Санхүүгийн салбар 2021 онд гэнэтийн үйл явдлаар дүүрэн байлаа.
Та бүхэнд хөрөнгө оруулагчид, шинжээчдийг 2021 онд хамгийн ихээр гайхшруулсан үйл явдлууд болон тэдгээрийн 2022 онд авчирч болох үр нөлөөний таамаглалыг түүвэрлэн хүргэе.
Хөрөнгө оруулагчид, шинжээчид 2021 онд компаниудын орлого сэргэх хандлагатай гэж таамаглаж байлаа. Тэгвэл энэ жилийн сэргэлтийн цар хүрээ таамаглалыг давжээ.
Шинжээчид 2020 оны эцэст S&P 500 индексийн нэгж хувьцаанд ногдох ашиг 2021 онд 22 хувийн өсөлттэй байхаар таамаглаж байлаа. Жилийн эцсийн тайлан гараагүй байгаа ч одоогийн байдлаар ашиг 45 хувиар өсөх таамаглалтай байна. Энэ нь 2010 оны дэлхийн санхүүгийн хямралын дараах 40 хувийн өсөлтөөс өндөр үзүүлэлт юм.
2022 онд таамаглаж байсан эдийн засгийн сэргэлтийн зарим нь энэ онд аль хэдийн болж байгаа нь ирэх жилийн хөрөнгийн зах зээлийн таамаглаж байсан сэргэлтийн хурдыг багасгаж болзошгүй юм.
2020 онд цар тахлын үеэр санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа талаар мэдэгдэж байсан ч 2021 оны эхний 11 сарын турш АНУ-ын хөрөнгийн биржүүд 147.8 тэрбум ам.долларын хөрөнгийг IPO, SPAC зэргээр цуглуулсан. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс 2 дахин өссөн үзүүлэлт аж. Уг өсөлт нь олон нийтийн компаниуд хувийн хаалттай компаниудаар орлогдож болзошгүй гэх ойлголтыг няцааж байна. 2021 оны 4 дүгээр улирлын байдлаар дэлхий даяар 621 компани олон нийтийн компани болж өнгөрсөн жилээс 16 хувиар өсжээ.
2021 оны эхний 11 сарын байдлаар 20 гаруй орон Засгийн Газрын “Ногоон бонд” гаргасан байна. 10 сард Европын Холбоо анхны “Ногоон бонд”-оо гаргаж, 13.6 тэрбум ам.долларын үнэ бүхий бондыг борлуулжээ.
Хувийн хэвшлийнхэн ч мөн адил “Ногоон бонд” гаргасаар байна. Уур амьсгалд ээлтэй, технологийн гарааны бизнест оруулсан хөрөнгө оруулалт 2021 оны эхний хагаст 60 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 дахин өссөн үзүүлэлт юм.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теслагаас (TESLA) эхлээд дэлхийн тэргүүлэгч батарей үйлдвэрлэгч CATL-д хөрөнгө оруулагчид нэмэгдсэн байна. Мөн газрын тосны компаниуд устөрөгчийн технологийг судалж байна. Үүнээс харахад хөрөнгө оруулагчид “Ногоон” санхүүжилтэд ихээхэн ач холбогдол өгч байгаа бололтой.
Эх сурвалж: Economist сэтгүүл
Сэтгэгдлүүд (0)