Ганц тэтгэвэр “гал” болохгүй

Гадаадаар аялахдаа тэтгэврийн насны ахмадуудтай таарч байсан биз. Тэгвэл манай тэтгэврийн насныхан мөн адил дэлхийгээр тойрон аялж чаддаг уу? Энэ асуултад хариулт өгөх нэг баримт дурдаж нийтлэлийнхээ гол агуулгыг хөндье.

Гадаадаар аялахдаа тэтгэврийн насны ахмадуудтай таарч байсан биз. Тэгвэл манай тэтгэврийн насныхан мөн адил дэлхийгээр тойрон аялж чаддаг уу? Энэ асуултад хариулт өгөх нэг баримт дурдаж нийтлэлийнхээ гол агуулгыг хөндье. Өнөөдрийн байдлаар Монгол улсад тэтгэвэр авдаг иргэдийн 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тэтгэвэр авдаг.Амьжиргааны зардалдаа арай ядан хүрэх тэтгэврээс аялах зардал илүү гарахгүй л болов уу. Тэгвэл бусад орны тэтгэврийн насныхан яаж өтөл насандаа хураасан хөрөнгөтэй, дэлхийг тойрон аялах хэмжээний хуримтлалтай байдаг юм бол? Энэ нь тэтгэврийн тогтолцоо нь зөв бодлого, зохицуулалттай явж ирсэнтэй холбоотой аж.

Монголд төлсөн татвар нь ирээдүйнх нь баталгаа бус өөр нэгний “өнөөдрийн тэтгэвэр” болдог. Нас барсан тохиолдолд тэр хүртэл улсад төлсөн  татвар нь бараа сураггүй алга болно. Энэ мэт тэтгэврийг тойрсон асуудлыг нийгэм тэр аяараа анхааралдаа авч, гажуудал байгааг хүлээн зөвшөөрөн, тэтгэврийн тогтолцоог өөрчлөх зөв арга замыг эрэлхийлж байна. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал: Монгол ТВ-ийн “100 чухал сэдэв” нэвтрүүлэгт: “Нэрийн дансандаа хуримтлуулсан шимтгэл нь бусдын тэтгэвэр болж байна гэдэг нь бидний хөрөнгөд хэн нэгэн зөвшөөрөлгүй гар хүрч байгаатай агаар нэг зүйл. Миний төлсөн шимтгэл бол миний л хуримтлал шүү дээ. Гэтэл хүн нас барангуут нэрийн данс нь хамт үхчихдэг, чөлөөт үлдэгдэл гэж хэдэн төгрөг үлддэг, түүнийг нь банкинд хийдэг, банк нь буцаад иргэдэд зээлээд, дундаас нь хүүний ашиг хождог. Ийм шударга бус тогтолцоо үйлчилдэг учраас  иргэд бухимдалтай байгаа юм” 

СЭЗИС-ийн дэд профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: “Бид 20 гаруй жилийн өмнө тэтгэврийн тогтолцоог шинэчлэх нь гарцаагүй зөв, хуримтлалын тогтолцоо руу шилжих ёстой гэдэг өнцгийг харж чадсан нь олзуурхам. Гэсэн ч өнөөг хүртэл тэтгэврийн тогтолцоонд дэвшил гараагүй нь харамсалтай” гэжээ. Үүнээс харахад, тэтгэврийн тогтолцооны асуудал эрт сөхөгдсөн хэдий ч даацтай өөрчлөлтгүй,  урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явсаар улам жинтэй асуудал болжээ. Төлсөн татвар нь өөрийнх нь ирээдүйн тэтгэвэр болох байтал өнөөдөр өөр нэгний тэтгэвэр, тэтгэмж болж яваа энэ байдлыг хэрхэн өөрчлөх вэ? 

Хүнд жинтэй асуудлаас Хөнгөрөх арга зам 

1995 оноос үйлчилж байгаа тэтгэврийн тогтолцоо нь өнөөдрийн гажуудлыг бий болгочихлоо гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч байгаа нь тэтгэврийн реформ хийх үндэс нь юм. Энэ салбарын судлаачид манай улсын тэтгэврийн тогтолцоог өөрчлөх гол хүчин зүйл нь олон тулгуурт бодлого гэдгийг дуу нэгтэй зөвшөөрөөд байна. Тодруулбал, Тэтгэврийн олон тулгуурт бодлогын талаар МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, Профессор Б.Отгонтөгс хэлэхдээ: “Олон тулгуурт бодлого нь 2 халаасандаа мөнгөтэй байхтай адилхан. Нэг халаасандаа улсын нийгмийн даатгалын сангаас авах тэтгэврээ, нөгөөд нь хувийн тэтгэврийн сангаас авах тэтгэврээ хийнэ. Нэг үгээр, хоёр тэтгэвэр авах боломж юм.” хэмээн маш энгийнээр тайлбарлажээ. 

Онц дүнтэй олон тулгуурт бодлого

Дэлхийн бусад улс орнууд тэтгэврийн тогтолцоогоо өөрчлөн, шинэчлэх замаар нийгэмд тулгамдсан олон асуудлаа шийдвэрлэж чадсан байдаг. Жишээ нь: Өнгөрсөн жил Нидерланд, Дани улсууд дэлхийн хамгийн сайн тэтгэврийн тогтолцоотой улсаар нэрлэгдэж байв. Эдгээр улсад төсвөөс санхүүждэг, өөрөөр хэлбэл татвар суурьтай тэтгэврийг 65 хүртэлх насны  хүн бүр авах боломжтой. Гэсэн ч энэ нь наад захын амьжиргааг нь залгуулах төдий гэж үздэг учир нэмэлтээр хувийн тэтгэврийн санд хамрагдсан байдаг. 

Хэрэв манай улс мөн адил тэтгэврийн тогтолцоогоо олон тулгуурт болгож чадвал гарах үр нөлөө маш их. Хамгийн ойрын жишээ дурдвал:

  •  Тэтгэвэр барьцаалсан зээл авах шаардлагагүй болно

  • Тэтгэврийн хуримтлал дахь хөрөнгөө үр хүүхдэдээ өвлүүлж үлдээх боломж бүрдэнэ

  • Өнөөдөр ажиллаж байгаа залуусын ирээдүйн 30,40 жилийн амьдрал баталгаатай болно

  • Нас барах хүртлээ амьдралд тулгарах олон эрсдэлийг хандив тусламжгүйгээр давах боломж бүрдэнэ гэх мэт бидний амьдралд шууд утгаараа өөрчлөлт авчирна.

Иргэд нь иргэдээ тэжээдэг манай улсын тогтолцоо яг л нөхөөстэй бөмбөг шиг. Хэзээ ч хагарч мэдэх. Тэтгэвэр авагчдын тоо нэмэгдээд цоорхой нь томроод ирвэл НДШ-ээ нэмчихнэ. Асуудлыг буруу аргаар, амархан шийдээд амташчихлаа гэх үү дээ. Сонирхуулахад, Японд дундаж цалин $3381 /9.6 сая төгрөг/ ба үүнээс 14,4 хувийн НДШ төлдөг. Солонгост дундаж цалин $3404 /9.7 сая төгрөг/ НДШ-8,98 хувь, АНУ дундаж цалин $4445- буюу /12.6 сая төгрөг/ НДШ-2 хувь байна. Гэтэл Монголд $421/1.2 сая төгрөг/-ийн цалингаас 12,5 хувийн НДШ төлдөг байна. Үүнээс та Монгол улс бусад улстай харьцуулахад маш бага цалингаас хамгийн өндөр НДШ төлж байгааг харж байгаа биз. Бидний төлж буй НДШ-ийн дийлэнх хувийг тэтгэврийн санд төвлөрүүлдэг. Гэтэл энэ салбар нь 600 тэрбумын алдагдалтай яваа. Энэ салбарыг зөв чигт нь зүглүүлье гэвэл олон улсаас онц дүн авсан олон тулгуурт бодлогыг л авчрах үлдлээ.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2020 оны 05 сарын 6, 04:00

    Эдийн засаг саарах эрсдэлтэй үед хувийн санхүүгийн удирдлага чухал

    featured
    2020 оны 05 сарын 22, 04:00

    Эдийн засаг, Хувийн санхүү, Төлөвлөлт, Аз жаргал, Амьдрал

    featured
    2020 оны 05 сарын 27, 04:00

    Хуримтлал үүсгэх 5 арга

    featured
    2020 оны 06 сарын 9, 04:00

    Хувь хүний зээлийн ангилал буюу Монголбанкны “хар, саарал” жагсаалт яагаад чухал вэ?