Э.Амарбаясгалан, Хөрөнгө Оруулалтын Тэргүүн Банкир, Ард Санхүүгийн Нэгдэл
Ард Санхүүгийн Нэгдлийн Хөрөнгө Оруулалтын Тэргүүн Банкир Э.Амарбаясгалантай ярилцлаа.
Ард салбаргүй үйлчилгээ үзүүлдэг бүс нутгийн финтек болно гэсэн алсын хараатай компани. Ард Аппыг та бүхэн мэдэж байгаа. Сая гаруй хүн ашигладаг санхүүгийн үйлчилгээ авдаг аппликейшн. Уг аппаас үнэт цаасны арилжаа, тэтгэврийн хуримтлал, онлайн дэлгүүрээс гадна зээл, төлбөрийн үйлчилгээ ч авч болно. Өөрөөр хэлбэл, Ард Аппаас бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг авах боломжтой болсон гэсэн үг. Уг аппликейшн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд маш том хувь нэмэр оруулж байгаа. Цахимаар хөрөнгө оруулалтаа хийгээд сурчихвал хөрөнгө оруулагч болох анхныхаа алхмыг тавьж байна аа л гэсэн үг.
Нэн түрүүнд биржүүд маш сайн үйл ажиллагаатай байх ёстой. Нөгөө талд бүтээгдэхүүн ч сайн байх ёстой. Тэр нь компаниудын хувьцаа гэсэн үг. Сүүлийн үед Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа маш идэвхтэй арилжаалагдаж байгаа. Монголын хөрөнгийн биржийн арилжааг харах юм бол өнгөрсөн жил зөвхөн Ардын хувьцаанууд 77 хувийг бүрдүүлсэн. Тэгэхээр бид ийм өндөр арилжаа хийдэг олон компанитай болмоор байна. Бусад компаниуд арилжааны идэвх өндөртэй, хувьцааны төвлөрөл нь буурч олон хувьцаа эзэмшигчтэй болчихвол хөрөнгийн зах зээл илүү сайн хөгжинө. Хөрөнгө оруулагч нарт маш арвин сонголт бий болно гэсэн үг.
Хамгийн чухал нь хөрөнгө оруулагчдын боловсрол. Хөрөнгө оруулагчид өөрсдөө хөрөнгийн зах зээлийг сонирхож, уншдаг судалдаг байх хэрэгтэй. Мөн яг юунд хөрөнгө оруулалт хийх вэ, яаж эрсдэлээ тооцох вэ гэдгээ мэддэг болсоны дараа хөрөнгө оруулагч үндэстэн болно.
Дэлхий тэр чиглэл рүү явж байна. Дэлхийтэй хөл нийлүүлж алхахын тулд бид цахим үндэстэн болохоос өөр замгүй. Ялангуяа манайх шиг жижигхэн, цөөн хүн амтай, дэд бүтэц сайн хөгжөөгүй оронд цахимаар бизнесээ явуулж, үйлчилгээгээ аваад бүх юмаа цахимаар хийчихдэг бол хөгжлийг хурдасгаж, үсрэлт хийх боломж байна.
Төрийн үйлчилгээнд сүүлийн үед E-Mongolia компанит ажил урагшлууллаа. Урд нь маш их очер дараалал болж, 1000 төгрөг тушаахын тулд банк явж, иргэдэд чирэгдэл учруулдаг байсан олон зүйл онлайн болж утсаараа шийдэх боломжтрй болсон. Ингэж хүний хөдөлмөрийг хэмнэсэн, үргүй зардлыг бууруулсан ажлууд цахим хөгжилд маш сайнаар нөлөөлнө.
Хүмүүс ярьдаг. Нотариатгүй болсон цагт цахим үйлчилгээ, үндэстэн болно гэж. Үнэндээ одоо ч бид цахим үнэмлэхтэй хэрнээ нотариатаар тамга даруулаад бас банкинд очиж мөнгө тушаадаг хэвээрээ байна. Ийм зүйлүүдээ шийдчихвэл урагшлах гээд байна.
Гадаадын хөгжсөн зах зээлийн арилжааг харвал компанийн хувьцаа ихээр арилжаалагдах нь эрүүлд тооцогддог. Юу эрүүл биш байна вэ гэвэл бусад компани энэ түвшинд арилжаалж чадахгүй байгаа асуудал. Яагаад гэвэл компаниудын хувьцааны төвлөрөл маш их байна. Хувьцаа авъя гэхээр 90 хувь нь хоёр, гуравхан хүний гар дээр төвлөрчихсөн байдаг. Үлдсэн 10 хувь нь зах зээл дээр арилжаалагдана. Тэр арилжааны дүн нь нийт арилжааны дүнгийн маш бага хувийг эзэлдэг. Тиймээс бусад компаниуд илүү сайн хөрвөх чадвартай, олон хувьцаа эзэмшигчтэй болмоор байна. Манайх гэхэд 60 гаруй мянган хувьцаа эзэмшигчтэй. Ийм олон хувьцаа эзэмшигчтэй компани манай хөрөнгийн зах зээл дээр ховор.
Сэтгэгдлүүд (0)