худалдан авч болно. Ихэнх өндөр өсөлттэй, ашигтай компаний хувьцаа өнөөгийн бодит үнэ цэнээс өндөр үнээр худалдаалагддаг.

Учирч болох эрсдэл:

  • Үндэсний Хувьчлалын Сан нь жилийн 17.6 хувийн өгөөжтэй ажиллах төсөөлөлтэй хэдий ч төсөөлөл бол бодит байдлаас зөрөх боломжтой. Хөрөнгө оруулах нь эрсдэлтэй үйл ажиллагаа тул сайн мэргэжлийн баг ч алдагдал хүлээх боломжтой байдаг.

  • Сангийн нэгж эрхийг NAV-с өндөрөөр үнээр худалдан авах нь хөрөнгө оруулалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг болон NAV-с хямдаар худалдаж авах нь хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулдаг. Гэвч зах зээлийн үнэ нь өсч байгаа нь сайн санг илтгэдэг бол зах зээлийн үнэ бууралттай байгаа нь муу санг илтгэнэ. Тэгхээр үнэтэй болгон муу биш, хямд болгон өгөөж өндөртэй биш юм.

Дээрх мэдээллүүд нь хаалттай хамтын сангийн нэгж эрхийн үнийн талаар тодорхой ойлголт өгсөн гэж бид итгэж байна. Нээлттэй хамтын хөрөнгө оруулалтын сан нь хаалттай сангаас өөр бөгөөд нээлттэй сан Монголын зах зээлд гарах үед бид энэ талаар мөн адил мэдээлэл хүргэнэ.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 5, 04:00

    БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    featured
    2022 оны 03 сарын 28, 04:00

    Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид