Хөрөнгийн зах зээл сонирхогчдын анхаарлыг татаад буй банкны тухай хууль, нэмэлт өөрчлөлтүүд болон уг хуулийг даган иргэдийн дунд асуулт болж буй ойлголтуудыг уншигчдадаа товчхон хүргэхийг зорилоо. Дашрамд дурдахад энэ оны 6 сарын 30-ны дотор нийт хувьцааныхаа 20% хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй арилжаалах журмыг мөрдөх буюу IPO хийх ёстой ба 2023 оны 12 сарын 30 гэхэд банкны нэг хувьцаа эзэмшигч, түүний хамаарал бүхий этгээдийн хувьцаа 20 хувиас хэтрэхгүй байх дараагийн шатны үйл ажиллагаа тэднийг хүлээж байв. Тэгвэл уг хуулийн хэрэгжилт 1 жилээр сунгагдаж, 2023 оны 6 сарын 30-ны дотор хэмээн заагдсан ч нэгэнт IPO хийхэд бэлэн болсон банкуудад нээлттэй хувьцаат компани болж, бүтцийн өөрчлөлт хийх боломжийг сонголтоор үлдээгээд байгааг дуулгая.
Юуны өмнө,
Компани анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгох гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, цөөн тооны хөрөнгө оруулагчидтай байсан компани (ХХК) өөрийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож, арилжаалах үйл ажиллагаа юм. Эрх зүйн талаас нь авч үзвэл, хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) хэлбэрээ өөрчилж, хувьцаат компани (ХК) болохыг хэлдэг.
Арилжааны банкны талаарх ойлголт руу өнгийж нэг харвал..
Төв банк (Монголбанк)
Арилжааны банк гэсэн 2 шатлалт банкны тогтолцоотой.
Арилжааны банкны тухайд, харилцагчдын мөнгөн хөрөнгийг хадгаламж, харилцах данс хэлбэрээр өөртөө татан төвлөрүүлж, улмаар уг хөрөнгийг зээл олгох замаар санхүүгийн зуучлал эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээд юм. Банкны нийт хөрөнгийн 10 хувь нь тухайн банкны хувьцаа эзэмшигч эздийн өмч байдаг бол 90 хувь нь харилцагч, үйлчлүүлэгчдийн хөрөнгө тул төрийн хяналтыг Төв банкаар дамжуулан хэрэгжүүлдэг.
Тэгвэл,
Банкны эзэд 10 хувийг эзэмшдэг боловч харилцагчдын бүрдүүлж буй 90 хувийн хамт нийт 100 хувийн хөрөнгийн менежментийг хэрэгжүүлж байгаа нь банкны эзний хамааралтай бизнесийг давуу байдлаар санхүүжүүлэх замаар шударга бус өрсөлдөөн үүсгэдэг, харилцагчийн мэдээллийг бизнес хийхэд ашигладаг, хяналтын тогтолцоо муугаас хамааралтай этгээдүүддээ чанаргүй зээл ихээр олгож, банкийг дампууруулж, харилцагчдыг хохироосон гэх шүүмжлэл, жишээ байнга үүссээр ирсэн. Дээрх шалтгаанаар хууль тогтоогчийн зүгээс нэг хувьцаа эзэмшигчийн банкинд эзэмших хувьцааны дээд хязгаарыг 20 хувь гэж тогтоогоод байна. Банкны тухай хуульд оруулсан нэмэлт заалтад бусдын нэрийг ашиглан банкны хувьцааг шууд бус хэлбэрээр эзэмшихийг хориглосон нь өнөөгийн хувьцаа эзэмшигчийг хэлбэрийн төдий өөрчлөгдөхөөс урьдчилан сэргийлсэн зохицуулалт болжээ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Одоогоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 11 арилжааны банкууд нь хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүгдээрээ хувьцаат компани хэлбэрээр зохион байгуулагдаж, системийн нөлөө бүхий 5 банк зайлшгүй нээлттэй хувьцаат компани болох бол бусад 6 банк нээлттэй, эсвэл хаалттай хувьцаат компани болох хувилбараас өөрсдөө сонгохоор байна.
Харьцуулбал,
Өмнөх хуулиар тухайн банкны компанийн зэх зээл дэх хэлбэр ямар байх нь үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн сонголт байсан бол шинэ хуулиар Санхүүгийн Зохицуулах Хороонд нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөг ирүүлж, улмаар 2023 оны 6 сарын 30-ны дотор IPO (initial public offering) гаргаж, хувьцаагаа анхдагч зах зээлд гаргах үүрэг хүлээлгээд байна. Нээлттэй хувьцаат компанийн хувьцаа Хөрөнгийн бирж дээр өдөр тутам нээлттэй арилжаалагдах тул Монголын системийн нөлөө бүхий ТОП 5 банкны хувьцааг худалдан авах эрх бусдад нээгдэх бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хорооны хяналтад орж, үйл ажиллагааны мэдээлэл нь ил тод, нээлттэй болох юм.
Банкуудын Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) өмнө нь 9 гишүүнээс 1 нь хараат бус гишүүнтэй байсан бол шинэ хуулиар ТУЗ нь 9 ба түүнээс дээш гишүүнтэй байхаар зохицуулж, үүний гуравны нэгээс доошгүй буюу багадаа 3 хараат бус гишүүнтэй байхаар хуульчилжээ.
Монголбанкны зүгээс банкны лицензийг цуцлах, хяналт шалгалтыг бусад этгээдтэй хамтран цар хүрээтэй хийх, хувьцаа эзэмшигчийн эрхийг хязгаарлах эрх хэмжээ нэмэгджээ. Татан буугдаж буй банк дахь Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч нь хувьцаа эзэмшигчийн хувьцааны эрхийг хязгаарлах эрх нэмэгдсэнээр татан буугдаж буй банкны хөрөнгөөс төлбөрийг барагдуулах дараалалд зохих өөрчлөлт оруулж, харилцагч иргэдэд тэргүүн ээлжид төлбөрөө барагдуулах давуу эрх өгсөн байна.
Энгийнээр бодоод үзэхэд, хамгийн гол нэг хүчин зүйл бол Монгол хүн бүрийн мэддэг эдгээр банкууд олон нийтэд нээлттэй болсноор хөрөнгийн зах зээлийн идэвх илт сэргэх ба цаашлаад гадны хөрөнгө оруулалт орж ирснээр зах зээл өргөжиж, бусад компаниуд ч мөн нээлттэй болох замыг засагдана гэж мэргэлжилтнүүд үзэж байна.
Энэ талаар Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх Захирал Х.Алтай: “Манай хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.2 ихнаяд орчим байгаа бол банкууд IPO хийснээр энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдэж, 10 ихнаядад хүрэх боломжтой гэж үзэж байна. Одоогоор бид ДНБ-ий 15 орчим хувьтай тэнцэхүйц үнэлгээтэй байна. Тэгвэл цаашид ДНБ-ий 30 хувьтай тэнцэх хэмжээний үнэлгээтэй болно гэсэн үг. Энэ бол мэдээж маш том үсрэлт болно. Эдгээр банкууд олон тооны харилцагчтай учир өөрийн үйлчлүүлдэг банкны хувьцааг худалдаж авна. Улмаар хувьцаагаа хоёрдогч зах зээл дээр арилжаална. Ингэснээр арилжааны хувьд ч гэсэн тэлнэ.” хэмээжээ.
Аливаа үнэт цаасанд хөрөнгө оруулахдаа эрсдэл даах чадвартаа нийцүүлэн хөрөнгө оруулах, хөрөнгөө тараан байршуулах зэрэг үндсэн зарчмуудыг баримтлахыг урьтал болгоорой. Үүнээс гадна хувьцаа нь урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг сайтар тооцоолж, богино хугацаанд ашиг хүртэх зорилгоор хөрөнгө оруулалт хийж, эрсдэл хүлээхээс болгоомжлохыг зөвлөж байна. Нэн чухал нь, тухайн банкны үйл ажиллагаа, хэтийн зорилго, санхүүгийн үзүүлэлт, улирлын болон жилийн тайлан зэргийг сайтар судалж, хувьцааны үнэлгээ бодитой эсэхийг магадлах хэрэгтэй. Мэдээж, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч мэргэжлийн байгууллагуудаас туслалцаа авах боломжтой.
Нийтлэлийг: Б.Ганчимэг
Сэтгэгдлүүд (0)