Ард Санхүүгийн Нэгдлийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Амарбаясгалан
Хамгийн энгийнээр тайлбарлахад, хөрөнгө оруулалт хийх гэдэг нь “баяжина” гэхээс илүүтэй өөрийнхөө ирээдүйн санхүүгийн хэрэгцээг зовохооргүй хэмжээнд аваачихыг л хэлж байгаа юм. Тэр тусмаа ид ажиллаад, ажлынхаа ашиг шимийг хүртээд явж байгаа хүмүүс яг одоогийн амьдралынхаа чанарыг алдагдуулахгүйн тулд сайтар төлөвлөх хэрэгтэй. Товчхондоо, одоо иддэг хоол, өмсдөг хувцас, унадаг машин, амьдардаг байраа дордуулахгүй амьдрахыг хүн бүр л хүснэ шүү дээ. Үүний тулд хэрхэх вэ гэхээр, хамгийн сайн ажиллаж, амжилттай яваа үедээ хөрөнгө оруулалтанд анхаарлаа хандуулснаар, амьдралын чанараа алдахгүй байхад тусална. Хөрөнгө оруулалт гэдэг нь зөвхөн компанийн хувьцаа, бонд аваад хязгаарлагдахгүй, нийгмийн даатгал төлдөг, төлдөггүй бүхий л хүмүүс хувийн тэтгэврийн сан бүрдүүлэх, эрүүл мэндээ даатгуулах зэргээр өөртөө хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байгаа юм. Манай улсын хувьд тэтгэврийн сангийн эргэн хуваарилалт хангалтгүй гэж үздэг учраас өөрийнхөө ирээдүйн нэмэлт орлогын төлөө аль болох залуугаасаа анхаарах нь зүйтэй.
Юун түрүүнд, ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхийн тулд тодорхой хэмжээний мөнгөө бэлдчихсэн байх нь мэдээж, харин тэрхүү мөнгөө бий болгохын тулд орлогын сувгаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Орлогын сувгаа нэмэгдүүлэхдээ, үндсэн ажлаас гадна өөрийнхөө хийж чадах зүйлс, авьяас чадвар зэргээ ашиглаж болно. Хүмүүс залуудаа орлогоо нэмэгдүүлэхийн тулд маш олон давхар ажлыг чөлөө завсаргүй хийдэг бол карьерынхаа оргил үед ном бичих, лекц унших, зөвлөх хийх зэргээр ажиллаж байгаа. Гэвч эдгээрийг орлогын нэмэлт сувгаа болгон ажиллаж чаддаг болохын тулд тухайн мэргэжилдээ эзэн нь байхын төлөө маш сайн боловсрох шаардлагатай.
Хүн мөнгөний төлөө биш, мөнгөө өөртөө ажиллуулдаг болсон цагт санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ. Энэ нь хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа байдаг учраас өөрийнхөө үнэт хормуудыг үрэлгүйгээр мөнгийг өөрийг нь ажиллуулна гэсэн үг. Тодруулбал, та нэгэн компанийг сонгон, хөрөнгө оруулалт хийлээ гэж бодоход таны оролцоогүйгээр, оруулсан хөрөнгийг нь өсгөхөөр ажиллах процессыг нэрлэж байгаа гэж ойлгож болно.
Аливаа өгөгдөл болгон ямар нэгэн давуу болон сул талыг өөртөө хадгалж байдаг. Тэгэхээр, хэдийгээр эдийн засаг хямралтай байгаа ч гэсэн ямар нэг боломж заавал гарч ирдэг. Цаашид төгрөгийн ханш нилээд суларч, бэлэн мөнгөний хэрэгцээ ихээр бий болно гэсэн хүлээлттэй байна. Үүнээс 2 зүйлийг харж, мөн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 2 зүйлийг хийж болно.
Компаниудын хувьцаа хямдарсан байгаа учраас хямд дээр нь худалдан авах
Төгрөгийн ханш унах хүлээлт үүссэн учраас долларт хөрөнгө оруулах
Долларт ямар аргаар хөрөнгө оруулалт хийдэг вэ гэхээр, долларын хадгаламж хийх, эсвэл гадаадаас хувьцаа авч болдог. Гадаад арилжааны тухайд, манайх энэ сараас гадаадаас хувьцаа авахад зуучилж эхэлнэ.
Мэргэжилтнүүд зах зээл хямрахад ихэвчлэн хувьцааны хөрөнгө оруулалт хийхийг зөвлөдөг. Ухаалаг хөрөнгө оруулагч номоос эш татахад, зах зээл хямарч, хувьцаа хямдарчихсан байх үед бүх хүмүүс айж байхад харин ч зоригтой шийдвэр гарган худалдаж авахыг санал болгодог. Хувьцаагаа авахдаа, гадаад болон дотоод гэж төрөлжүүлэн авбал ханшийн эрсдэлээ тодорхой хэмжээгээр хаачихаж байгаа гэсэн үг.
Хөрөнгө оруулалт ихэвчлэн урт хугацаанд үр ашгаа өгдөг. Миний зүгээс, хүмүүст тэтгэврийн хуримтлалыг санал болгоно. Идэвхтэй ажиллаж, цалинжиж байх үедээ сар бүр 60 мянган төгрөгийг хувийн тэтгэврийн сандаа төвлөрүүлээд явах нь нэг их хүндрэлтэй биш байх, гэвч тэр нь 10, 20 жилийн дараа гэхэд нилээд их хэмжээний мөнгө болчихсон байдаг. Энэхүү хуримтлалаа үр хүүхдэдээ өвлүүлэх, өөрийн хүссэн хэмжээгээрээ хуваан хүртэх, эсвэл бүр нэг дор бүх хуримтлалаа авч болно гэдгээрээ онцлогтой байдаг учраас надад их таалагддаг. Улсаас авдаг тэтгэврийн хажуугаар нэмэлт орлого болгон хүртэнэ гэсэн үг.
Нэгэн сонирхолтой санааг дурдахад, бидний тархи хөрөнгө оруулалт хийхэд саад болохоор кодлогдсон байдаг байна. Тийм учраас бид сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй, харин судалгаа шинжилгээ дээр үндэслэж шийдвэрээ гаргаж байх хэрэгтэй. Хувьцаа унасан тохиолдолд зарах эсвэл өссөн тохиолдолд худалдаж авахаас болгоомжлоорой.
Мөн алдагдал хийх нь ашиг хийхээс хоёр дахин хүчтэй сэтгэлзүйн хямрал үүсгэдэг байна. Өөрөөр хэлбэл 100 долларын алдагдал хүлээх нь 200 долларын ашиг хийснээс илүү хүчтэй сэтгэл хөдөлгөдөг ажээ. Үүнийг хэрхэн удирдах ёстой вэ гэхээр, багцын өөрчлөлтөө мөнгөн дүнгээр бус хэдэн хувиар өөрчлөгдсөнөөр нь хэмжих, хөрөнгө оруулалтаа тоон шинжилгээнд үндэслэж хийх, зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж багцаа өөрчлөхдөө ч мөн тоонд суурилсан аргаар хийх ёстой юм. Бидэнд хамгийн их сонсогддог буруу ойлголтуудаас хэлэхэд, өгөөж эрсдэлээс шууд хамааралтай байдаггүй. Харин ухаалгаар хөдөлмөрлөх чадвараас хамааралтай байдаг. Зогсолтгүй шинжилгээ судалгаа хийж ухаалгаар хөдөлмөрлөж чадваас харин ч бага эрсдэл гаргаж өндөр ашиг хүртэх боломжтой.
Сэтгэгдлүүд (0)