Монгол улс, Улаанбаатар хот олон улсын санхүүгийн төв болох бүрэн боломжтой

Монголчууд нэгдэж нийлж байгаад гадагшаа өрсөлдөнө шүү гэж уриалсан. Би Монголд хэнтэй ч өрсөлдөхгүй. Монголын зах зээл дээр бид тэргүүлэгч болох их амархан байсан. Миний зорилго тодорхой.
ganhuyag ard.jpg

-Танайх виртуал хөрөнгийн зах зээлд “мөс хагаллаа”. Анхдагч нь болж байна. Гэхдээ Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны мэдэгдлээс болж олон нийтийн дунд эргэлзээ төрсөн. Цахим мөнгөтэй холбоотой хууль эрхзүйн орчны талаар та бүхэн ямар хүлээлттэй байна вэ? 

-Виртуал хөрөнгө буюу цахим мөнгийг зохицуулсан хууль эрх зүйн орчныг төгс боловсруулсан улс, орон одоогоор алга байна. Хүмүүст зөвхөн өөрсдөө эрсдэлээ мэдээд, хариуцлагаа үүрээд ороорой. Улсаас хамаарахгүй шүү гэдгийг л Монголбанк, СЗХ-ноос сануулж ирлээ. Өөрөөр зохицуулах нөхцөл нь бүрдээгүй байгаа. Жишээ нь, хүн мотоцикль унаж яваад хавиргаа хугалахыг төр зохицуулдаггүй шүү ээ. Харин унавал амь нас чинь эрсдэнэ шүү гээд заавар нь байдаг. Зөвшөөрөлгүй газар гэрээ бариад усанд урсчихвал чиний хариуцлага, архи хэтрүүлж уугаад хордчихвол чиний л хариуцлага. СЗХ, Монголбанк үүнийг л мэдэгдээд байгаа юм. Төр юуг хариуцах вэ гэхээр Монгол төгрөг гаргаад түүнийг Монголын нутаг дэвсгэр дээр төлбөрийн хэрэгсэл болгоод бараа бүтээгдэхүүн авч болно гэдгийг л зохицуулна. Хууль эрх зүйн орчин бүрдэх нь цаг хугацааны асуудал гэж харж байна. Одоо боловсруулалтын шатанд яваа хуулийн төсөл бий. Хууль эрх зүйн орчныг дэмжиж байгаа. Байх ёстой. Гэхдээ ирээдүйн боломжийг хойшлуулсан, одоо байгаагаа үгүйсгэсэн, төрийн дарамт шахалт хэтэрсэн байж болохгүй. Тиймээс олон талын байр суурь, дуу хоолойг сонсож, зах зээлийн хөгжлөө дэмжсэн эрх зүйн орчин бүрдэх учиртай. 

-Монголын Үнэт Цаасны Биржээс танайх хувь эзэмшихээр болж байгаа юм байна. Монголын хөрөнгийн биржтэй өрсөлдөнө гэсэн үг үү. Юугаараа ялгарах вэ. Хувийн хэвшил өөрөө биржтэй болохоор үйл ажиллагаа нь хэрхэн явагдах вэ? 

-Би аливаа хямрал, бэрхшээл дундаас боломжийг олж харахыг хичээдэг мэргэжлийн менежер хүн. Монголын Үнэт Цаасны Бирж бол Монголын хөрөнгийн биржтэй зэрэгцээд үйл ажиллагаа явуулна гэсэн. Тэгэхээр Нарантуул, Барс, Хүчит шонхор гээд захуудаас хүн сонголтоо хийнэ. Дэлгүүр дунд бол Номин, Миний сүлжээ, Имарт байна, бас л сонголтоо хийнэ. Тэгвэл яг үүнтэй адилхан санхүүгийн, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээ тавьдаг нэг захыг нь хувийн хэвшил өөрсдөө ажиллуулаад үзье гээд орж байгаа юм. Би “Ард” гэдэг санхүүгийн нэгдлийг төлөөлөөд орж байгаа. Миний ард 60 гаруй мянган хувьцаа эзэмшигч бий. Тэгэхээр Монголын нийт ард түмэн өөрөө хөрөнгийн зах зээл дээрээ эзэн болох боломжтой болж байгаа юм. Мэдээж хөрөнгийн зах зээл дээр би том тоглогч юм чинь сонирхлын зөрчил гэж үүнийг зарим нь харж байгаа байх. Биржийн үйл ажиллагаанд бид оролцохгүй. Хувь эзэмших байдлаар хамтарч оролцоно. Зах зээлээ хөгжүүлнэ. Үндсэндээ өөрөө өөрийнхөө хувьцааг өөрийнхөө зах дээр зараад, монголчууд өөрсдийнхөө хөрөнгөд эзэн суух хараат бус боломжийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бол байгаа. Би мэргэжлийн хүн гэж тодотгоод байна. Тиймээс зах зээлийг хөгжүүлэхийн төлөө ажиллана. Үүнийг бид зорьж, энэ ажил руу орсон.

-Банкны хуультай холбогдуулан Богд банк IPO хийх талаар ярьсан. Танайх үүнд оролцоод явж байгаа. Танай үнэт цаасны бирж үүнийг угтсан бэлтгэл ажлын нэг гэж ойлгож болох уу? 

-Тэгж ойлгож болно. Би өөрийгөө хувийн хэвшлийн тод төлөөлөл гэж боддог. Боломжийг олж хараад эрсдэл хүлээгээд тодорхой ашиг өгөөж хараад түүний төлөө явдаг хүнийг энтерприннер гэдэг. Өнгөрсөн хугацаанд хийсэн миний бүх ажил үүнийг батална. Монголын Үнэт Цаасны Бирж өөрөө банкуудын IPO-д гол тоглогч болох юм. Олон нийтэд илүү нээлттэй, илүү түргэн шуурхай 24 цагаар арилжаа явуулах боломжийг нээж өгнө. Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж долоо хоногтоо өдөрт 3 цагаар таван өдрөөр ажиллаж байгаа бол бид 24 цагаар, хүн зайнаас ажиллах боломжийг гаргаж байна. Өрсөлдөж, шинэ технологийг нэвтрүүлж, хөрөнгө оруулагч үндэстнийг, миний мөрөөддөг “Чоно” эдийн засгийг цогцлоох хамгийн гол ажил энэ болж байгаа юм. Яагаад гэвэл Улаанбаатар өөрөө санхүүгийн төв болох ёстой. Зах зээлд хүлээлт байна. Уур амьсгал нь бүрдсэн байна.  

-Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд 2020 он ямархуу жил болж өнгөрөв. Ковидоос болж хүндрэлтэй нүүр тулав уу. 2021 он гарсаар ямар өөрчлөлт явагдаж байна вэ. Хөл хорио ба компанийнхаа талаар тоймлоод ярихгүй юу? 

-Аливаа хүндрэл бэрхшээл боломж бий болгодог. Хямралыг би боломж л гэж хардаг. Энэ утгаараа хямралаас боломж хайдаг. Хөрөнгийн зах зээлийн оргил дээр тугаа мандуулна гэж таван жилийн өмнө би ярьж байсан. Гол тоглолт хямрал дээр явагдаад 2020 оны эцэст дутуу байсан ажлуудаа бид амжуулсан. Манай баг ард нь гарч чадсан. Би өнөөдөр зурагтаа үзээд сууж байгаа хүмүүст баялаг яаж бүтдэг вэ гэдэг талаар, энтерприннер гэж ямар хүн байдаг юм, эрсдэл даана, шинийг эрэлхийлнэ гэж юу байдгийг харуулахыг зорьсон, үр дүнд хүрсэн. Монголчууд бүгд үзсэн, ойлгосон. “Ард Санхүүгийн Нэгдэл” гэж ийм компани байдаг, Ганхуяг тийм ч тэнэг нөхөр биш юм байна гэдгийг олж хараад хөрөнгийн зах зээл дээр бид хамгийн том тоглогч болсон. Хамгийн олон хүнийг нэг дор хөрөнгийн зах зээл рүү татан оруулж ирж чадсан. Олон жил бэлдсэн байсан, нөөсөн хүчээ ч энэ үеэр сул тавьсан. Маш олон жил татсан нумаа тавьсан, байгаа оносон. Нэлээд олон бай оносон шүү. Би хэзээ ч хэнийг ч гадуурхаж байгаагүй. Монголчууд нэгдэж нийлж байгаад гадагшаа өрсөлдөнө шүү гэж уриалсан. Би Монголд хэнтэй ч өрсөлдөхгүй. Монголын зах зээл дээр бид тэргүүлэгч болох их амархан байсан. Миний зорилго тодорхой. Би Монгол Улсыг, Улаанбаатар хотыг олон улсын санхүүгийн төв болгоно. Үүний төлөө зорьж, бүтээж ажиллана. 

-Улаанбаатар хотыг санхүүгийн төв болгоно гэлээ. Улаанбаатар хотын танхим мэдэгдэл гаргасан байна. Баялаг бүтээгчтэй холбоотой янз бүрийн дайралт гардаг. Үүнийг таслан зогсоож улс орны, эдийн засгийг илүү чухалчлах ёстой гэдгийг уриалжээ. Худалдааны танхимыг үүсгэн байгуулсан хүний хувьд өнөөдөр үйл ажиллагаа нь хэрхэн явагдаж байна вэ? 

-Улаанбаатар хотын танхим үйл ажиллагаагаа маш идэвхтэй явуулж байгаа. Ковидын нөхцөл байдлаас үүдэн зайнаас ажиллаж байна. Гишүүдээ нэмэгдүүлэх, баялаг бүтээгчдийн тод томруун дуу хоолой болохын төлөө зүтгэсээр байгаа. Өнөөдөр ажил хийсэн хүн рүү өрсөлдөгчид нь ноцох явдал байдаг. Хүнийг хэвлэлээр балбаж байгаад нэр төрийг нь унагаж бизнесийг нь булааж авдаг арга техникийг зарим улстөр болон бизнесийг хослуулсан олигархууд хийж байна. Үүнийг бид эсэргүүцэж, тэр нөхөдтэй үзэлцэнэ. Улстөр, бизнес холилдох ёсгүй. Улс төр цэвэр, бизнес цэвэр байх ёстой. Улаанбаатар хотын танхимын үйл ажиллагаа үргэлж нээлттэй, шилэн байдаг. Нөгөө талд гишүүн байгууллагынхаа эрх ашгийн төлөө бид дуугардаг байх ёстой. Нэгнийг нь балбаад байхад чимээгүй хараад суудаг үйл явдлыг бид түүх болгоно. Үүнийг таслан зогсоох ёстой. Бизнесийн нийтлэг эрх ашгийн үүднээс хамгаална. Үнэн мөнийг шүүх тогтоох ёстой. Шүүх хараат бус, шударга байх ёстой. 

-Засгийн газраас “10 их наяд” хөтөлбөр зарлаж ААН-үүдэд гурван хувийн хүүтэй зээл олгож байгаа. Энэ зээл танхимын гишүүн компаниудад хэр дэмжлэг болж байна вэ? 

-Улс орны хөгжилд улс төрийн тогтвортой байдал, тулхтай бодлого маш чухал. Бодлогын тууштай байдал өнөөдөр үгүйлэгдэж байгаа. Үүнийг өнгөрсөн хугацаанд бид харлаа, мэдэрлээ. Бидэнд эв нэгдэл, итгэлцэл чухал байна. Нэг нэгнээ дэмждэг баймаар байна. Монголчууд хоорондоо нэгдмэл байх ёстой. Ингэж байж бид илүү амжилтанд хүрнэ. Үр дүн гарна. Засгийн газраас эдийн засаг, бизнесийн орчны нөхцөл байдалтай холбогдуулан 3 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Энэ нь цар тахлын дараах эдийн засаг эргэн сэргэхэд ихээхэн дэмтэй гэж харж байгаа. Үйл ажиллагаа нь зогссон, эргэлтийн хөрөнгөгүй болсон аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болж чадна. Цаг үеэ олсон шийдвэр байсан. Манай танхимын гишүүн аж ахуйн нэгжүүд дор бүрнээ өөрсдийн хүсэлтээ гаргаад, арилжааны банкаар дамжуулаад зээлээ авч байгаа гэж ойлгож байна. Эцсийн мөчид тухайн зээлийн өмнө аж ахуйн нэгж өөрөө л хариуцлага хүлээнэ. 

-Улс орны эдийн засгийн тогтвортой байдлын талаар та юу хэлэх вэ? 

-Улс орны тогтвортой байдал, улс орныг хөгжүүлэх боломжийг бүрдүүлдэг. Энэ бол маш чухал. Тэгэхээр улстөрчид нь улстөрчид шиг дорвитой, хүртээмжтэй, тууштай шийдэл гаргаад бизнесийн орчныг хөгжүүлэх боломжийг гаргах хэрэгтэй. Манай манлай үйлдвэрүүдэд гадаадад өрсөлдөх боломжийг бий болгож, энэ компаниудаа төрөөс бодлогоор дэмждэг байгаасай. Би нэрэлхэхгүй, манай “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийг дэмжээрэй. Төр засгийн удирдлагууд нь мэдэгдэл хийгээд дэмжих ёстой. АрдКойн олон улсад гарах алхам нь нээгдэж байна. Ард Санхүүгийн Нэгдэл өөрөө гадаад руу гарна. Бид Торонтогийн бирж дээр гарах бэлтгэлээ базаагаад, аль хэдийнэ бэлтгэл ажилдаа орсон. Залууст итгэх хэрэгтэй. Цаг үе өөрчлөгдөж байна. 

-Би ганцаараа баяжихгүй, бүгдээрээ баяжна гэж та хэлдэг. Гэтэл таныг 60 мянган хувьцаа эзэмшигчтэй болж, АрдКойноор нэр хүндээ өсгөж, мөнгө хийгээд байна гэх хардлага байгаа. Үүнд хариулт өгөх хэрэгтэй болов уу? 

-Өнөөдөр АрдКойн 180 төгрөг байна. Ганц хүн ганц байгууллага монголчуудад хамгийн ихээр баялгийг тараасан. Бид 3 тэрбум АрдКойн тараасан байгаа гэж үзвэл 690 тэрбум төгрөг монголчуудынхаа гар дээр тавиад өгсөн байгаа. Үүн дотор би байгаа, ажлынхаа хөлсийг авдаг. Би ганцаараа баяжихгүй. Би эх оронч хүн. Хүн баяжихыг буруутгахгүй, баяжих ёстой. Бүгд баяжиж, хөрөнгөжиж байж, би баян улсын сэтгэл хангалуун баян иргэн болно. Бид улсаараа, хамтдаа хүчтэй байх ёстой. Үүний төлөө би ажиллаж ирсэн. Цаашдаа ажиллана. Би шороо тоосонд утаанд дарагдсан, шалаараа тарсан боловсролын байгууллага, эмнэлэгтэй улсад иргэд нь болсон үр хүүхэд минь амьдралаа аз жаргалтайгаар өнгөрүүлнэ гэж итгэхгүй байгаа. Ганцаараа баяжсан хүмүүс зөндөө. Гэхдээ хэн нэгэн тасарч баяжаад эх орон, дэлхий ертөнцөөс хаашаа ч зайлахгүй шүү дээ. Энэ бол энгийн амьдралын филисофи. Бид хамтдаа оршин буй нийгэм, амьдарч байгаа улс орноо өөрчилж, сайжруулахын төлөө ачаа үүрэн зүтгэх ёстой. 

-АрдКойн олон улсын зах зээлд гарах бэлтгэл хэр урагштай байна вэ. Койн авсан хүмүүст та хандаж юу хэлэх вэ?

-Бид үүний төлөө маш олон жил зүтгэж байгаа. Тэвчээртэйгээр яаралгүй зөв хийхийг хичээсэн, олон хүнд түгээхийг хүссэн. Монголчууддаа Ардкойноо аваад хадгалаад байгаарай гээд “АВ+ДАР” гэж уриалсан. Маш олон хүмүүс амьдралдаа өөрчлөлтийг гаргаж чадаж байна. Тэвчээртэй бай, яарах хэрэггүй л гэж хэлмээр байна. 

-Та ажлын бус цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ. Гэр бүлдээ хэр цаг зарцуулж чадаж байна вэ?

-Өмнө нь цаг наргүй ажилладаг байлаа. Бүх зүйл цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж, хувьсах хэрээр миний ажил амьдралын хэмнэл ч дагаад өөрчлөгдөж байна. Одоо гэр бүлдээ илүү их анхаарал хандуулж, тэнцвэртэй ажиллахыг хичээж байна. Хүүхдүүдийнхээ боловсролд, хүмүүжилд, төлөвшилд аав хүний зүгээс хийж чадах, хамаарах бүхнээ хийхийг зорьж, чухалчилж байна. Хүүхдүүд маань маш хурдан том болж байна. Тэдэнтэйгээ илүү их дурсамж бүтээхийг хүсэж байна. Ажлаа тараад гэр лүүгээ тэмүүлдэг. Миний үнэт зүйл гэр бүл, эх орноос минь эхэлдэг. Спортын олон төрлөөр оролдож, хичээллэж, аль болох л идэвхтэй амьдрахыг боддог. 

*Эх сурвалж: CPA Plus сэтгүүл.

Сэтгэгдлүүд (1)

    DR. ADITYA
    ·2025 оны 11 сарын 7, 12:45
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Холбоотой нийтлэлүүд

featured
2022 оны 03 сарын 5, 04:00

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

featured
2022 оны 03 сарын 28, 04:00

Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

featured
2020 оны 04 сарын 22, 04:00

Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

featured
2020 оны 05 сарын 21, 04:00

Анжел хөрөнгө оруулагчид