Хамгийн чухлаас эхэлье. Санхүүгийн аюулгүй байдлын үндсэн суурь нь гэнэтийн ослын сан байдаг. Энэ нь танд хуримтлалын мөнгөө эсвэл бусад хөрөнгө оруулалтуудаа үрэн таран хийлгүйгээр, гэнэт тохиох хүнд хэцүү байдлыг даван гарах бололцоо олгоно. Ингэснээр та өгөөжөө алдахгүй бөгөөд шаардлагагүй шимтгэлүүдийг төлөх хэрэггүй. Мөн танд ямар ч саад бэрхшээлийг даван туулж чадна гэсэн итгэл дүүрэн байдлыг өгөх болно.
Тэгсэн ч гэсэн, хадгалах нь хэцүү. Учир нь, таныг мөнгөө үр, үр, үр, чадах бүхнээ ав гэх агуулга бүхий зар сурталчилгаанууд болон хамт зугаацахыг санал болгодог найзуудынхаа эсрэг тэмцэх хэрэгтэй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ирээдүйд учирч болзошгүй аюул эрсдэлээс зайлсхийхийн тулд одоогийн жаргалаа золиослох шаардлага үүснэ.
Бид бүгдээрээ хадгалах хэрэгтэй гэдгийг мэддэг, хүмүүс ч үүнийг жил бүр тэргүүн зорилгынхоо нэг болгодог боловч ихэнх нь мөнгөө хадгалдаггүй хэвээр байдаг. Үүнд шалтгаан бий. Хадгалж эхлэхийн өмнө, юун түрүүнд энэ бол амаргүй зүйл гэдгийг нь ухамсарла. Жишээ нь, цоо шинэ хадгаламжийн дансанд тань 50,000 төгрөг байх бөгөөд энэ нь чамлалттай санагдаж, хэзээ ч өөрийн хүссэн хэмжээний хадгаламжтай болж чадахгүй мэт санагдаж байна уу? Тэгвэл, энэ бол ердөө эхлэл гэдгийг сана. Таны зорилго болон мөрөөдөл хэтэрхий хол, бүр хэзээ ч хүрэхээргүй тийм алс санагдаж магадгүй.
Мөнгөө үрэлгүйгээр хадгалж эхлэхийн тулд та бас нэгэн зүйлийг золиослох болно. Энэ нь шударга бус наймаа мэт санагдахыг үгүйсгэхгүй. Гэвч эцсийн эцэст, хадгаламжийн данс дахь 50,000 төгрөг нь танаас гэнэт 500,000 төгрөгийн зардал шаардагдах үед ямар ч нэмэр үзүүлэхгүй. Бас нөгөө талаараа, мөнгөө хадгаламжийн дансандаа дарснаар та тэрхүү 50,000 төгрөгөө зарцуулдаг байсан цамц, тоглоом, кофе гэх мэт зүйлсээ авч чадахгүй болно. Давуу, сул талуудыг дэнсэлж, “хараал ид” гэж хэлээд тухайн мөнгөө авч, хүссэн зүйлээ худалдаж аван, шууд жаргалд умбах нь амархан ч дараа нь мөнгө хадгалах тэвчээргүй өөртөө сэтгэл дундуур үлдэнэ. Хадгаламж үүсгэж эхлэх дараагийн оролдлого бүрд дахин дахин нэг л ижил зүйлс давтагдсаар байхыг харах болов уу.
Төд удалгүй та өөрийнхөө хадгаламжгүй амьдралд уусан орно. Цалингаас цалингийн хооронд амьдарч, ирээдүйгээ хэдхэн чухал бус таашаалуудад алдсаар л..
Гэвч заавал ийм байх албагүй. Хэдэн арга мэх, зөв сэтгэлгээтэй байхад л та ямар ч хэцүү бэрх цагийг даван гарч чадах мөнгөний нөөцөө бүрдүүлж чадна. Дараах 5 зөвлөгөө танд тусалж чадна гэдэгт итгэлтэй байна.
Хамгийн эхэнд хийх ёстой зүйл бол гар хүрэхэд хол байдлаар хадгаламжийн данс үүсгэх. Өөрийнхөө болон нөөц мөнгөнийхөө хооронд зарим нэг саад, тусгаарлалт бий болгох хэрэгтэй.
Хэрэв та эзэмшдэг харилцах данстайгаа ижил нэг банканд хадгаламж үүсгэвэл, харилцах данс руугаа мөнгөө шилжүүлэн үрэхэд хэтэрхий амархан байх учраас хадгаламжийн дансаа харилцах данснаасаа өөр банканд байршуулаарай. Өөр банканд данстай байх нь хадгаламжаа цуцлах,үрэх шийдвэрээс таныг хамгаалдаг.
Мөн тусдаа байх, өндөр өгөөж бүхий хадгаламжийн данс нь энгийн, хугацаагүй хадгаламжаас хавьгүй илүү өндөр хүүтэй байдаг. Хүү нь эхэндээ бага байх ч гэлээ, таны санхүүгийн байдал нэмэгдэхийн хэрээр хүртэх өгөөж нь өсөж, урам өгөх болно.
Ихэнх хувийн санхүүгийн зөвлөгөөг харахад, бүгд л эцсийн зорилгыг голчилдог. Хэрэв та аялалд зориулж мөнгө хадгалж байгаа бол тэд таныг түрүүвчиндээ далайн эргийн зураг хий гэж хэлдэг. Эсвэл ухамсаргүй худалдан авалт хийх гээд байвал далайн ус хөлөөр тань гүйж байгааг төсөөл гэдэг. Юу хүсэж байгаагаа зурагла, тэгвэл таны хүсэл зориг таныг харамсуулахгүй гэдэг онол бий. Энэ арга нь хөгжилтэй зүйлсийн төлөө хадгалж байгаа тохиолдолд гайхалтай үр дүнтэй байдаг. Жишээ нь, бодит зүйлсийн тухайд буюу далайн эрэгт очиж амрах, эсвэл цоо шинэ утас гэх мэт. Гэхдээ энэ нь таны хамгийн чухал хадгаламжийн зорилгод тийм ч сайнаар тусахгүй. Магадгүй та түрийвчиндээ нүд халтирам автомашины осол эсвэл өндөр дүнтэй эмнэлгийн зардлын зураг хийж болно, гэвч ингэж амьдраад яах вэ дээ, тийм үү. Үүний оронд хийх ёстой зүйлсийнхээ үйл явцад анхаар, тэгээд үүнийг хийж чадаж буй өөрийгөө шагна. Магадгүй та үүнийг тодорхой цагаар, 3 сарын хугацаанд ч юм уу хийе гэж зоригло. Тэгвэл золиос нь ч тэр хэмжээгээр том санагдахгүйгээс гадна үүрдийн амлалт мэт санагдахгүй. 3 сар өнгөрсний дараа та аль хэдийн шинэ хэмнэлд орж, зогсох хүсэлгүй болно.
Зорилт тавихдаа бид нарын ихэнх нь алддаг нэг зүйл байдаг. Санхүү, бас мэргэжлийн хувьд болон өөр зүйлсэд ч хэт том, бүтэшгүй зорилт тавих юм.
Жишээлбэл, Хэрэв та дараа жил 20 килограмм жин хаяхаар шийдсэн гэж бодъё, дасгал байнга хийж, амтат бялуу идэхгүй байхад ч шууд ямар нэг үр дүн авчрахгүй байвал сэтгэлээр унахыг үгүйсгэхгүй. Бүр өнөөх зорилгоо орхиж ч магадгүй. (Та бялууг золиосолсон ч ямар үр дүнд хүрээгүй байна шүү дээ!) Гэвч, том үр дүн гаргахгүй байх нь та бүтэлгүйтэж байгаа гэсэн үг биш, жин нэмж хасахад маш олон хүчин зүйл нөлөөлдгийг бодох хэрэгтэй. Дан ганц дасгал, хооллолт бус гэнийн онцлог гэж таны хяналтаас гадуурх хүчин зүйлс бийг бодолцоорой.
Ингэхийн оронд, та ажил руугаа 7 хоногт ядаж 3 удаа дугуйгаар очих, 5 дахь өдөр бүр зөвхөн эрүүл салат л иднэ гэвэл энэ нь зохицуулахад хавьгүй амар. Дасгал хийх нь, жин хасах зорилготой ч бай, өөр зорилготой ч бай хүнд урам зориг өгдөг. Аз жаргалыг мэдэрч, бэлхүүсний тойргоо 3 сантиметрээр багасгаж чадаагүйдээ өөртөө бухимдах шаардлагагүй байдаг гэсэн үг. Яагаад гэвэл энэ нь таны тавьсан зорилт биш. Та үр дүнд биш харин процесст анхаарсан.
Мөнгөний зорилтууд тавихдаа ч ижил. Та дараа жил гэхэд 10,000,000 төгрөг хуримтлуулмаар байгаа гэж бодъё, үр дүн удаан гарч буйд эсвэл гэнэтийн саад бартаа таныг бухимдуулж, бууж өгөхөд хүргэж магадгүй. Үүний оронд та цалингаа авах бүрдээ хэдэн хувийг нь хадгалах зорилго тавивал илүү амжилтад хүрнэ.
Хадгаламжийн дүнгээ өсөхийг харах нь хадгаламж хийх урам зориг өгдөг.
Та цалин авах бүрдээ 50,000 төгрөг хадгалдаг бол, илүү их мөнгө хуримтлуулахад нэлээд хугацаа шаардлагатай болно. Гэвч танд санаандгүй байдлаар орж ирэх орлогын талаар багахан дурдъя. Жишээлбэл, ажлын газраасаа жилийн эцэст том урамшуулал авах, сугалаанаас мөнгө хожих, эсвэл аав, ээжээсээ төрсөн өдрийн бэлэг болгож мөнгө авах үе байдаг шүү дээ. Үүнийг та маш богино хугацаанд хадгаламжаа дорвитой нэмэгдүүлж чадах боломж гэж харахыг хичээгээрэй.
Төлөвлөөгүй орлогоо хадгаламжид хийснээр та хадгаламжийн дүнгээ юу ч биш өчүүхэн зүйл гэж харахын оронд хамгаалж, хөгжүүлэх ёстой зүйл хэмээн харж эхлэх болно.Тэр цэгт хүрсний дараа, хадгалах нь хавьгүй амар болдог. Төвөгтэй санагдахын оронд хийх дуртай зүйлийн нэг болж хувирдаг. Та магадгүй анх удаа, санхүүгийн аюулгүй байдал гэж юу байдгийг мэдэрнэ. Энэ нь маш гоё мэдрэмж, тиймээс та илүү ихийг авахыг хүснэ.
Сард 2 удаа авдаг цалингаасаа гадна, нэмэлт орлоготой байх нь маш урамтай. Ялангуяа урагшгүй, эсвэл өөрийн сонирхолгүй ажилд байгаа тохиолдолд. Таны төсөв хүлээгдэж буй орлого дээр суурилсан байдаг тул (цалингийн боол болсон бидний хувьд) тэр орлого нь таны хүссэн ямар ч зүйлд орж болно. Хадгаламжид тань хүртэл. Бүгд ашиг!
Цалингаасаа байнга хадгаламж руугаа мөнгө татдаг болж, гэнэтийн орлогоо шууд үрэхийн оронд хадгалах, орлогын хоёрдогч эх үүсвэр олох нь танд хадгалах дадлыг бий олгоно. Хийх тусам, бага багаар хялбар болно. Мэдээж шинэ дадал зуршил үүсгэх нь тийм амаргүй, гэвч аливаа дадал бүрэн хэвшсэний дараа орхиход түүнээс илүү хэцүү болдог. Хадгалахыг зуршил болгосноор танд үүрэгт ажил шиг санагдахаа болино.
Эх сурвалж: MoneyUnder30
Орчуулсан: Ч.Тэргэл
Сэтгэгдлүүд (0)