Банкны салбар тэлсээр... 2023 онд банкны салбарын нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23%-иар өсжээ. Системийн нөлөө бүхий 5 банк нийт салбарын 90%-ийг бүрдүүлсэн ба Хаан банк дийлэнхийг нь буюу 31%-ийг эзэлж байна.
Хамгийн өндөр өсөлттэй нь Хасбанк. 5 банкнууд дундаас Хасбанкны нийт хөрөнгө хамгийн ихээр буюу 30%-иар өссөн байна. Үүнд тус банкны зээлийн багц 1 жилийн хугацаанд 36%-иар өсөж ₮2.7 их наядад хүрсэн нөлөөлжээ.
Харин Хаан банкны нийт хөрөнгө 2023 онд хамгийн багаар буюу 15%-иар л өссөн байна. Үүний шалтгаан нь магадгүй уг банкны хөрөнгө хэт өндөр дүнтэй тул бусад банкнуудтай харьцуулахад багаар өссөн байж болох юм. Гэхдээ л энэ нь ₮2.3 их наядтай тэнцэж байгаа нь ДНБ-ий 3.3%-тай дүйцэж байгаа юм.
Голомт банкны цэвэр ашиг хамгийн их өсжээ. Голомт банкны цэвэр ашиг 2023 онд 80%-иар өсөж ₮180 тэрбумд хүрсэн байна. Энэхүү өсөлтөд бусад хүүгийн орлого 998%-иар өссөн болон арилжааны орлого 164%-иар өссөн дийлэнхүү нөлөөлжээ.
Төрийн банкны цэвэр ашиг 9%-иар агшжээ. Төрийн банкны хүүгийн орлого хэдийгээр 23%-иар өссөн ч хүүгийн зардал 40%-иар өссөн болон хүүгийн бус орлого 7%-иар буурсан нь тус банкны ашиг агшихад нөлөөлжээ.
Топ 5 банкнууд дундаас Худалдаа Хөгжлийн Банкны PB харьцаа 1.26 буюу 1.00-ээс илүү байгаа нь хувьцааг харьцангуй үнэтэй байгааг илтгэж байна. Харин ROE харьцаа нь бусад банкнуудтай харьцуулахад бага өгөөжтэйг харуулж байна.
Хаан банкны хувьцаа бодит үнэлгээндээ ойрхон байгаагаас гадна хамгийн өндөр өгөөжтэй байна. Харин Төрийн банкны хувьцаа хямд байгаа болов ч өгөөж багатай байна.
2023 онд Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮518.4 тэрбумын хувьцааны арилжаа явагдсаны 9.6% нь дээрх 5 банкнууд байжээ. Арилжааны дүнгээр нь жагсаан харвал:
Хаан Банк: ₮18.8 тэрбум
Худалдаа Хөгжлийн Банк: ₮15.1 тэрбум
Голомт Банк: ₮13 тэрбум
Төрийн Банк: ₮1.6 тэрбум
Хас Банк: ₮900 сая
Сэтгэгдлүүд (0)