Хувьцаанд хөрөнгө оруулсан иргэд алдахаасаа оносон нь их

Хөрөнгийн зах зээлийн талаар Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн гишүүн О.Одбаяртай өрнүүлсэн ярилцлагыг хүргэж байна.

О.Одбаяр, ТУЗ-ийн гишүүн, Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Хөрөнгийн зах зээлийн талаар Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн гишүүн О.Одбаяртай өрнүүлсэн ярилцлагыг хүргэж байна. 

- Хөрөнгийн зах зээл энэ цаг үеийн гол бай болоод байна шүү дээ. Монголын Хөрөнгийн Биржээс гадна өөр биржүүд гарч ирж байна. Тухайлбал, “Цахим Үндэстэн-21” ICT Expo-ын үеэр UBX биржийн албан ёсны нээлт болсон. Эндээс яриагаа эхэлье гэж бодлоо. UBX платформ хөрөнгийн зах зээлийн хөгжил болон Хөрөнгө Оруулагч Үндэстэн болоход тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулах байх? 

- Монголд биржийн болон үнэт цаасны арилжаа хийгдээд 30 жил болж байна. Энэ хугацаанд Монголын Хөрөнгийн Бирж 5 ихнаядын хөрөнгөтэй болсон. 5 ихнаяд төгрөг гэдэг чинь 2.3 тэрбум ам.доллар. Компаниудын хувьцаа, үнэт цаас, бүртгэлтэй хөрөнгө нийлээд л ийм хэмжээний үнэтэй байна гэсэн үг. Тэгвэл 5 ихнаядын арилжаанд хэдэн Монгол хүн орж байна? Судалгаанаас харахад, иргэдийн оролцоо маш доогуур байгаа. Хөрөнгийн зах зээлийг ойлгодог багахан хэсэг нь оролцож байна. Ойлгодоггүй хэсэг нь үлдчихдэг. Мөнгөө өсгөж үржүүлэх, амьдралаа дээшлүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх, хөрөнгө оруулах сонирхолтой маш олон хүн бий. Тэр хүмүүс хөрөнгийн зах зээлийг ойлгохгүй учраас арилжааны банк руу ханддаг. Арилжааны банкуудыг бид 30 жил тэжээлээ. 

Одоо бол банкны зээлийн хүү буурсан. Хадгаламжийн хүү ч буураад, жилийн 6 хувь орчимд ирчихлээ. Тэгэхээр хүмүүс бодно биз дээ, жил хадгалуулаад 6 хувийн ашиг олох уу, эсвэл өөрөөр хөдөлгөх үү гэж. Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл идэвхжсэн. Түүнийгээ дагаад маш олон шинэ бүтээгдэхүүн, компаниуд хөрөнгийн зах зээлд гарч ирлээ. Лэнд.мн, Ард Санхүүгийн Нэгдэл, Мандал даатгал, Түмэн шувуут гэх мэтээр дурдаад байвал олон. Бизнесмэнүүд өөрсдийн үүсгэн байгуулсан компаниа олон нийтэд тодорхой хувийг нь санал болгож эхэлсэн. Маш бага үнээр шүү. Нэг хувьцааны үнэ нь 60, 100 төгрөг гэх мэтээр маш даруухан эхэлсэн. Өнгөрсөн 2 жилд цар тахлын улмаас бүх зүйл хаалттай байсан ч хөрөнгийн зах зээлд тодорхой өсөлт гарлаа. Хувьцаанд хөрөнгө оруулсан иргэд ч алдахаасаа илүү онох шиг боллоо. 

- Тэгэхээр та мөнгөө банкинд хадгалуулснаас хөрөнгийн зах зээлд оруулах нь иргэдэд илүү ашигтай гэж хэлэх гээд байна уу? 

- Хувьцаанд хөрөнгө оруулалт хийх нь хүү багатай хадгаламжид мөнгөө байршуулснаас дээр. Хувьцааны үнэ өсвөл тэр хүнд мэдээж ашигтай. Үнэ нь өсөхгүй бол хувьцаатайгаа үлдэнэ. Алдагдал хүлээхгүй шүү дээ. Хувьцааны үнэ өсөхийг хүлээгээд байж болно.Тиймээс хүмүүс хөрөнгийн зах зээлийг сонирхож байгаа юм. Энэ зах зээл 5 ихнаядаар хязгаарлагдахгүй. Цаашлаад хэд ч хүрч болно. Тиймээс бид хөрөнгийн зах зээлийг маш эрчимтэй хөгжүүлэх ёстой. Одоо бирж дээр хувьцаа гаргах гээд дугаарлаж байгаа хэчнээн ч компани байгаа юм. Хувьцаа гаргаж, хөрөнгө босгодог газар нь бирж. Гэтэл манай Хөрөнгийн Бирж дангаараа энэ ажлыг хийж чадаж байгаа юу гэдэг асуулт гарч ирнэ. 30 жил ажиллаад өнөөдрийн үр дүнд л хүрч. Тиймээс нэг талдаа туслагч, нөгөө талдаа өрсөлдөгч хэрэгтэй. Бид түүнийг нь хийж байна. Монголын Үнэт Цаасны Бирж олон үйлчилгээг хөрөнгийн зах зээлийг сонирхож байгаа хүмүүст үзүүлнэ. Иргэдийн хувьцааны талаарх мэдлэг мэдээлэл ч нэмэгдэнэ гэж харж байгаа. Одоо Монголын Хөрөнгийн Бирж, Монголын Үнэт Цаасны Бирж, Хөдөө Аж Ахуйн Бирж, Эрдэс Баялгийн Бирж гээд тодорхой платформууд бий болчихлоо. 20-иод бирж манайд байгаа. Бүгд ажиллаж, хоорондоо өрсөлдөж байж хувьцаа сонирхож байгаа хүмүүсийг шийдвэр гаргахад тус дэм болно гэж би харж байгаа. 

- Хөрөнгө Оруулагч Үндэстэн болцгооё гэсэн уриалга их гарах болсон. UBX платформыг нээснээр иргэдэд хөрөнгө оруулалтын үр өгөөж, ямар давуу талтай талаарх ойлголтыг илүүтэй өгөх шаардлага үүслээ гэж харж байна.

- Яг тийм, үндсэн зорилго ерөөсөө л энэ. 1990 онд нийгэм өөрчлөгдөж, хувьчлал хийгдсэн. Гэвч тэр үед ихэнх нь хувьцаа гэдгийг ойлгоогүй. Овсгоотой нэг нь үйлдвэр, компани худалдаж авсан. Ихэнх нь ойлгоогүй учраас үр өгөөжийг нь хүртэж чадаагүй. 30 жил бид зээлийн эдийн засгаар л явлаа. Одоо тэгвэл бидэнд өөртөө байгаа хэдэн төгрөгөөр зөв зүйлд хөрөнгө оруулалт хийх боломж бий болчихлоо. Иргэд харьцангуй хөрөнгийн зах зээлийн талаар ойлголттой ч болж байна. 1990 онд “АПУ”, “МИАТ”, “Говь” гээд хэдхэн компани л хувьцаа гаргаж байсан. Гэтэл өнөөдөр Ард Санхүүгийн Нэгдэл, Лэнд.мн гээд өч төчнөөн компани хувьцаа гаргаж байна. Ерөөс нийгмийн хөгжил үүн рүү хөтөлж байгаа юм. Монголын 3.3 сая хүнд маш их боломж байна. 

- Иргэд Монголын Хөрөнгийн Бирж нь илүү найдвартай юм болов уу. Бусад биржүүд нь яаж ажиллах юм бол, итгэж болох уу гэж эргэлзэж магадгүй. Та тайлбарлаад ойлголт өгөөч?

- Үндсэн ажиллагаа нь адилхан. Монголын Хөрөнгийн Бирж MIT гэдэг платформ дээр явдаг. Монголын Үнэт Цаасны Бирж UBX гэдэг платформ дээр үйл ажиллагаа явуулж байна. Монголын Хөрөнгийн бирж Лондонгийн Хөрөнгийн Биржээс 20 сая ам.доллар зээлж авч, MIT платформыг хийж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр Ардын залуучууд өөрсдөө хөрөнгөө босгоод, UBX гэдэг платформ хийчихлээ. Монголчууд бидэнд ямар их боломж байгаа нь үүнээс харагддаг. Монголын Хөрөнгийн Бирж, Монголын Үнэт Цаасны Бирж хоёр хоёулаа адилхан статустай. Санхүүгийн Зохицуулах Хорооноос эрхийг нь өгсөн. Үндсэндээ 2 адилхан компани гэсэн үг. Төр Монголын Хөрөнгийн Бирж гэдэг компаниа хувьчлахаар яригдаж байгаа. Хэрвээ хувьчилбал адилхан хувийн компани л болно. Тиймээс болгоомжлох ямар ч шаардлагагүй. Олон биржтэй байх тусмаа л танай гэрийн хаалгаар хөрөнгийн зах зээл илүү их сонголттойгоор орох болно. 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 5, 04:00

    БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    featured
    2022 оны 03 сарын 28, 04:00

    Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид