Хувьцаа нь аливаа нэгэн компанид оруулсан хувь, хэмжээгээрээ хувь эзэмшиж буйг баталж буй, арилжигдах боломжтой үнэт цаасыг хэлдэг. Хувьцаа эзэмшигч болсноор, хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад өөрийнхөө нэрийг дэвшүүлэх, цаашлаад жил бүр ногдол ашиг авах эрх үүснэ. Эдгээрээс гадна, хэрвээ компани нь нэмж үнэт цаас гаргавал хувьцаанаас нь тэргүүн ээлжинд авах боломжууд ч нээлттэй болдог.
Та хувьцаа эзэмшигч болсноор нэгдүгээрт, ханшийн зөрүүнээс ашиг олох боломжтой мөн хоёрдахь хэлбэр буюу хөрөнгө оруулалт хийсэн компани нь ашигтай ажиллавал жил бүр хувьцааныхаа ногдол ашгийг хүртэх замаар 2 төрлийн ашиг хийх арга байдаг. Сонгосон компанийнхаа хувьцааг худалдан авснаар, тухайн компанийг өсөж дэвжихэд нь өөрийн бодит хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Үүнээс гадна Хөрөнгийн зах зээл дээр ханшийн хэлбэлзэл гэдэг зүйл байдгийг мэдэж авснаар алдагдал хүлээхгүй байхад тань тусална. Учир нь, хувьцааны үнэ өсөж буурах үе бий. Хэрвээ үнэ буурч байгаа үед нь эзэмшлийнхээ хувьцааг өөрийн анх авсан үнээс доогуур үнэлж зарвал алдагдал хүлээнэ, харин зарахгүйгээр өсөхийг нь хүлээж, тухайн хувьцааны ханш анхны үнээсээ дээш гарсан үед нь зарвал ашиг хүлээдэг.
Хөрөнгө оруулах компаниа сонгохын тулд эхлээд одоогийн эдийн засгийн орчин ямар түвшинд байхад тухайн компанийн үйл ажиллагаа явуулдаг салбар нь хэр ашигтай явж байна вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Салбар дундаа тухайн компанийнхаа санхүүгийн үйл ажиллагааны тайланг маш сайн уншиж танилцах нь чухал. Мөн зөвхөн салбар нь сайн гэсэн дүгнэлтэд тулгуурлан компани сонгох нь оновчтой биш. Тухайн компанийн засаглал, гүйцэтгэх удирдлага хэрхэн ажилладаг, хамт хувьцаа эзэмшиж буй хөршүүд тань ямар хүмүүс байна, дангаараа том хувьцаа эзэмшигч байна уу, жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд ямар зарчим баримталдаг зэргийг анхаарч үзэх хэрэгтэй.
Сэтгэгдлүүд (1)