Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулах зөвлөмж

Эд баялаг, аз жаргалыг хурдан, хялбар аргаар олох нь магадгүй хүн бүрт таалагдах байх.
analytics-3265840_1920 (1).jpg

Эд баялаг, аз жаргалыг хурдан, хялбар аргаар олох нь магадгүй хүн бүрт таалагдах байх. Гэвч хэдий сугалаагаар асар их мөнгө хожсон, эсвэл сонгосон хувьцааных нь үнэ цэн жилийн дотор дөрөв дахин болон түүнээс ч ихээр өссөн хүмүүс байх ч энэ нь үнэхээр магадлал багатай төдийгүй, зөвхөн хэт цөхөрсөн, ухаалаг бус хөрөнгө оруулагчдын дан ганц азад найдсан арга болно. Амжилтад хүрэх эрэлхийллийн явцдаа бид ашиглах боломжтой хамгийн хүчирхэг хэрэгслийг ихэвчлэн үл тоомсорлодог нь “цаг хугацаа” болон “нийлмэл хүү” (хүүгээс хүү бодогдох) юм. Тогтмол хөрөнгө оруулалт хийх, зайлшгүй хэрэгцээт бус санхүүгийн эрсдэлээс зайлсхийх, урт хугацаанд хөрөнгө өөрөө арвижих боломжийг олгох зэрэг нь их хэмжээний хөрөнгө хуримтлуулах тодорхой аргууд юм. Ухаалаг хөрөнгө оруулагч байхад дараах зөвлөгөө танд туслах болно.

Урт хугацааны хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойл

Та яагаад хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах талаар бодож байна вэ? Зургаан сар, жил, аван жил эсвэл түүнээс дээш хугацааны дараа танд бэлэн мөнгө хэрэгтэй болох уу? Та тэтгэвэрт гарахдаа зориулж, их сургуулийн төлбөрт, байр худалдаж авахад эсвэл үр хүүхдэдээ хөрөнгө үлдээхийн тулд хөрөнгө оруулалт хийж байна байгаа юу?

Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө зорилго болон хэдий хугацаанд танд буцаад мөнгө хэрэгтэй болохыг тодорхойлсон байх хэрэгтэй. Хэрэв та цөөн жилийн дараа хөрөнгө оруулалтаа буцааж авах шаардлагатай байгаа бол хувьцааны зах зээлээс илүү эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг бодож үзэx нь тохиромжтой. Зорилго буюу хүлээж чадах эрсдэл, босгох хөрөнгийн хэмжээ, хөрөнгө оруулалтын хугацаагаа тодорхойлсноор та яг одоо хэр их мөнгийг хэдэн хувийн өгөөжтэй хувьцаанд хөрөнгө оруулах, уг хөрөнгө оруулалтад тань хэр их эрсдэл дагалдаж байгааг мэдэх боломжтой юм.

Таны багцын өсөлт нь харилцан уялдаа холбоо бүхий гурван хүчин зүйлээс хамаарна гэдгийг санаарай

  1. Таны оруулсан анхны хөрөнгө 

  2. Хөрөнгө оруулалтын жилийн өгөөж 

  3. Хөрөнгө оруулалтын хугацаа

Болж өгвөл та аль болох эрт, аль болох их хэмжээний хөрөнгө оруулалтыг эрсдэлийн философитойгоо нийцсэн, хамгийн өндөр өгөөж бүхий хөрөнгөнд байршуулах хэрэгтэй.

Эрсдэлийн хандлагаа тодорхойл 

Эрсдэлийн хандлага гэдэг нь генетикт суурилсан боловч боловсрол, орлого, эд баялаг зэргээс эерэг хамааралтай (эдгээр нэмэгдэх тусам эрсдэлийг хүлцэх байдал бага зэрэг нэмэгдэх ажиглагддаг) наснаас сөрөг хамааралтай (нас ахих тусам эрсдэлийн хүлцэл буурдаг) байдаг сэтгэлзүйн шинж чанар юм. Таны эрсдэлийн хүлцэл бол эрсдэлийн талаар танд ямар сэтгэгдэлтэй байх, эрсдэл гарах үед мэдэрч буй мэдрэмжийн хэмжээ юм. Эрсдэлийн хандлагаа ойлгосноор та сэтгэлийн түгшүүр төрүүлэх хөрөнгө оруулалтаас зайлсхийх боломжтой. Сэтгэл түгшээсэн байдал нь стрессийн үед логик хариу урвал бус сэтгэл хөдлөлийн хариу урвал буюу айдас сандралыг өдөөдөг. Санхүүгийн тодорхой бус байдалтай үед аналитик шийдвэрийн процессыг дагаж сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг хөрөнгө оруулагч урагш гарч ирдэг.

Хөрөнгө оруулалтаа төрөлжүүл 

Warren Buffet шиг туршлагатай хөрөнгө оруулагчид эрсдэлээ тодорхойлж, тооцоолохын тулд шаардлагатай бүх судалгааг хийсэн гэдэгт итгэн хувьцааны хэт их төрөлжилтөөс зайлсхийдэг. Тэд мөн хөрөнгийн багцийг нь эрсдэлд оруулж болзошгүй аливаа аюулыг илрүүлж их хэмжээний алдагдалд орохоосоо өмнө хөрөнгө оруулалтаа татан буулгах, өөрчлөх нөөц боломж, туршлагатай байдаг. Andrew Carnegie "Хөрөнгө оруулалтын хамгийн аюулгүй стратеги бол бүх өндгөө нэг сагсанд хийгээд сагсаа сайн хянаж харах явдал юм" гэж хэлж байжээ.

Эрсдэлийг удирдах түгээмэл арга бол багцаа төрөлжүүлэх явдал юм. Болгоомжтой хөрөнгө оруулагчид төрөл бүрийн салбарт, заримдаа өөр өөр улс орнуудад өөр компаниудын хувьцааг эзэмшдэг бөгөөд нэг муу үйл явдал нь тэдний бүх эзэмшилд нөлөөлөхгүй эсвэл адилгүй түвшинд нөлөөлснөөр нийт эрсдэлийн хэмжээг хязгаарлаж чадна гэж үздэг. 

Сэтгэл хөдлөлөө хяна 

Хөрөнгийн биржээс ашиг олоход хамгийн том саад бол сэтгэлийн хөдлөлөө хянах, логик шийдвэр гаргах чадваргүй байх явдал юм. Богино хугацаанд компаниудын үнэ ханш нь бүх хөрөнгө оруулагчдын нэгтгэсэн сэтгэл хөдлөлөөр тодорхойлогдож байдаг. Хөрөнгө оруулагчдын ихэнх нь компанийн талаар санаа зовниж байгаа үед түүний хувьцааны үнэ буурах хандлагатай байх бол олонх нь компанийн ирээдүйн талаар эерэг сэтгэгдэлтэй байх үед уг компанийн хувьцаа өсөх хандлагатай байдаг.

Зах зээлийн талаар сөрөг сэтгэгдэлтэй буй хөрөнгө оруулагчийг “баавгай” гэж нэрлэдэг бол эерэг сэтгэгдэлтэй байгааг нь “бух” гэж нэрлэдэг. Зах зээлийн үеэр бух, баавгайн хоорондох байнгын тэмцлийн улмаас үнэт цаасны үнэ байнга өөрчлөгдөж байдаг. Эдгээр богино хугацааны хөдөлгөөнүүд нь компанийн өмч, менежмент, хэтийн төлөвийн талаарх логик, системчлэгдсэн дүн шинжилгээнд суурилахаас илүүтэйгээр цуу яриа, таамаглал, итгэл найдвар, сэтгэл хөдлөлөөр удирдагдаж байдаг.

Хөрөнгө оруулалтын суурь мэдлэг заавал эзэмш 

Анхны хөрөнгө оруулалтаа хийхээс өмнө хөрөнгийн зах зээл ба зах зээлийг бүрдүүлж буй хувьцаануудын талаарх суурь мэдлэг болон мэдээллийг авахад цаг гаргаарай. Эхний худалдан авалтаа хийхээсээ өмнө мэдэж байвал зохих санхүүгийн үг хэллэг суурь ойлголтуудыг дурдвал: 

Санхүүгийн хэмжилтүүд ба тодорхойлолтууд

P / E харьцаа, нэгж хувьцааны ашиг (EPS), өөрийн хөрөнгийн өгөөж (ROE), жилийн өсөлтийн хурд (CAGR) зэрэг хэмжигдэхүүний тодорхойлолтыг ойлгох хэрэгтэй. Тэдгээрийг хэрхэн тооцоолж байгааг мэдэх, эдгээр хэмжигдэхүүнийг ашиглан сонирхож буу компаниа бусад компаниудтай харьцуулах чадвартай байх нь маш чухал юм. 

Хувьцааг сонгох, цаг хугацааг тодорхойлох аргууд

"Үндсэн" ба "техникийн" дүн шинжилгээг хэрхэн хийж байгаа, хэрхэн хоорондоо ялгарах, мөн тус бүр нь хэзээ хөрөнгийн зах зээлийн стратегид хамгийн тохиромжтой болохыг ойлгох хэрэгтэй. 

Хөрөнгийн зах зээлийн захиалгын төрлүүд

Зах зээлийн захиалга, захиалгын хязгаарлалт, "зах зээлийн стоп" захиалга, хязгаарлалттай стоп захиалга, алдагдлыг зогсоох захиалга болон хөрөнгө оруулагчдад өргөн хэрэглэгддэг өөр бусад төрлүүдийн хоорондын ялгааг судалж мэдэх хэрэгтэй. 

Хөрөнгө оруулалтын дансны янз бүрийн хэлбэрүүд

Бэлэн мөнгөний данс хамгийн түгээмэл байдаг боловч зарим төрлийн арилжааг эрхлэхийн тулд маржин дансыг шаарддаг. Та маржиныг хэрхэн тооцоолж байгаа болон анхны болон дараагийн маржины хоорондын ялгааг ойлгох хэрэгтэй.

Хөшүүргээс зайлсхий 

Хөшүүрэг гэдэг нь хөрөнгийн зах зээлийн стратегиа хэрэгжүүлэхийн тулд зээлсэн мөнгийг ашиглахыг хэлнэ. Маржин дансанд банкнууд болон брокер дилерийн компаниуд танд хувьцааг худалдаж авахад зориулж мөнгө зээлж болох бөгөөд энэ нь ихэвчлэн худалдан авах үнийн дүнгийн 50% байдаг. Өөрөөр хэлбэл, та 100 доллар үнэ бүхий 100 ширхэг үнэт цаасыг $ 10,000- аар худалдаж авахад, таны брокер дилерийн компани танд 5,000 доллар зээлж өгч, худалдан авалтыг хэрэгжүүлэх боломжтой болно.

Хөшүүрэг бол хөрөнгө оруулалтын хэрэгсэл, сайн ч биш бас муу ч биш. Энэ хэрэгсэл нь туршлага, шийдвэр гаргах чадвараа олж авсны дараагаар хамгийн сайн хэрэглэгдэж үр өгөөжөө өгнө. Үнэт цаасны хөрөнгө оруулалт нь түүхэндээ бусад төрлийн хөрөнгө оруулалтаас харьцангуй өндөр өгөөжийг харуулж байсан төдийгүй хөрвөх чадвар өндөртэй, бүгдэд нээлттэй бөгөөд ил тод мөн идэвхтэй зохицуулагдаж байдгаараа давуу талтай юм. Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх нь тогтвортой хөрөнгө оруулалт хийх чадвартай, туршлага олж авахын тулд цаг хугацаа болон энерги зарцуулдаг, эрсдэлийг зохих ёсоор нь зохицуулдаг, тэвчээртэй байх чадвартай хүмүүст томоохон хөрөнгийн үнэ цэнийг бий болгох сайхан боломж юм. Та залуу байх тусам таны хуримтлуулах хөрөнгө тань улам ихсэх боломжтой. Гол нь та яарч сандралгүй аажмаар туршлага хуримтлуулах хэрэгтэйг санаарай.

Эх сурвалж: Michael Lewis, Money Crashers

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 5, 04:00

    БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    featured
    2022 оны 03 сарын 28, 04:00

    Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид