Хүн төрөлхтний түүхийн явцад хөдөлмөрийн хуваарилалт нарийсах тусам барааг бараагаар солих нь тухайн үйл явцыг хүндрүүлэх болсон учраас түгээмэл солилцооны хэрэгслийн үүргийг гүйцэтгэж чадах ямар нэг барааг сонгож, ашиглах шаардлага зүй ёсоор үүсчээ. Энэхүү үүргийг гүйцэтгэж чадах хэрэгслийг бий болгосон нь “мөнгө” юм.
Мөнгө нь дараах хэрэгслийн үүргүүдийг гүйцэтгэдэг.
Өртгийн хэмжүүр буюу тооцооны
Гүйлгээний буюу арилжааны
Төлбөрийн
Хуримтлалын үүрэгтэй.
Мөнгө бол эд зүйлс авахаас илүүтэй нийгмийн харилцааг бий болгож байдаг чухал хэрэгсэл гэдгээрээ онцлогтой. Бас нэгэн онцлог нь арилжааны хэрэгслийн үүрэг гүйцэтгэснээр цаг хугацаа болоод бусад зардлыг бууруулах замаар эдийн засгийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлдэг. Мөнгө бол хамгийн хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгсэл юм.
Эдийн засаг нь хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангах талаар судалдаг шинжлэх ухаан. Хувь хүний санхүүгийн шийдвэр гаргалтад нөлөөлдөг нэг чухал хүчин зүйл нь эдийн засгийн нөхцөл байдал юм. Эдийн засаг нь хөрөнгө баялаг хэрхэн үүсэж, хуваарилагддаг талаар судалдаг. Манай орны хувьд Төв банк (Монголбанк) төрийн мөнгөний бодлогыг тодорхойлж, хүүний ерөнхий түвшин болон зайлшгүй байх нөөцийн хувь хэмжээг тогтоох, үнэт цаас гаргаж нээлттэй зах зээл дээр үйл ажиллагаа явуулах замаар мөнгөний бодлогоо хэрэгжүүлдэг. Төв банкны мөнгөний бодлого нь шууд болон дам байдлаар хувь хүний хадгаламж, авах зээлийн хэмжээнд нөлөөлдөг байна.
Цаг хугацааны үнэ цэн бол мөнгөө өсгөхөд тань туслах хамгийн ухаалаг хэрэгсэл байх болно. Хөрөнгө, мөнгөө амжилттай өсгөх эрэлхийллийн явцдаа бид ашиглах боломжтой хамгийн хүчирхэг хэрэгслийг ихэвчлэн үл тоомсорлодог нь “цаг хугацаа” болон “нийлмэл хүү” байдаг.
Оновчтой санхүүгийн төлөвлөгөө гаргахад нийгэм, эдийн засгийн тогтолцоогоо ойлгодог байх хэрэгтэй. Санхүүгийн төлөвлөгөөгөө амжилттай гаргасан ч дийлэнх тохиолдолд зөвхөн санхүүгийн өнцгөөс харан, амьдралын утга учир болох аз жаргалыг шингээгээгүй байх элбэг. Иймээс та өөрийн хүсэж буй амьдралын хэв маягт тааруулан төлөвлөвөл илүү үр дүнтэй. Бид өөрсдийгөө урт удаан насална хэмээн бодож зарим зүйлсийг хойш тавьдаг боловч дараа хийж гүйцэтгэсэн ч анх авч болох байсан мэдрэмжээс өөр байх нь гарцаагүй.
Аз жаргалд нөлөөлөхүйц чухал хүчин зүйлсийн нэг бол мэдээж мэдлэг, боловсрол. Тиймээс өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийж, “юм үзэж, нүд тайлахаа” хэзээд чухалчилж, ертөнцийг харах өнцгөө өргөн болгоорой. Таны аливаа нэг асуудалд хандах өнцөг нэг хэвэндээ л байх юм бол асуудал тань ч үргэлж хэвээр оршин байх бөгөөд таны аз жаргал тогтворгүй байх эрсдэлтэй.
Дээрх зүйлсийг тунгаан бодож, өөрийн амьдрал болон зорилгодоо уялдуулсан санхүүгийн төлөвлөгөө гаргаснаар та хязгааргүй амжилтанд хүрэхэд дөхөм болно гэж итгэж байна.
Сэтгэгдлүүд (0)