Сангийн нэгж эрхийн үнэд засварлалт орж байгааг "эрүүл" үзэгдэл гэж харж байна

Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрхийн өсөлт, түүнд нөлөөлөх гол хүчин зүйлс болон ханшийн савалгаа, хөрөнгийн зах зээлийн талаар ярилцлаа.
orgil fund manager .jpg

Г.Оргил, Сангийн Менежер, Үндэсний Хувьчлалын Сан

Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрхийн өсөлт, түүнд нөлөөлөх гол хүчин зүйлс болон ханшийн савалгаа, хөрөнгийн зах зээлийн талаар ярилцлаа.

Үндэсний Хувьчлалын Сан анхны хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгууллаа, нийт хэдэн хувьцаа эзэмшигчтэй вэ?        

Тэглээ. Анхны нэгж эрх эзэмшигчдийн хурал амжилттай болж өндөрлөлөө. Үндэсний Хувьчлалын Сан нь хамгийн сүүлийн мэдээлэл буюу 4 сарын 7-ны өдрийн байдлаар нийт 3803 нэгж эрх эзэмшигчтэй байна. Энэ үзүүлэлт нь 2020 оны эцсээр 2451 байсантай харьцуулахад 55 хувиар өсөөд байна.

Сангийн нэгж эрх богино хугацаанд өсөлт үзүүлж, хөрөнгийн зах зээл сонирхогчдын анхааралд ороод байна. Энэ өсөлтөд юу нөлөөлөв?

Үндэсний Хувьчлалын Сан нь 2020 оны 10 сард 5 тэрбум төгрөг олон нийтээс татан төвлөрүүлсэнээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Өнөөдрийг хүртэл 6 сарын дотор цэвэр хөрөнгийн үнэлгээг 100 төгрөгөөс 169.56 (2021.04.26) төгрөгт хүргэж 69.5 хувиар өсгөсөн байна. Энэ нь жилээр тооцвол 139 хувийн өгөөжтэй байгаа нь яах аргагүй олон нийтийн анхаарлыг татаад байна. Өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйлийг сангийн хөрөнгийн бүтцээс харах боломжтой. 2021 оны 1-р улирлын эцсийн байдлаар сангийн нийт хөрөнгийн 60 хувийг дотоодын хувьцаа, 7 хувийг гадаад хувьцаа, 26 хувийг хадгаламж, 2 хувийг бэлэн мөнгө, 5 хувийг бусад хөрөнгө тус тус бүрдүүлж байна. Эндээс харахад та бүхэнд тодорхой харагдаж байгаа байх. Товчхондоо, өнөөдрийг хүртэлх хугацаанд Сангийн үзүүлсэн өсөлтийн гол нөлөө нь дотоодын хувьцааны өсөлт байлаа.

Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Сангийн үзүүлэлтийг зөвхөн нэг хүчин зүйлтэй холбож ойлгож болохгүй бөгөөд багцын бусад бүрэлдэхүүн ч гэсэн эрсдэл, өгөөжийн харьцааны үүднээс чухал байр суурь эзэлдэг. Энэ зохистой багцыг бүрдүүлж, удирдах нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын чухалчлан анхаарах ажил байдаг.

Үүнтэй зэрэгцэн ханш савалж харагдлаа, үүнийг юутай холбон тайлбарлах вэ?

Монголын Хөрөнгийн Бирж дээр Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрхийн үнэ сүүлийн өдрүүдэд савалгаа өндөртэй байна. Өсөлтийн шалтгаанд сангийн үйл ажиллагааны үр дүн гайхалтай сайн байгаа, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах сонирхол зах зээлд их байгаа болон зах зээл дээр сангийн нэгж эрхийн олдоц буюу зарах тал нь бага байсантай холбоотой байна. Харин ханшийн уналтын шалтгаан нь богино хугацааны хөрөнгө оруулагчид үнэ ханшийн өндөр өсөлтийн дараа ашгаа аваад гарч байгаатай холбоотой байна.

Бүхий л төрлийн хувьцаа, үнэт цаас үнэ ханш нь тогтмол өсөлттэй эсвэл тогтмол уналттай байдаггүй. Үргэлж тодорхой хэмжээний засварлалт орж байдаг. Миний хувьд сангийн нэгж эрхийн үнэд засварлалт орж байгааг "эрүүл" үзэгдэл гэж харж байгаа. Мөн үнэ ханшид засварлалт орсноор урт хугацааны хөрөнгө оруулагчдад илүү хямд үнээр худалдаж авах боломж үүсэж байдаг шүү гэдгийг хэлмээр байна. Харин тухайн нэгж эрх эсвэл хувьцааны үнэ үргэлжлүүлэн унаад байх уу гэдэгт хариулт авахын тулд тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагааны үр дүнг харах хэрэгтэй.

Үндэсний Хувьчлалын Сан 2029 онд хаагдана. Энэ нь манай улсад урт хугацааны хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогдоно. Гэвч ханшийн өсөлт дээр богино хугацаанд ашиг хийх сонирхолтой хэсэг ч анзаарагдсан. Таны зүгээс нэгж эрх эзэмшигчдэдээ юу зөвлөх вэ?

Би энд богино хугацааны хөрөнгө оруулалт нь муу, урт хугацааны хөрөнгө оруулалт нь сайн гэдэг зүйл ярихгүй. Учир нь аль аль нь хөрөнгө оруулалтын тусдаа стратегиуд мөн. Гэхдээ статистикаас харахад мэргэжлийн бус, хөрөнгийн зах зээлд ажилладаггүй болон туршлагагүй, өдөр тутам мэдээлэлтэй ойр байдаггүй хөрөнгө оруулагчийн хувьд богино хугацааны арилжаанаас тууштай ашиг хүртэх магадлал бага байдаг. Мэргэжлийн хүний хувьд ч гэсэн богино хугацааны арилжаа нь өндөр эрсэлтэй байдаг тул мэргэжлийн бус хөрөнгө оруулагчдад аль болох урт хугацаанд хөрөнгө оруулахыг зөвлөдөг.

Жишээ авч тайлбарлавал илүү ойлгомжтой болох байх. Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангууд болон хөрөнгө оруулалтын банкууд хөрөнгийн захын гол тоглогчид нь билээ. Тэдгээр гол тоглогчид богино хугацаанд үнэ ханшид нөлөөлж чадах бол урт хугацаанд суурь хүчин зүйлс хэзээд ялан дийлдэг. Тиймээс жижиг хөрөнгө оруулагчид өдөр тутам арилжаа хийгээд ихэнх нь алдагдал хүлээдгийг гайхах хэрэггүй байх. Урт хугацаанд бол зах зээлийн томоохон тоглогчдын давуу тал байхгүй бөгөөд хэн зөв шийдвэр гаргасан нь илүү өндөр өгөөжийг хүртдэг.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 5, 04:00

    БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    featured
    2022 оны 03 сарын 28, 04:00

    Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид