Хүүхэд ойролцоогоор долоон настайгаасаа ирээдүйд санхүүгийн асуудлаас зайлсхийх чадамжийг ойлгож, суралцаж эхэлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Хүүхдэд багаас нь мөнгөтэй зөв харьцах ухааныг зааж сургах нь тэдний ирээдүйн санхүүгийн баталгаат байдалд маш сайнаар нөлөөлнө.
Англи улсын засгийн газрын MoneyHelper үйлчилгээний судалгаагаар хүүхдүүдийн мөнгөтэй холбоотой анхны туршлагууд нь тэдний ирээдүйн санхүүгийн зан үйлийг бий болгодог ба ихэнх хүүхдүүд долоон нас хүрэх үедээ мөнгөний үнэ цэнийг ойлгож, сэтгэл ханамжаа хойшлуулж зарим буруу шийдвэр нь ирээдүйд тэдэнд асуудал үүсгэх болно гэдгийг ойлгох чадвартай болохыг тогтоосон байна.
Судалгааны үр дүнд хүүхэд өөрийн насны онцлогт тохирсон тодорхой санхүүгийн шийдвэр гаргаж, мөнгө зарцуулах, хуримтлуулах туршлагатай болсноор тэдэнд мөнгөний тухай эерэг "оюуны зуршил" бий болдог байна. Энэ нь тэдний урьдаас мөнгөний зарцуулалтаа тооцоолон төлөвлөх, ирээдүйд санхүүгийн эерэг зан төлөвийг бий болгож өөрийн сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулах талаар суралцахад тустай байдаг.
Хүүхдэд мөнгөний тухай сургах хамгийн тохиромжтой газар бол дэлгүүр юм. Жишээ нь та онлайн дэлгүүр ашиглан захиалга хийж байгаа бол энэ нь цаанаа хэрхэн ажилладгийг тайлбарлаж, хэдийгээр бэлэн мөнгө ашиглаагүй ч таны данснаас мөнгө гарч байгаа гэдгийг худалдан авсан бүтээгдэхүүнийхээ талаар болон хүргэлтийн процессын тухай ярилцаарай.
Мөн та яагаад тухайн бүтээгдэхүүнийг сонгож авсан талаараа ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийн үнийн ялгаа болон үнэтэй бүтээгдэхүүн илүү чанартай байдаг уу? Брэнд гэж юу вэ? Үнийн зөрүү нь үнэ цэнтэй юу? гэх мэт сонирхолтой асуултаар хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцаарай. Мөн дараагийн удаа дэлгүүр хэсэх, хүнсээ цуглуулахдаа хүүхдээсээ тусламж хүсээд үзээрэй.
Жишээ нь: Хэрэв таны хүүхэд гар утас юм уу эсвэл өөр ямар нэгэн өндөр үнэтэй зүйл худалдан авахыг хүсэж байгаагаа хэлвэл “Тал мөнгийг нь тодорхой хугацааны дотор хуримтлуулж чадах юм бол үлдсэн 50 хувийг нь би даая” гэж хэлээрэй. Та хүүхдэдээ энэ мөнгөө бэлэглэж болно эсвэл хэсэг хугацааны дараа эргүүлж авахаар зээлдүүлж болно. Хүүхдээсээ юм харамлах танд хэцүү байна байх. Гэвч ингэснээр мөнгөний үнэ цэнийг маш сайн ойлгож мөнгөнд илүү тооцоотой, бодолтой хандана.
Бяцхан үрсийнхээ ирээдүйд нь ухаалаг хөрөнгө оруулалт хийж баярлуулаарай.
Багцын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Сэтгэгдлүүд (0)