Хөрөнгө оруулалт гэж юу? Хөрөнгийн зах зээл хэрхэн ажилладаг вэ? - Эдгээр асуултын хариултыг хайх нь улам бүр ихэссээр байгаа нь манайд энэ салбар ахицтай байж, хөгжих шатандаа яваагийн нэг илрэл болов уу. Сүүлийн хэдэн өдөр иргэдээс Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрхийн үнийн өсөлт, ханшийн хэлбэлзэлтэй холбоотойгоор маш олон асуулт ирсээр байна. Тиймээс бид та бүхний мэдлэгт дусал нэмэхээр Ард Академи вэбсайтынхаа хөрөнгө оруулалт булангийн нийтлэлээс түүвэрлэн хуваалцаж байна.
1. Хөрөнгө оруулалт ихэвчлэн урт хугацаанд үр ашгаа өгдөг. Зах зээл дээр ханш хэзээд савалж л байдаг. Тиймээс та өөрийн хөрөнгө оруулалтын зорилгодоо тууштай байгаарай.
20 жил хадгалахгүй хувьцаагаа 2 өдөр ч битгий хадгал гэдэг дээ. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа бол богино зайн гүйлт биш урт хугацааны марафон юм. Тэмцээнд түрүүлэх биш бариандаа найдвартай ирэхийг ухаалаг хөрөнгө оруулагчид зорьдог.
2. Хөрөнгө оруулалтын машины: Арын толинд бүх зүйл тод харагддаг боловч өмнөх зам үргэлж манантай байдаг. Та өөрийн машиныг зогсоох эсвэл ирээдүйн зүгт жолоо мушгихаар шийдсэн бол зөвхөн мэргэжилтний зөвлөгөө, нягт судалгаа шинжилгээнд үндэслэж шийдвэрээ гаргаарай. Сонирхуулахад: Бидний тархи хөрөнгө оруулалт хийхэд саад болохоор кодлогдсон байдаг байна. Тийм учраас бид сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй, харин судалгаа шинжилгээ дээр үндэслэж шийдвэрээ гаргаж байх хэрэгтэй. Хувьцаа унасан тохиолдолд зарах эсвэл өссөн тохиолдолд худалдаж авахаас болгоомжлох хэрэгтэй гэнэ шүү.
3. Хөрөнгө оруулалт болон богино хугацааны арилжааны аль аль нь санхүүгийн зах зээлээс ашиг хүртэх аргууд мөн боловч та чухам алийг нь сонгож байгаагаас шалтгаалж таны хүлээх “эрсдэл”-ийг хэмжиж болно. Жишээлбэл, мэргэжлийн хөрөнгө оруулагчид сайтар судалсны үндсэн дээр ашигтай гэж үзсэн санхүүгийн хэрэгслүүдийг авч дарах замаар урт хугацаанд илүү ашиг олохыг эрмэлздэг. Харин богино хугацааны арилжаалагчид зах зээлийн уналт өсөлтийг ашиглан харьцангуй богино хугацаанд авч, зарах байдлаар бага боловч олон давтамжтай ашиг хүртэхийг илүүд үздэг ба тэр хэрээрээ эрсдэлийн хэмжээ нь ч ихсэж байдаг.
4. Сангийн хөрөнгө оруулалтаас ашиг хийх хамгийн сайн арга бол сар болгон тогтмол дүнгээр авч дундаж өртгөөр багцаа бүрдүүлэх явдал юм. Үнэ ханш үргэлжийн өсөлттэй эсвэл уналттай байдаггүй. Өндөр өсөлт эсвэл уналтын дараа тохируулга үргэлж хийгддэг бөгөөд тохируулга хийгдэж байгаа нь өөрөө эрүүл үзэгдэл юм. Үндэсний Хувьчлалын Сан нь 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах богино хугацааны ханшийн өөрчлөлтөөс илүүтэйгээр урт хугацаанд өндөр өгөөжийг бий болгохыг зорин ажилладаг.
5. Хөрөнгө оруулалт хийх хугацаа ба хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлоорой. Та анх хөрөнгө оруулалт хийж эхлэхдээ л хэдий хэмжээний мөнгийг хэр хугацааны дараа авч хэрэглэх вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Ингэхийн тулд, өөртэйгөө болон өөрийн гэр бүлийн гишүүдтэй сайтар ярилцан ирээдүйд худалдаж авах эд зүйл, байр байшин, төлөх төлбөр, төлөвлөж буй аялал гэх зэргээр хийхийг хүссэн, шаардлагатай зүйлсийн жагсаалтаа гаргаарай. Дараа нь тэрхүү жагсаалтаа богино, дунд, урт хугацааны зорилго гэж 3 хуваана. Богино буюу 1 - 12 сар, дунд буюу 12 - 36 сар, урт буюу 36 -с дээш сарын дараа хэрэгжих зорилтуудыг багтаана. Та өөрийн хүссэнээр дээрх хугацааг өөрчлөх боломжтой бөгөөд гол зүйл нь таны хөрөнгө оруулалт хийх бүтээгдэхүүн тань эдгээртэй авцалдах ёстой. Хамгийн сүүлд та ангилал тус бүрийн нийлбэр дүнг гаргаж ирснээр хэр их мөнгө ирээдүйд тань хэрэг болохыг тодорхойлж болно.
Сэтгэгдлүүд (0)