Хөрөнгийн зах зээлийн хөгжилд Ардынхан “жинтэй хувь нэмэр оруулсан” гэж боддог

Уншигч та бүхнийг мэдлэг боловсрол, ур чадвар, гоо үзэсгэлэнгээрээ гэрэлтсэн бүсгүйчүүдийн нэг, Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигч И Ай Ти ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Сэлэнгэтэй танилцуулж байна.

Г.Сэлэнгэ, Гүйцэтгэх Захирал, И Ай Ти ХХК

Уншигч та бүхнийг мэдлэг боловсрол, ур чадвар, гоо үзэсгэлэнгээрээ гэрэлтсэн бүсгүйчүүдийн нэг, Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигч И Ай Ти ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Сэлэнгэтэй танилцуулж байна. 

Юуны өмнө И Ай Ти компанийн Гүйцэтгэх Захирлаар томилогдсонд баяр хүргэе. Та өөрийгөө танилцуулаач. 

Баярлалаа. Намайг Ганхуяг овогтой Сэлэнгэ гэдэг. Би 2007 онд Мандах Бүртгэл Их Сургуулийн НББ-Хяналтын ангийг төгссөнөөс хойш Ард Санхүүгийн Нэгдэлд ажиллаж байна. Анх ажилд орохдоо Монголын анхны тэтгэврийн сангийн МТНД ХХК буюу одоогийн Ард Лайф ХХК-д Санхүүгийн менежерээр ажилд орж байлаа. Тухайн үед хувийн тэтгэврийн сан гэдэг ойлголтыг хүмүүс бараг мэддэггүй байсан үед Ганхуяг захирал болон манай баг хамт олон энэ ажлыг эхлүүлж, олон нийтэд мэдээлэл хүргэж, хуримтлалтай, ирээдүйдээ итгэлтэй Монгол хүнийг бүтээх их ажлыг эхлүүлсэн. Өдөр бүр шинийг санаачлагч, түүчээлэгч багийн нэг гишүүн болж, одоог хүртэл ажиллаж байгаадаа баяртай байдаг.

Энэ 13 жилийн турш таны хамтдаа бүтээлцсэн ажлуудаас санаанаас гардаггүй төслийг дурдаач гэвэл юуг нэрлэх вэ? 

Анх ажилд орсноос хойш тэтгэврийн хадгаламжийн талаар маш их судалж байлаа. МТНД ХХК-г одоогийн АрдЛайф ХХК болгож шинэчилсэн зохион байгуулалтанд оруулах, Траско нэртэй ХЗХ-г Ард Актив хоршоо болгох, И Ай Ти ХХК-г Ард Санхүүгийн Нэгдэл нэртэй хаалттай ХК болгох, дараа нь анхны урвуу нэгдэх ажилд оролцох, анхны урамшууллын оноог нягтлан бодох бүртгэлд хэрхэн тусгах талаар судалж ажиллах гэх мэтээр өдөр тутамдаа шинэлэг, мөн өөрийгөө сорьсон ажлуудад баг хамт олонтойгоо ажиллаж байсан. Одоо И Ай Ти ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаас гадна Ард Санхүүгийн Нэгдлийн Ерөнхий нягтлан бодогчийн албыг хашиж, Ардын 30 гаруй компанийн нягтлан бодогчдыг хариуцан ажиллаж байна. 

И Ай Ти нь Ард Санхүүгийн Нэгдлийн хамааралтай компани боловч олон нийт сайн мэддэггүй. Тиймээс ямар үйл ажиллагаа явуулдаг, хэрхэн үүсгэн байгуулагдсан нь сонирхолтой байгаа байх?

И Ай Ти ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Ард Санхүүгийн Нэгдэл болон охин компаниудын нийт 300 гаруй ажиллагсад байдаг. Илүү ойлгомжтой байлгах зорилгоор бодит жишээ дурдъя.

Ард Санхүүгийн Нэгдэл маань нэрээ өөрчлөхөөс өмнө И Ай Ти нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан бөгөөд тухайн үед ХасБанкны ажилтнууд энэ компанийн хувьцаа эзэмшигчид нь байсан. Харин 2007 онд одоогийн Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааны нэрлэсэн үнэ 1000 төгрөг байсан ч ХасБанкны ажиллагсдад хувьцааг 90 хувийн хөнгөлөлттэйгээр эзэмшүүлж байсан. Мөн урамшууллаар олгодог байв. Өөрөөр хэлбэл, компанийнхаа хувьцааг ажиллагсад нь маш хямд үнээр эзэмших боломжийг олгож байлаа. 

Тухайн үед ингэж хувьцаатай болсон хувьцаа эзэмшигчид одоо Ард Санхүүгийн Нэгдлийн AARD хувьцааны үр шимийг хүртэж байгаа бодит жишээ маш их байдаг.

Тэгэхээр товчхондоо, И Ай Ти ХХК нь 2017 оны 10 сард байгуулагдсан, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. 

2017-2021 онуудад 100-5000 төгрөгөөр И Ай Ти-н хувьцааг Ардын ажилтнуудад 5 удаа хувьцаа хуваарилсан. 2021 оны III улирлын байдлаар манай компанийн нэгж хувьцааны үнэлгээ 35,656 төгрөг болсон байна. Энэ бол том амжилт. 

И Ай Ти цаашид нээлттэй хувьцаат компани болох зорилт бий юу? 

Одоогоор судалгааны түвшинд явж байгаа. Мэдээж бид компанийн хувьцаа эзэмшигчдэдээ хөрөнгө оруулалтын өндөр өгөөж хүртээхийн төлөө ажиллах болно. 

Хөрөнгө оруулалтын бүтцийг дурдвал? 

Манай компани нийт 172.8 тэрбум төгрөгийн активтай, одоогоор 279 хувьцаа эзэмшигчтэй. Хөрөнгө оруулалтын багцад: Ард Санхүүгийн Нэгдэл (AARD), Ард Даатгал (AIC), Ард Кредит (ADB), Булган Ундрага (BUN) гэх мэтчилэн хөрөнгийн бирж дээр өндөр өсөлттэй хувьцаанууд багтдаг. Хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг боломжит хамгийн өндөр түвшинд байлгах, найдвартай, урт хугацааны хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлсэн онцлогтой. 

Сүүлийн үед иргэд уламжлалт болон криптовалютын зах зээлд маш идэвхтэй оролцох болжээ. Таны зүгээс аливаа төрлийн хөрөнгийн зах зээлд оролцож буй хүмүүст юу зөвлөх вэ? 

Тийм ээ, хүмүүсийн санхүүгийн мэдлэг харьцангуй сайжирч, хуримтлалтай болох, хөрөнгө оруулалт хийх сонирхол ихтэй болсон. Энэ үйл явдалд Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилго бүхий манай баг хамт олны тууштай зүтгэл ч бас нилээд “жинтэй хувь нэмэр оруулсан” гэж би боддог. Яагаад гэвэл, Монголчууд криптовалютын талаар сайн мэддэггүй байхад манайх Ард Бит ХХК-ийг одоогоос 5 жилийн өмнө байгуулж, 2017 онд Крипто Үндэстэн чуулганаар дамжуулан иргэдэд энэ төрлийн мэдлэг мэдээллийг түгээн таниулж байсан.

Миний зүгээс хөрөнгө оруулагчдад хандан хэлэх зүйл гэвэл, хувь хүн эзэмшлийнхээ мөнгөөр юунд хөрөнгө оруулалт хийх нь өөрийнх нь сонголт боловч хамгийн гол нь эрсдэлээ бүрэн хариуцна гэдгээ ухамсарлан, аливаад хянамгай хандах нь чухал гэж боддог. Мэдээж хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн бол санхүүгийн үзүүлэлтийг маш сайн нягтлах хэрэгтэй. Ирээдүй хойч үедээ хөрөнгө оруулалт хийж чаддаг, санхүүгийн өргөн мэдлэгтэй, оновчтой шийдвэр гаргадаг байхыг хүсье. 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 5, 04:00

    БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    featured
    2022 оны 03 сарын 28, 04:00

    Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид