Нэгэн мэргэжлийн хөрөнгө оруулагч хэлсэн байдаг, 20 жил хадгалахгүй хувьцаагаа 2 өдөр ч битгий хадгал гэж.
Та хувьцаа авахаар шийдсэн бол чанартай, сайн компанийн хувьцаа авах хэрэгтэй. Урт хугацаандаа үйл ажиллагаа нь тасалдахгүй үргэлжилж чадах компанийг сонгох нь зүйтэй. Бараа үйлчилгээ нь ойрын хугацаанд хэрэглээнээс гарчихааргүй, олон жил тогтвортой ажиллах боломжтой байгууллагын хувьцааг урт хугацааны хөрөнгө оруулалт гэж төлөвлөөд авах хэрэгтэй. Харин богино хугацаанд тогтмол өгөөжтэй бонд, хадгаламжийн бүтээгдэхүүн сонгохыг зөвлөнө.
Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа бол богино зайн гүйлт биш урт хугацааны марафон юм. Тэмцээнд түрүүлэх биш бариандаа найдвартай ирэхийг ухаалаг хөрөнгө оруулагчид зорьдог.
Хөрөнгө оруулалт ихэвчлэн урт хугацаанд үр ашгаа өгдөг. Миний зүгээс, хүмүүст тэтгэврийн хуримтлалыг санал болгоно. Идэвхтэй ажиллаж, цалинжиж байх үедээ сар бүр 60 мянган төгрөгийг хувийн тэтгэврийн сандаа төвлөрүүлээд явах нь нэг их хүндрэлтэй биш байх, гэвч тэр нь 10, 20 жилийн дараа гэхэд нилээд их хэмжээний мөнгө болчихсон байдаг. Энэхүү хуримтлалаа үр хүүхдэдээ өвлүүлэх, өөрийн хүссэн хэмжээгээрээ хуваан хүртэх, эсвэл бүр нэг дор бүх хуримтлалаа авч болно гэдгээрээ онцлогтой байдаг учраас надад их таалагддаг. Улсаас авдаг тэтгэврийн хажуугаар нэмэлт орлого болгон хүртэнэ гэсэн үг.
Нэгэн сонирхолтой санааг дурдахад, бидний тархи хөрөнгө оруулалт хийхэд саад болохоор кодлогдсон байдаг байна. Тийм учраас бид сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй, харин судалгаа шинжилгээ дээр үндэслэж шийдвэрээ гаргаж байх хэрэгтэй. Хувьцаа унасан тохиолдолд зарах эсвэл өссөн тохиолдолд худалдаж авахаас болгоомжлоорой.
Мөн алдагдал хийх нь ашиг хийхээс хоёр дахин хүчтэй сэтгэлзүйн хямрал үүсгэдэг байна. Өөрөөр хэлбэл 100 долларын алдагдал хүлээх нь 200 долларын ашиг хийснээс илүү хүчтэй сэтгэл хөдөлгөдөг ажээ. Үүнийг хэрхэн удирдах ёстой вэ гэхээр, багцын өөрчлөлтөө мөнгөн дүнгээр бус хэдэн хувиар өөрчлөгдсөнөөр нь хэмжих, хөрөнгө оруулалтаа тоон шинжилгээнд үндэслэж хийх, зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж багцаа өөрчлөхдөө ч мөн тоонд суурилсан аргаар хийх ёстой юм. Бидэнд хамгийн их сонсогддог буруу ойлголтуудаас хэлэхэд, өгөөж эрсдэлээс шууд хамааралтай байдаггүй. Харин ухаалгаар хөдөлмөрлөх чадвараас хамааралтай байдаг. Зогсолтгүй шинжилгээ судалгаа хийж ухаалгаар хөдөлмөрлөж чадваас харин ч бага эрсдэл гаргаж өндөр ашиг хүртэх боломжтой.
Аливаа өгөгдөл болгон ямар нэгэн давуу болон сул талыг өөртөө хадгалж байдаг. Тэгэхээр, хэдийгээр эдийн засаг хямралтай байгаа ч гэсэн ямар нэг боломж заавал гарч ирнэ. Хөрөнгө оруулалт ихэвчлэн урт хугацаанд үр ашгаа илүү ихээр өгдөг. Ухаалаг хөрөнгө оруулагч номоос эш татахад, зах зээл хямарч, хувьцаа хямдарчихсан үед бүх хүмүүс айж байхад харин ч зоригтой шийдвэр гарган худалдаж авахыг санал болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн компаниудын хувьцааг илүү хямдарсан үед нь худалдаж авснаар урт хугацаандаа өндөр өгөөж хүртэхэд тань тусална гэсэн үг. Энэ боломжийг алдалгүй шүүрч авах хэрэгтэй.
Сэтгэгдлүүд (0)