Хөрөнгө оруулалтын сан гэж юу вэ?

Хөрөнгө Оруулалтын Сан нь бусдаас мөнгөн хөрөнгө төвлөрүүлж, мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр бусдаас төвлөрүүлсэн хөрөнгөөрөө хувьцаа, бонд зэрэг санхүүгийн хэрэгсэлд  үр ашигтайгаар хөрөнгө оруулах...

Хөрөнгө Оруулалтын Сан нь бусдаас мөнгөн хөрөнгө төвлөрүүлж, мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр бусдаас төвлөрүүлсэн хөрөнгөөрөө хувьцаа, бонд зэрэг санхүүгийн хэрэгсэлд  үр ашигтайгаар хөрөнгө оруулах байдлаар сангийн нэгж эрх эзэмшигчдэд өгөөж хүртэх боломжийг олгодог байгууллага юм. 

Хамтын Хөрөнгө Оруулалтын Санг (ХОС) хөрөнгө оруулалтын менежментийн компани удирддаг. Өөрөөр хэлбэл, таны хөрөнгийг мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежер удирдана гэсэн үг юм. Та хөрөнгө оруулагч болох хүсэлтэй ч шаардлагатай судалгаа, шинжилгээг хангалттай түвшинд хийхгүй л бол оновчгүй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулснаар өөрийн хөрөнгөө алдах эрсдэлтэй тул сангийн нэгж эрхийг худалдан авч, өөрийгөө эрсдэлээс хамгаалах боломжтой. 

Үүнээс гадна хөрөнгө оруулъя гэсэн ч хөрөнгийн хүрэлцээ дутмагаас шалтгаалан сонголт хязгаарлагдмал байх нь элбэг. Харин сан нь олон тооны хөрөнгө оруулагчдаас мөнгөн хөрөнгө төвлөрүүлдэг тул хөрөнгө оруулалтын багц нь олон төрлийн санхүүгийн хэрэгслээс бүрдэнэ. Харин хөрөнгө оруулагч та сангийн нэгж эрх эзэмшигч тул олон тооны санхүүгийн хэрэгслээс бүрдсэн багцаас өгөөж хүртэх боломжтой. Мөн олон тооны санхүүгийн хэрэгслээр багцыг бүрдүүлж буй нь хөрөнгө оруулалтын төвлөрлөөс үүсэх эрсдэлийг хязгаарладаг. 

Хамтын Хөрөнгө Оруулалтын Сангийн нэгж эрх гэж юу вэ? 

Нэгж эрх гэдэг нь компанийн хувьд хувьцаатай ижил ойлголт хэдий ч сангийн гүйцэтгэл нь цэвэр тухайн сангийн хөрөнгө оруулахаар шийдсэн санхүүгийн хэрэгслүүд буюу сангийн багцын гүйцэтгэлээс хамаардаг. Сангийн багц нь олон тооны компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгслүүдээс бүрддэг. Сангийн нэгж эрх гэдэг нь сангийн хөрөнгөөс өмчлөх хувь хэмжээг гэрчилсэн, менежментийн компаниас гэрээнд тусгасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхийг олгодог, саналын эрхтэй, татан буулгах үед ногдох хөрөнгөө авах эрхийг гэрчилдэг, нэрийн үнэт цаас юм. 

Монгол Улсын Хөрөнгө Оруулалтын Сангийн тухай хуульд нэгж эрхийг дараах байдлаар тодорхойлжээ: 

4.1.7.“нэгж эрх” гэж хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалтын санд оруулсан хөрөнгийг өмчлөх эрхийг гэрчлэх нэрийн үнэт цаасыг; 

23.2.Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх нь тухайн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох боловч хөрөнгө оруулалтын сангийн тодорхой хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй. 

Нэгж эрхийг хэрхэн эзэмших вэ? 

ХОС-г хувийн ба хамтын гэж ангилдаг. Хамтын ХОС нь нийтэд нэгж эрхээ санал болгох байдлаар олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлдэг бол хувийн ХОС нь нэгж эрхээ олон нийтэд санал болгодоггүй. Компанитай адилтгавал хувийн ХОС нь хаалттай компани, хамтын ХОС нь нээлттэй компани юм. 

Тиймээс хэрвээ та хамтын ХОС-ийн нэгж эрхийг эзэмшихийг хүсвэл сангийн нийтэд санал болгож буй нэгж эрхээс худалдан авах боломжтой. Нэгж эрхийг анх нийтэд санал болгох процесс нь IPO-тэй төстэй бөгөөд ХОС нь нэгж эрхийн танилцуулгыг олон нийтэд танилцуулах ба нэгж эрхийг та арилжаа эрхлэх байгууллагаас эсвэл хөрөнгө оруулалтын сангаас шууд худалдан авч хөрөнгө оруулж болно. 

Нэгж эрхийн эзэмшигч болсноор та тухайн ХОС-гийн гишүүн болох ба Монгол Улсын Хөрөнгө Оруулалтын Сангийн тухай хуульд: 

4.1.10.“хөрөнгө оруулалтын сангийн гишүүн” гэж тухайн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулж сангийн нэгж эрхийг эзэмшигч иргэн, хуулийн этгээдийг; гэж заажээ.  

Нэгж эрхээ буцаан худалдах, арилжих боломжтой юу?  

Хамтын ХОС-г нээлттэй ба хаалттай гэж ангилдаг. Бид энэ удаад хамтын нээлттэй Хөрөнгө Оруулалтын Сан Монгол Улсын хөрөнгө оруулагчдад нэгж эрхээ санал болгох гэж буйтай холбоотойгоор нээлттэй сангийн нэгж эрхийн арилжааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.  

Нээлттэй ХОС нь хөрөнгө оруулагчийн хүсэлтээр нэгж эрхээ нэмж гаргах ба хөрөнгө оруулагч өөрийн нэгж эрхээ буцаан сандаа худалдах хүсэлтийг гаргах үед сан нь эргүүлэн худалдан авах үүргийг хүлээдэг. Ингэснээр Нээлттэй ХОС-ийн нэгж эрх эзэмшигчид хүссэн үедээ санд нэгж эрхээ буцаан худалдаж мөн хүссэн үедээ сангаас нэгж эрх худалдан авдаг. 

Хөрөнгө Оруулалтын Сангаас хэрхэн ашиг хүртэх вэ? 

Хөрөнгө оруулагч нь ногдол ашгаар болон ХОС-ийн үйл ажиллагаа дуусгавар болоход нэгж эрхэд ногдох хөрөнгийн буцаан хуваарилалтаар ашиг хүртэх боломжтой. Үүнээс гадна нээлттэй хамтын ХОС-ийн хувьд нэгж эрхээ ХОС-д буцаан худалдах үеийн сангийн цэвэр хөрөнгийн үнэ цэнээс хамааран ашиг хүртэх боломжтой. 

Монголд хамтын ХОС хэр олон байдаг вэ? 

Өнөөдрийн байдлаар нийт 22 хөрөнгө оруулалтын сан бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээр ХОС-ууд нь хувийн хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Харин 2020 онд Ард Менежмент ҮЦК нь Үндэсний Хувьчлалын Сан, хамтын ХОС-г байгуулж, хөрөнгө татан зөвшөөрлөө Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан нь анхны хамтын  хаалттай ХОС болсон байдаг. Тэгвэл 2022 оны 5 сард мөн Ард Менежмент ҮЦК нь Хөрөнгө Оруулагч Үндэстэн хэмээх Хамтын нээлттэй Хөрөнгө Оруулалтын Санг үүсгэн байгуулж, нэгж эрхээ олон нийтэд санал болгох зөвшөөрлөө авсан. Ингэснээр Монгол Улс дахь анхны хамтын нээлттэй ХОС-ийн нэгж эрхийг бид тун удахгүй олон нийтэд санал болгох боломж нээгдээд байна. 

Хөрөнгө оруулалтын сангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах ЭНД дарна уу.

Сэтгэгдлүүд (1)

    Сарантуяа
    ·2024 оны 10 сарын 14, 16:12
    Цэнхэр тасалбар нэгж эрх болж чадах уу

Холбоотой нийтлэлүүд

featured
2022 оны 03 сарын 5, 04:00

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

featured
2022 оны 03 сарын 28, 04:00

Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

featured
2020 оны 04 сарын 22, 04:00

Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

featured
2020 оны 05 сарын 21, 04:00

Анжел хөрөнгө оруулагчид