Ард Менежмент ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ч.Хандаа
Хөрөнгийн зах зээл урт хугацаандаа өгөөж хүртээх чиг хандлагатай байдаг. Тиймээс ч хөрөнгө оруулагчид урт хугацаанд хуримтлал үүсгэн, баялгийг цаг хугацааны явцад бий болгох зорилгоор хувьцааг сонгож, хөрөнгө оруулалт хийдэг. Тухайлбал, 15 жилийн өмнө та Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекс дэх хувьцаанаас худалдаж авсан бол өнөөдөр таны хөрөнгө дунджаар 8 дахин өсөх байжээ. Харин богино хугацаанд хөрөнгийн зах зээл савлагаа өндөр байхаас гадна өсөлт, бууралтын аль аль нь явагдаж байдаг. Тэгвэл энэхүү цаг хугацааны эрсдэлийг багасгах хамгийн энгийн бөгөөд хялбар арга бол өртөг дундажлах арга юм.
Өөрөөр хэлбэл, хувьцааны үнээс үл хамааран тогтмол худалдан авалт хийж, урт хугацааны туршид хувьцааны өртгийг дундажлахыг хэлнэ. Жишээ нь, та 4 сарын турш сар бүр 100,000 төгрөгөөр аль нэг компанийн хувьцааг худалдаж авлаа гэж бодъё. Хэрэв сар бүрийн эцэст компанийн хувьцааны үнэ 1,000; 900; 800; 1,100 төгрөг байсан бол таны худалдаж авсан хувьцааны нэгжийн үнэ дунджаар 936.7 төгрөг байх болно. Хэрэв та эхлээд бүх мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийсэн бол таны хувьцааны ханш 1,000 төгрөг байх байсан. Ингэж өртгийг бууруулснаар хувьцааны үнэ өсөх үед та өндөр ашиг авах боломжтой бол үнэ буурах үед та бага алдагдал хүлээх юм.
АНУ-ын жишгийг авч үзвэл, ажиллаж буй хүмүүс өөрийн сонголтоор цалингаасаа урьдчилан тодорхойлсон тогтмол хэмжээгээр тодорхой хувьцаанд эсхүл хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулдаг. Тухайн ажилтны цалин буух үед тодорхой хэмжээний хувьцаа болон хөрөнгө оруулалтын санд цалингаас нь тогтмол дүнгээр хөрөнгө оруулалт хийдэг. Ингэснээр их хугацаа зарцуулахгүйгээр урт хугацаандаа тогтмол дүнгээр хөрөнгө оруулалт хийж чаддаг. Хэдийгээр энэхүү стратеги нь хялбар боловч зах зээл болон хувьцааны талаар сайтар судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийж байхыг зөвлөж байна.
Сэтгэгдлүүд (0)