Амжилттай хөрөнгө оруулалт хийх хэцүү, гэвч танаас төрөлхийн гоц ухаан шаардахгүй. Дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч Warren Buffett “Амжилттай хөрөнгө оруулалт өндөр IQ -аас хамаардаггүй, IQ тань 25-с дээш, нэгэнт та энгийн эрүүл оюун ухаантай л бол хөрөнгө оруулахад саад учруулдаг сэтгэлзүйг хянах чадварыг өөртөө суулгахад л хангалттай ” хэмээжээ.
Амжилттай хөрөнгө оруулалт нь аль ч салбараас илүү тухайн хөрөнгө оруулагчаас сэтгэлзүйн сул талуудаа таньж, даван туулах чадвартай байхыг шаарддаг.
Өнгөрсөн 20 жилийн туршид сэтгэлзүйн салбар хүн төрөлхтний соёлд олон талаас нь нэвт шингэсэн билээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд санхүүгийн талбарт хүчтэй нөлөөлж, хүмүүс яагаад өөрсдийн хүслээс зөрүүтэй санхүүгийн шийдвэр гаргадаг болохыг тайлбарлахыг оролдож, олон судалгаа, ном бичвэрүүдийг ар араас нь гаргасаар байна.
Санхүүгийн сэтгэлзүй судлал нь хөрөнгө оруулагчдын сэтгэлзүй, зан ааш дээр тулгуурлан түгээмэл гаргадаг алдаанууд болон алдаа гаргахад нь нөлөөлдөг зүйлсийг ихэвчлэн судалдаг байна. Тухайлбал, хүний зан араншин хэрхэн зах зээлийг хөдөлгөж болох вэ гэх мэт томоохон сэдвүүдтэй холбон тайлбарлахыг илүү чухалчлах болжээ.
Хөрөнгө оруулагч таны мэдлэгт дусал нэмж, санхүүгийн сэтгэлзүйгээ бэлтгэхэд туслах судалгаанаас товчлон хүргэе.
Өөртөө хэт их итгэлтэй байх үзэл нь хүмүүс өөрсдийгөө байгаагаасаа илүү ухаантай, илүү их хүчин чадалтай хэмээн эцэс төгсгөлгүйгээр итгэн ургуулан бодох чадвар юм. Үүнээс улбаалан нийт хүмүүсийн 82 хувь нь өөрсдийгөө хамгийн аюулгүй жолоо барьдаг 30 хувьд багтдаг хэмээн итгэдэг аж. Мөн нийт хүмүүсийн 90 хувийн үзүүлэлтээр итгэлтэйгээр гаргасан үнэлэлт нь бодит байдал дээр оновчтой байх магадлал 70 хувь байдаг байна. Өөдрөг үзэл нь муу зүйл биш хэдий ч хөрөнгө оруулагчдын хувьд хэт их өөдрөг үзэл нь ихээхэн алдагдал авчирдаг гэдгийг санаарай.
Судалгаанаас харахад өөртөө хэт итгэлтэй хөрөнгө оруулагчид илүү богино хугацааны хөрөнгө оруулалт хийдэг байна. Учир нь тэд өөрсдийгөө бусад хөрөнгө оруулагчдаас илүүг мэдлэгтэй гэж дүгнэдэгтэй холбоотой ажээ. Гэвч богино хугацааны хөрөнгө оруулалт нь ихээхэн өртөгтэйгөөс гадна эрсдэл их, цэвэр ашиг бага байдаг. Гүйлгээний шимтгэл, татвар, эрсдэлээс сэргийлэн хөрөнгө оруулалтаа тараан байршуулахад гарах зардлууд нь жилийн турш хуримтлагдан тэр хэмжээгээрээ өндөр зардал, алдагдал болдог.
Богино хугацааны хөрөнгө оруулалтыг өдөөдөг өөртөө хэт их итгэлтэй байдлаас өөр нэгэн хүчин зүйл нь удирдлагыг гартаа авсан мэдрэмж юм. Байнгын шинэ хөрөнгө оруулалт хийх мөн хөрөнгө оруулалтаас хурдан гарах нь идэвхтэй хөрөнгө оруулалт хийж буй мэт мэдрэмж төрүүлдэг ба “би өөрийнхөө санхүүг удирддаг” гэсэн мэдрэмж төрүүлдэг.
Гэсэн хэдий ч хурдан хугацааны хөрөнгө оруулалт нь хэзээд хөрөнгө оруулалтын оновчтой бус хэлбэр юм гэдгийг харуулах олон судалгаанууд бий.
Өөртөө хэт итгэлтэй байдал нь сонгогдмол дурсамж хэмээх өөр нэгэн аюул руу хөтөлдөг. Хүн бүрд өөрсдийнх нь өнгөрсөнд хийж байсан, санахыг хүсдэггүй ухаалаг бус шийдвэрүүд, бараан дурсамжууд байдаг шүү дээ. Хөрөнгө оруулагчдын хувьд ч мөн худалдан авах боломжтой цаг үедээ аваагүй ч уг бүтээгдэхүүн нь одоо өндрөөр үнэлэгддэг, эсвэл оновчгүй үед зарах шийдвэр гаргаснаас алдагдал хүлээсэн тохиолдлууд байдаг.
Тиймээс өнгөрсөнд хийсэн алдаагаа яг таг санахын оронд бидний далд ухамсар өөрийгөө хамгаалж, өөрийн тодорхойлсон дүрээ дэмжсэн дурсамжийг л сонгон санах болно. Үүнийг сонгогдмол дурсамж гэнэ.
Энэхүү барьцгүй гэмээр ой санамж нь далд ухамсарт гарсан зөрчилдөөнөөс бий болдог. Бидний тархи доторх эсрэг тэсрэг үзэл баримтлал, итгэл үнэмшил, зан араншинг далд ухамсар маань цэгцлэн нэгтгэх шаардлагатай болдог.
Улмаар өнгөрсөнд хийсэн муу хөрөнгө оруулалтуудаа толгойдоо залруулан, зөвхөн сонгогдсон таатай ой дурсамждаа анхаарч, яг үнэндээ би чинь чадварлаг хөрөнгө оруулагч юм байна гэж өөрийгөө харж эхэлдэг. Тэр хувьцааг зарсан маань тийм ч муу шийдвэр биш байжээ, би бодсон шигээ тийм ч их мөнгө алдаагүй л юм байна гэхчлэн бодож эхэлдэг. Ийнхүү цаг хугацааны явцад эдгээр бодлууд нь улам батжиж, өөрийгөө дүгнэх дүгнэлтийг бүхлээр нь өөрчилдөг.
Судлаачид өөртөө хэт их итгэлтэй байх шинжийн эсрэг зан аашийг олж судалжээ. Үүнийг өөрийгөө гавлахуй гэнэ. Өөрийгөө гавлахуй нь ирээдүйн ажлын муу гүйцэтгэлээ хамаатай болон хамааралгүй шалтгаануудтай холбон тайлбарлахыг оролдохыг хэлнэ. Жишээ нь, илтгэл тавихдаа бүтэлгүйтвэл уг илтгэлийг тавихын өмнө төрсөн таагүй мэдрэмжээс л боллоо хэмээн буруутгана. Томоохон хэмжээний уралдаанд амжилт гаргаагүй бол тэмцээний өмнө шагай хөндүүрлэсэн байсныг санан шалтаглана.
Хөрөнгө оруулагчийн хувьд ч мөн үүнтэй адил өөрсдийгөө гавлах тохиолдол бий. Төлөвлөснөөсөө ашиг багатай хөрөнгө оруулалт хийсэн бол түүнийгээ хүлээн зөвшөөрөлгүй өмнө нь хийдэг байсан шигээ цаг гарган сайтар судалгаа хийгээгүйгээс л боллоо гэнэ. Хэт их өөртөө итгэлтэй байдал, алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байдал хоёул хөрөнгө оруулагчдад сөрөг нөлөө үзүүлдэг байх нь.
Нийтлэлийг Б.Хонгорзул
Эх сурвалж: Morningstar
Сэтгэгдлүүд (0)