Цахилгаан дамжуулагч металл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсаар л... Гэвч зэсийн өсөлтийн шалтгаан болоод байсан хомсдол өнгөрсөн сараас сэргэж буй төлөвтэй. Хөрөнгө оруулагчид энэ жил зэсийн хомсдол бий болно гэсэн таамаглалтай байсан нь эрт хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс ашиг хүртэх боломжийг бүрдүүлж, харин хожим орж ирсэн хүмүүс тийм ч их ашиг олсонгүй.
Өнгөрсөн сарын 20-нд Лондонгийн Металлын Бирж (LME) дээр зэсийн үнэ нэг тонн нь 11,100 орчим долларт хүрч, жилийн эхнээс хойш 29 хувиар өссөн байна. Энэхүү үнийн өсөлт нь уул уурхайн салбарын тэргүүлэгч компани болох BHP нь Anglo American-той хамтрах сонирхолтой байсан ба түүхэн дэх хамгийн том уул уурхайн хэлцэл болж магадгүй гэдгээрээ онцлог байлаа. Эдгээр хүчин зүйлс нь зэсийн хувьд мөн л чухал мөч болж байгаа гэдэгт итгүүлээд байв. Хэсэг хугацаа өнгөрөв. Гэсэн хэдий ч BHP хамтрах санал тавьсангүй. Харин зэсийн спот үнэ оргил үеэсээ 14 хувиар буурсан байна.
Шалтгаан нь юу байв?, Хаврын үнийн өсөлт нь зэс хэрэглэгчдээс илүү хөрөнгө оруулагчдын нөлөөгөөр хөдөлсөнд байгаа юм. 4 сарын эхнээс 5 сарын дунд үе хүртэл Нью-Йорк дахь зэсийн фьючерс 26.4 хувиар өссөн ба зах зээлийн тренд дагаж арилжаанд оролцдог арилжаачид болон түүхий эдийн худалдааны зөвлөхүүд мөн л зэсийн нийлүүлэлтийн хомсдолд итгэн орсонтой холбоотой билээ.
Оны эхнээс өнгөрсөн сарын дунд үе гэхэд Лондонд LME дээрх лонг позиц 5,300 лотоос 71,900 лот болтлоо өссөн гэж Fastmarkets мэдээлэв. (1 лот = 25 тонн зэс). Энэ нь зэсийн өсөлтийн эсрэг байр суурьтай байсан арилжаачдад цохилт өгөв. Гэвч хэт үнийн өсөлт нь зарим үйлдвэрийг зэсийн худалдан авалтаа хойшлуулахад хүргэв.
Төсөөлөл өөрчлөгдөв. Оны өмнө хөрөнгө оруулагч, арилжаачид зэсийн хомсдол цаашид бий болно гэсэн хүлээлттэй байсан хэдий ч нийлүүлэлтийн хомсдол үүсэх нь тодорхойгүй болов. Панамын томоохон зэсийн уурхай болох “Кобре Панама”-ын үйл ажиллагаа зогсоогдсон нь асуудал үүсгээд байсан боловч хэрэв ирэх оны эхээр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж эхэлбэл зах зээлд 1.8 хувийн нийлүүлэлтийг бий болгох боломжтой. Мөн зэсийн томоохон эрэлтийг бий болгогч Хятад улсын эдийн засгийн удаашрал мөн, дотооддоо зэсийн эрэл хайгуулыг эрчимтэй явуулж байгаа гэх зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан зэсийн эрэлт багасав.
Эх Сурвалж: Ard News
Сэтгэгдлүүд (0)