Мөнгөний ханш, үнэ цэн цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж байдаг. Иймээс ч бид өнөөдрийн мөнгөний үнэ цэнийг алдагдуулахгүйн тулд хамгийн ашигтай, оновчтой гэж бодсон зүйлдээ хөрөнгө оруулалт хийдэг. Товчхондоо, ашиг олох зорилгоор өөрийн мөнгөн хөрөнгөө эргэлтэд оруулдаг. Бид бүхэнд өөрийн мөнгөн хөрөнгөө илүү ашигтайгаар эргэлтэд оруулах хэд хэдэн энгийн боломжууд байдаг. Хөрөнгө оруулалтын гол зарчим болох “судалгаа”, “мэдлэг”-т тань зориулсан мэдээллийг хүргэж байна.
Хадгаламж нь та болон таны гэр бүлд гэнэтийн болон урт хугацааны туршид мөнгөтэй холбоотойгоор шийдэгдэх зүйлсийг асуудалгүйгээр шийдэхэд тусална. Улмаар санхүүгийн гэнэтийн асуудал тулгарах үед найдвартай хамгаалалт болж чадна. Мөн ирээдүйн зорилгоо хэрэгжүүлэх боловсрол эзэмших, бэлэг хандив өгөх, аялалаар явах, төлөвлөж буй зүйлсийг (орон байр, машин, тавилга гэх мэт) худалдан авах боломжийг олгоно.
Хадгаламжийг та Хугацаатай, Хугацаагүй төрлөөс өөрт тохирохыг сонгон нээлгэж болохоос гадна хадгаламжаа тогтмол нэмэгдүүлж, өсгөх нь дараах ач холбогдолтой. Үүнд:
Мөнгөө зөв удирдаж сурах
Гэнэтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санхүүгийн боломжтой байх
Ирээдүйд гарах хэрэгцээг хангах чадвартай байх
Зээл бага авах, хүүний нэмэлт зардал гарахаас сэргийлэх
Санхүүгийн талаар сэтгэл бага зовох
Хадгаламжийн хүү нь нэмэлт орлогыг бий болгодог зэрэг давуу талтай.
Хувьцаа гэдэг нь аливаа нэгэн компанид оруулсан хувь, хэмжээгээрээ хувь эзэмшиж буйг баталж буй, арилжигдах боломжтой үнэт цаасыг хэлдэг. Хувьцаа эзэмшигч болсноор, хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад өөрийнхөө нэрийг дэвшүүлэх, цаашлаад жил бүр ногдол ашиг авах эрх үүснэ. Эдгээрээс гадна, хэрвээ компани нь нэмж үнэт цаас гаргавал хувьцаанаас нь тэргүүн ээлжинд авах боломжууд ч нээлттэй болдог.
Та хувьцаа эзэмшигч болсноор нэгдүгээрт, ханшийн зөрүүнээс ашиг олох боломжтой мөн хоёрдахь хэлбэр буюу хөрөнгө оруулалт хийсэн компани нь ашигтай ажиллавал жил бүр хувьцааныхаа ногдол ашгийг хүртэх замаар 2 төрлийн ашиг хийх арга байдаг. Сонгосон компанийнхаа хувьцааг худалдан авснаар, тухайн компанийг өсөж дэвжихэд нь өөрийн бодит хувь нэмрээ оруулж байна гэсэн үг.
Ногдол ашиг - Хувьцаат компани олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэд тарааж буйг ногдол ашиг гэнэ. Компани өндөр ашиг олсон байсан ч ногдол ашиг тараахгүй ч үе байдаг бөгөөд түүнийгээ шинэ хөрөнгө оруулалтад зориулах тохиолдол олон байдаг. Компани ашигтай ажилсан үед ногдол ашиг тараах эсэхээ ТУЗ-ийн хурлаар жилдээ нэг удаа шийдвэрлэдэг.
Ханшийн зөрүү - Компанийн нэгж хувьцааг худалдаж авч байсан үнэ, зах зээл дээр өсөх эсвэл буурах үед зарахад гарах ханшийн зөрүүнээс ашиг эсвэл алдагдал хүртэх боломжтой.
Бонд буюу өрийн бичиг нь үнэт цаасны нэг төрөл юм. Хөрөнгө оруулагчид компанийн бондод хөрөнгө оруулж байгаа нь бонд гаргаж буй компанид мөнгө зээлж байгаа гэсэн үг ба компани үүний хариуд хөрөнгө оруулагчид үндсэн мөнгө болон хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө. Бондыг компаниас гадна засгийн газар гаргаж болдог.
Богино хугацаат (3 жилээс бага)
Дунд хугацаат (4-10 жил)
Урт хугацаат (10 жилээс дээш)
Хугацаа нь уртсах тусам өндөр өгөөж хүртэх боломжтой байдаг.
Ирээдүйд танд ирэх үр өгөөжийг урьпчилан сайтар судалж, тухайн байгууллагын бондын танилцуулгыг анхааралтай унших хэрэгтэй. Энэ нь бонд гаргагч компаниас гаргаж буй бонд гаргахтай холбоотой танилцуулга, бондын нөхцөл, санал болгож буй бондын эрсдэлүүд, компанийн санхүүгийн байдал, төлөвлөгөө, татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтыг тусгасан байдаг.
Хөрөнгө оруулалтын сан (“сан”) нь бусдаас мөнгөн хөрөнгө төвлөрүүлж, мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр бусдаас төвлөрүүлсэн хөрөнгөөрөө хувьцаа, бонд зэрэг санхүүгийн хэрэгсэлд үр ашигтайгаар хөрөнгө оруулах байдлаар сангийн нэгж эрх эзэмшигчдэд өгөөж хүртэх боломжийг олгодог байгууллага юм.
Санг Хөрөнгө оруулалтын менежментийн компани удирддаг. Өөрөөр хэлбэл, таны хөрөнгийг мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежер удирдана гэсэн үг юм. Та хөрөнгө оруулагч болох хүсэлтэй ч шаардлагатай судалгаа, шинжилгээг хангалттай түвшинд хийхгүй л бол буруу санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулснаар өөрийн хөрөнгөө алдах эрсдэлтэй тул сангийн нэгж эрхийг худалдан авснаар тус эрсдэлээс хамгаалах боломжтой юм.
Та хэдий сайн жолооч, эрүүл чийрэг биетэй байвч бусдын нөлөөгөөр аливаа эрсдэлд өртөх боломж бүхий хүрээлэх орчинд амьдарч буйг ямагт санаж явах хэрэгтэй. Даатгал бол ирээдүйдээ оруулах хөрөнгө оруулалт. Багахан хэмжээний хураамж төлөөд 100 дахин, магадгүй түүнээс ч илүү хэмжээний санхүүгийн тусламж авах гарц юм.
Даатгалын төрөл зүйлүүд маш олон бөгөөд гагцхүү тухайн даатгуулагч өөртөө хамгийн их хэрэгтэй даатгалаа сонгон авах нь тохиромжтой. Энэ нь, хэрвээ та бизнес эрхэлдэг бол тасалдсан орлогоо төлүүлэх, бусдын эд хөрөнгөд санаандгүй байдлаар хохирол учруулсан бол хариуцлагын даатгалаар төлүүлэх, өвдөж гэмтсэн тохиолдолд эмчилгээ, шинжилгээ, хэвтэн эмчлүүлсэн болон эм тарианы төлбөрүүдээ төлүүлэхээс гадна авч чадаагүй цалингийн орлогоо нөхөн авах боломж ч бүрэн байдаг.
Тухайн үл хөдлөх хөрөнгийн онцлог, үнэ, хугацаа, байршлаас шалтгаалаад таны хөрөнгө бол - Өөрийнхөө төлөө хийсэн ухаалаг, чанартай хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм. Тиймээс аливаа үл хөдлөх хөрөнгийг сонгон авахдаа олон талаас нь судалж, ирээдүйд үнэ цэн нь буурах биш өсөн нэмэгдэх чанарыг бодолцоод үзээрэй.
Өөртөө хөрөнгө оруулалт хийж, сэтгэлгээний хувьд цаг үргэлж хөгжиж, сайжрах хэрэгтэй. Дан ганц мөнгө л олоод байвал сайхан амьдарна гэж бодох нь өрөөсгөл. Өөртөө хөрөнгө оруулалт хийн, боломж олдвол гадаад дотоодын аялалд гарч өөр өөр соёлтой танилцаж, мэдлэгийн хүрээгээ тэлж байх нь чухал. Ингэснээр асуудлыг өөр өөр өнцгөөс харж, шийдэх арга, зам их байх болно.
Сэтгэгдлүүд (0)