Технологийн салбарын аварга: Технологийн салбарын аваргуудын нэг болох Nvidia компани өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт 2024 оны эхний улирлын тайлангаа танилцуулсан бөгөөд хувьцааны ханш нь 9 хувиар өсөж түүхэн дээд хэмжээ буюу 1000 долларыг давж, зах зээлийн үнэлгээ нь 2 их наяд доллароос давлаа. Тус компанийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс гурав дахин нэмэгдэж 26 тэрбум долларт хүрч, цэвэр ашиг нь 7 дахин нэмэгдэж 14.88 тэрбум долларт хүрчээ.
Юу нөлөөлөв: Nvidia-н хийсэн чипүүд нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд маш том түлхэц өгсөн. Харин чип үйлдвэрлэлээ зогсооход бараг бүх томоохон салбарын үйл ажиллагааг тасалдуулах боломжтой. Гүйцэтгэх захирал Женсен Хуан аж үйлдвэрийн шинэ хувьсгалын эхлэлийг зарлаж, Nvidia 1 их наяд доллароор "AI үйлдвэр" босгохоо мэдэгдлээ. Хиймэл оюун ухаан нь бараг бүх салбарт бүтээмжийн мэдэгдэхүйц өсөлтийг үзүүлж, компаниудыг илүү зардал, эрчим хүч хэмнэхэд тусалдаг бөгөөд Nvidia-ийн хамгийн том хэрэглэгчид болох Alphabet-ийн Google, Microsoft, Amazon зэрэг үүлэн тооцооллын томоохон компаниуд Nvidia-ийн дата төвийн орлогын 45 орчим хувийг буюу 10 тэрбум гаруй долларыг бүрдүүлдэг гэж мэдэгдэв. Эдгээр технологийн аварга компаниуд нь бүгд 2024 оны эхний улирлын тайландаа AI дэд бүтцэд илүү их хөрөнгө оруулах шаардлагатай гэж үзэн ойрын хугацааны хөрөнгийн зарцуулалтын таамаглалыг онцлон тэмдэглэсэн нь nvidia-ийн хувьцааны ханшийн өсөлтөд нөлөөлжээ.
Цаашид энэхүү өсөлтөө хадгалж үлдэх үү? Хиймэл оюун ухааны хамгийн том платформууд болох OpenAI-ийн Chat GPT нь хүнтэй төстэй текст үүсгэх чадвараараа хэрэглэгчдийг гайхшируулсны дараа Nvidia-н борлуулалт нэг жилийн өмнө огцом өссөн. Open AI нь Chat GPT үүсгэхийн тулд Nvidia-ийн мянга мянган AI чипийг ашигласан гэж шинжээчид үзэж байгаа ба томоохон технологийн компаниуд болон хиймэл оюун ухаант стартапууд Nvidia-ийн аль болох олон чип худалдаж авахаар улайрч байгаа нь өсөлтөө хадгалж үлдэх боломжтой хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.
Шинэ загварын хүлээлт өмнөх загварын эрэлтэд нөлөөлсөнгүй: Nvidia хоёр сарын өмнө хөгжүүлэгчдийн бага хурал дээр Blackwell нэртэй AI чипийг танилцуулсан боловч энэ оны эцэс хүртэл худалдаанд гаргахгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс ойрын хугацааны борлуулалтад сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн үзэж байсан хэдий ч одоо худалдаалагдаж буй H100 нэртэй AI чипийг Tesla, Meta Platforms болон бусад технологийн компаниуд хиймэл оюун ухааны хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийн тулд хэдэн мянган ширхгийг худалдаж авахаар төлөвлөж байгаагаа энэ жил мэдэгдсэн зэрэг нь тус компанийн борлуулалт улам өсөх үндэс суурь болсоор байна.
Эцэст нь: FactSet-ийн тооцоолсноор Nvidia-ийн жилийн дата төвийн орлого одоогийн 66 тэрбум доллартой харьцуулахад ирэх онд 100 тэрбум ам.долларт хүрнэ гэж Уолл Стрийт таамаглажээ. Гэсэн хэдий ч Nvidia-ийн хамгийн том сорилт нь бизнесийнх нь өөрчлөлттэй холбоотой өндөр хүлээлтийг зохицуулах явдал бөгөөд хувьцааны ханшийг тогтвортой байлгахын тулд Уолл стрийтийн таамаглалыг 1.5 тэрбум доллароор давуулах шаардлагатай хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.
Дэлгэрэнгүйг: Ard News
Сэтгэгдлүүд (0)